Гайхамшгийг дэлгэсэн үзэсгэлэн

XVII зууны үеийн Монголын соёл, шашны нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон байсан “Сарьдагийн хийд”-ийг байгуулсан хэв маягаар нь анх удаа үзүүлж байгаа маш сонирхолтой нэг үзэсгэлэн Монголын үндэсний түүхийн музейд нээгдээд байна.

Шинжлэх ухааны академийн түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулууны ахласан эрдэмтэд, судлаачдын баг 2013-2018 он буюу бүтэн зургаан жилийн турш Өндөр гэгээн Занабазарын бүтээн байгуулсан “Сарьдагийн хийд”-д хээрийн малтлага судалгааг хийжээ.

“XVII зууны суурин” хөтөлбөрийн хүрээнд хийсэн энэхүү томоохон судалгааны дүнд түүхэн цаг үеийг тодруулах, цаашид олон эд зүйлийг олох, түүнийгээ судалгааны эргэлтэд оруулахын эхлэл содон сонин бурхад тэргүүтэй олдворуудыг үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байна.

Тэдгээрийн дотор язгуурын 300 орчим бурхан, мөн үлэмж хэмжээний бурхадын хэсэг, сац, шүншгийн эд өлгийн олон арван олдвор байгаа юм.

Бас бурхдаас гадна 1600-гаад онд Орост үйлдвэрлэгдсэн буу, мөн XIII зууны үеийн таван нүдэн хээтэй сумны зэв, тухайн үед зөвхөн Европод хэрэглэгдэж байсан нарны цаг, Моголын эзэнт улсын худалдааны зоос, язгууртан хүмүүсийн эдлэл хэрэглэл, шаазан ваар сав малтлагаар олджээ.

Энэ тухай академич С.Чулуун тодруулж хэлэхдээ

“Бага Хэнтийн нурууны тагт, бөглүү тайгын дунд одоогоос 300 жилийн өмнө Монголчууд уран барилгын ийм гайхамшигтай хийд барьж байгуулсныг бид олж мэдлээ. Чухамхүү уран барилгын хийц бүтээл байжээ гэдэг нь тэндээс олдсон хээ угалз бүхий багана, хаалга, тооно, дээврийн тоосго зэрэг үнэт олдвороос харагдаж байгаа. Бас тэнд үлэмж том 7-8 метр өндөр хэмжээний бурхан байсан гэдэг нь уг бурханы хөлийн хэсэг, гарын сарвууны олдвороос төсөөлөгдсөн юм. Сарьдагийн хийдийг 1654-1686 онд буюу 30 гаруй жилийн турш барьж байгуулсан байдаг ч тухайн үеийн зөрчлөөс шалтгаалж баригдсанаасаа ердөө хоёр жилийн дараа нурааж сүйтгэгдсэн юм билээ” гэж ярив.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Надмид


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.