Долоо хоногийн онцлох үйл явдлууд
УИХ тарахаар гишүүд гарын үсэг цуглуулж буй тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт намжмал байдалд орлоо. Харин телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт уригдсан Ц.Сандуй, Д.Мөнх-Эрдэнэ нартай холбоотой  мэдээллүүд өнгөрсөн долоо хоногт үргэлжлэв. Тухайлбал, Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ “Улаан бал” нэвтрүүлэгт орж, ярилцлага өгөхдөө  УИХ-ын гишүүн Ж.Батзандан гишүүнийг ах дүүсээ төрд шургуулсан гэдгийг онцолсон. Үүнтэй холбогдуулан гишүүн Ж.Батзандан “Д.Мөнх-Эрдэнийг АТГ-т шалгуулна” гэдгээ мэдэгдлээ. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

 
Ирэх оны төсвийг өргөн барилаа

 
Засгийн газар 2020 оны улсын төсвийн төслийг хэлэлцэн, өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барив.   Төсвийн алдагдлыг үе шаттайгаар жил дараалан бууруулснаар 2020 онд төсвийн алдагдлыг тогтвортой байдлын тухай хуулийн хязгаарт багтаан ДНБ-ий -5.1 хувь байхаар төлөвлөсөн байна. Цаашид 2021 онд ДНБ-ий -2.8 хувь, 2022 онд -1.4 хувьд хүргэн, 2023 оноос ашигтай байхаар төлөвлөжээ.
 
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу:
 
1.    Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон байх;
2.    Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 2020 онд тухайн жилийн ДНБ-ий 5.1 хувиас илүүгүй байх;
3.    Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь ДНБ-ий 75.0 хувиас хэтрэхгүй байх;
4.    Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн хувь тухайн жилийн өмнөх 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх; гэсэн 4 тусгай шаардлагыг хангаж, 2020 оны төсвийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь -2.074.7 тэрбум төгрөг байгаагаас гадаад зээлийн ашиглалтын 1.296.3 тэрбум төгрөг нь эх үүсвэртэй алдагдал аж. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын сангаас нийт 478.8 тэрбум төгрөгийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглахаар тусгасан байна.

Монгол Улсын Засгийн газар 2020 онд алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гадаад, дотоод бонд гаргахгүй аж. 

Ирэх онд гааль, татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, газрын бүртгэлийг цахимжуулан, газрын төлбөр хураалтыг сайжруулж, төсвийн орлогын эх үүсвэрийг бүрэн дайчилснаар нэгдсэн төсвийн нийт орлогыг энэ оны батлагдсан нийт дүнгээс 1.8 их наяд төгрөг буюу 16.6 хувиар нэмэгдүүлэн 12.9 их наяд төгрөг байх, нийт зарлага 13.9 их наяд төгрөг байхаар тооцжээ.
Д.Мөнх-Эрдэнийг АТГ-т шалгуулна

ШИНЭ намын дарга УИХ-ын гишүүн Ж.Батзандан Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнийг “Д.Мөнх-Эрдэнийг АТГ-т шалгуулна” гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “2013-2014 онд эрүүгийн хоёр хэрэгтэй нөхөр надыг УИХ-ын гишүүн байхад авраач гээд уйлаад ирсэн. Монголын төмөр замд хулхи бараа зарсан, найзыгаа зодсон нэрээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн байлаа. УИХ-ын гишүүн “бетон” Ганбат намайг явуулах гээд байна, аварч өгөөч гэж хэлж байсан. Тун удахгүй энэ хоёр хүнийг Ц.Элбэгдорж консулаар томилсон. Галбадрахыг Санфранцискогийн, Мөнх-Эрдэнийг Хөх хотын консулаар томилсон. АН-ынхан тун гайхаж, шүүмжлэлтэй хандаж байсан. Д.Мөнх-Эрдэнэтэй танилцсан түүх энэ. Дипломат албанд мэдлэггүй хүмүүсийг томилж, хар тамхины наймааг хийлгэх гэж явуулсан. Д.Мөнх-Эрдэнэ ямар ч боловсролгүй, архи уухаараа хүн зодно, эрүүлдээ хүн гүтгэнэ.
 Хятадын компаниас хөрөнгө оруулалт татаарай, надыг дэмжээрэй гэсэн хэлсэн гэсэн. Би гаднын хөрөнгө оруулагчийг Монголдоо татаарай гэж би дипломатуудаас гуйдаг.  Д.Мөнх-Эрдэнэ шиг, н.Галбадрах шиг нөхөр төрд хэрэггүй, хөөж явуулсан нь зөв.
 Д.Мөнх-Эрдэнэ манай зөвлөх Амарсайхан руу ярьж, өөрт нь 20 сая, надад 100 сая төгрөг надад хятад хүнээр өгүүлэхээр гэж яриулсан. Би энэ гэмт хэргийг шалгуулахаар АТГ-т шилжүүлж байна” гэлээ.
 
Байраа “мартсан” хурандаа Э.Бөхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын Э.Бөхбатын эзэмшлийн байранд автомат тоглоомын газар ажиллуулдаг байсан тухай мэдээлэл цахим хуудсаар тархсан.
 Тэрбээр тухайн байраа  2017 оны 1-р сарын 1-ний өдрөөс иргэн Б.Гантулгад түрээслүүлсэн. Түрээслэгч Б.Гантулга нь 2018 оны 11-р сараас давхар түрээсийн гэрээ хийсэн аж. Гэтэл шинээр түрээсэлсэн хүмүүс нь тухайн байранд хууль бус тоглоомын газар ажилуулж байсан гэдгийг хурандаа Э.Бөхбат мэдэгдсэн.
 Тэрбээр хуулийн  байгууллага уг асуудлыг шалгаж, үнэн зөвийг тогтоох хүртэл Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын үүрэгт ажлаас түдгэлзүүлэх өргөдлөө өгч, шалгуулахаар болсноо цахим хуудсаараа мэдэгдээд байв.
 Өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатыг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь түр чөлөөлжээ.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.