Х.Баттулга: ДНБ-ий ядаж 1 хувийг эрдэм судлалын ажилд зарцуулах хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдсан Монголын Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хуралд оролцож, үг хэллээ.

Шинжлэх ухааны ажилтнууд анх удаагаа салбарын хэмжээнд цуглаж, төр засгийн оролцоотойгоор тодорхой бодлого шийдвэр гаргахаар хоёр өдрийн турш хуралдсан юм. Энэ чухал хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохдоо шинжлэх ухааны ажилтнуудыг төр засагт үг, үйлдлээ хүргэдэг, салбартаа ногдох төсвийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаардаг тодорхой механизм бий болгож ажиллахыг  уриалсан юм.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа,

Монголын оюун ухааны охь, эрдэм мэдлэгийн ундарга болсон эрдэмтэн судлаачид Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

Эрдэмтэн судлаачдынхаа санал санаачилга, судалгаа шинжилгээний үр дүн, тулгарч буй саад бэрхшээл, ирээдүйн төсөөлөл, төлөвлөгөөг сонсохоор энэхүү анхдугаар Их хурлыг зохион байгуулж байгаад баяртай байна.

Мөн энэ Их хурал Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм байна. Тэрбээр сая хэлсэн үгэндээ төр засгаас эрдэмтэн судлаачдынхаа үйл ажиллагаанд анхаарал хандуулж ажиллах талаар ярилаа. Энэ механизмыг өнөөдрийн хурлын үр дүнд бий болоосой гэж хүсэж байна.

Монгол Улс сүүлийн 30 орчим жилийн туршид эрдэмтэн судлаачдаа сонсолгүй өдийг хүрсэн байна. Эрдэмтдийнхээ судалгаа, үйл ажиллагааг дэмжилгүй өнөөг хүрлээ. Эрдэмтдийн бүтээл, санал онолыг анхаараагүй, эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны салбарт асар бага төсөв хуваарилдаг учраас бидний хөгжлийн өнөөгийн өнгө төрх энэ байгаа юм. Аливаа улс орны хөгжил, алдаа багатай шийдэл, алсыг харсан зөв бодлого бүр эрдэмтэн судлаачидгүйгээр алхам ч явахгүйг хүн төрөлхтний хөгжлийн түүх гэрчилнэ.

Монголчууд бид энэхүү үзэл санааг аль эртнээс мэдэж ойлгож, эрдэмтэн судлаачдаа дэмжин тэтгэж, хүндэтгэн дээдэлж, оюун ухааныг нь төрийн бодлого үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн түүхтэй ард түмэн. Эзэн Чингис хаан, түүний угсааны их хаад ч дэргэдээ өөрийн орны болон дэлхийн улс түмэнд буй эрдэмтэн мэргэдийг хүндэтгэн залж, анхааран сонсож, төр улсыг жолоодохдоо мэргэн ухааныг нь түшиглэж, шинжлэх ухааныг хөгжүүлж байсныг Та бүхэн сайн мэднэ.

Өнөөдөр Монголын эрдэм судлалын ууган байгууллага үүсэн байгуулагдсанаас хойш нэгэн зууныг туулж ирэхдээ саад бэрхшээл, дэмжлэг тусламж аль алиныг хүртэж байсан ч шинжлэх ухааны баялаг өвийг манай ахмад үеийн эрдэмтэд, өнөө цагийн та бүхний цуцалтгүй их хөдөлмөрийн үр шимээр нэгэнтээ буй болгож чаджээ. Баяр хүргэе.

Бидэнд шинжлэх ухаан, технологийн дэвшил, ололт амжилт, эрдэмтэн судлаачдын нөөц боломж бүрэн бий болж чадсан. Гэвч судалгааны үр дүнг ашиглах, дэмжиж туслах талаар төр засгийн бодлого өнөөг хүртэл урагшлахгүй байгаа нь бодит үнэн. Шинжлэх ухаанд зарцуулж буй дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ дөнгөж 0.12 хувьд байгаа нь цалингаас өөр дэмжлэг үзүүлэхгүй байна гэсэн үг. Ядаж, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувийг эрдэм судлалын үйл ажиллагаанд зарцуулж, түүнийгээ тогтмол хэрэгжүүлж байх ёстой гэж үзэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувийг зарцуулдаг, тодорхой механизмтай болох хэрэгтэй бөгөөд энэ асуудлыг анхдугаар Их хурлаараа бий болгоё гэдэг саналыг хэлж байгаа юм.

Шинжлэх ухаан, технологийн өндөр хөгжилтэй улс орнуудын хэмжээнд биш боловч цаашид бүс нутгийн хөгжиж буй улс орнуудын жишгээс доогуур байгаа байдлаа засаж залруулах цаг нь болжээ, шаардлага тулгарчээ.

Эрдэмтэн судлаачид маань өөрсдийн хүсэл сонирхол, шинжлэх ухаанд дурласан уйгагүй их хөдөлмөрөөр цаг наргүй ажиллаж, ар гэр, хувийн асуудлаа огоорон зүтгэсэн зүтгэлээрээ Монгол Улсад өнөөдрийн энэ хэмжээнд шинжлэх ухааны салбарыг тогтоон барьж байгааг бид ойлгох хэрэгтэй. Эрдэм судлалын ажилд өнөөдөр дэмжлэг үзүүлээд, маргааш үр дүнг нь нэхдэг биш алс хэтийг харсан, төлөвлөлт сайтай, тооцоо судалгаатай, хүрэх, бүтээх чиглэл нь тодорхой төлөвлөгөөтэй явуулах нь улс орны хөгжилд нэн чухал асуудал болоод байна.

Өндөр технологи хөгжсөн, шинжлэх ухааны олон зуун жилийн түүхтэй улс орнуудын шинжлэх ухаандаа хандаж, эрдэмтдэдээ анхаарч бодит дэмжлэг үзүүлж ажиллаж байгааг миний бие сүүлийн үед гадаад улсад хийсэн айлчлалын хүрээнд байнга анхаарч, хамтран ажиллах боломжийг бий болгохыг зорьж байна. Хүн төрөлхтөнд тулгараад байгаа байгаль экологи, хог, эрчим хүчний асуудлуудаас гадна сансар судлал зэрэг томоохон чиглэлүүдээр манай эрдэмтэн судлаачид зөвхөн Монголын хэмжээнд биш бүс нутаг, олон улсын хэмжээнд идэвх зүтгэл гаргаж хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхийг хичээж байна.

Түүнээс гадна нүүдэлчдийн агуу их өв соёлын харилцаа, түүний хөгжлийн зүй тогтол, тархац, хадгалалт хамгаалалтыг бүс нутгийн хэмжээнд хамтран хөгжүүлэх, судлан шинжлэх ажлууд айлчлалуудын нэгэн гол чиглэл болж байна. Сүүлийн 2 сарын хугацаанд Америкийн Нэгдсэн Улсын НАСА-гийн сансар судлалын төвийн дарга, ОХУ-ын Шинжлэх ухаан Академийн Ерөнхийлөгч, Энэтхэгийн Сансар судлалын төв, шинжлэх ухаан, технологийн судалгааны газруудын удирдлагатай ажил хэргийн уулзалтууд хийгээд байгааг эрдэмтэн судлаачид Та бүхэн анхаарч, энэ ажлуудад идэвх санаачилга гаргаж, хамтран ажиллахыг хүсэж, уриалж байна.

Өнөөдрийн шинжлэх ухааны анхдугаар их хурлаар Монголын шинжлэх ухааны ойрын болон хэтийн ирээдүйн талаар хэлэлцэж, эрдэмтэд санал бодол, судалгааны үр дүнгээ чөлөөтэй ярилцаж, төр засгийн бодлого шийдвэр гаргах түвшний хүмүүс анхааралтай сонсож, ач холбогдол өгч, зөв зохистой шийдвэрийг гаргана гэдэгт миний бие найдаж байна. Тэрхүү шийдвэр нь зөвхөн цаасан дээр үлдэх биш төрийн бодлого шийдвэрт бодитой тусаж, хэрэгжүүлэх төлөвлөгөөнд нь санхүүгийн дэмжлэг туслалцааг үзүүлж, зөв зохистой хамтран ажиллах шаардлагатай. Нөгөө талаараа нэгэн зууны турш буй болгож чадсан Шинжлэх ухааны Академийнхаа үйл ажиллагааг онцгойлон дэмжиж, бодитой судалгааны ажлууд хийх боломжит орчин, сайн лабораториуд байгуулж, малтлага судалгааны томоохон ажлуудыг нь анхаарч дэмжих алхмууд хийх хэрэгтэй. Өнөөг хүртэл улс төрөөс ангид байж, өөр өөрийн өмнөх ажлаа төр засагт дараа төвөг бололгүй хэрэгжүүлж ирсэн бараг цорын ганц салбар бол шинжлэх ухааны салбар гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Харин мөрөөрөө судалгаагаа хийж байгаа эрдэмтэн судлаачдаа сонсохгүй, анхаарахгүй, судалгааны нөр их хөдөлмөрийн үр дүнг ашиглахгүй байж болохгүйг төр засгийн бодлого баригч хүмүүс онцгой анхаарах хэрэгтэй. Нийгэмд өндөр технологи, орчин үеийн шинжлэх ухааны салбаруудыг хөгжүүлэхээс гадна нийгмийн соён гэгээрэлд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх түүх, хэл, соёл, гүн ухааны салбаруудыг онцгойлон анхаарч дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Бидэнд бусдаас ялгарах Монголын өнгө төрхийг харуулж чадах зүйл бол түүх соёлын салбар юм. Эх түүх, өв соёл, монгол судлалын чиглэлийг эрчимтэй хөгжүүлэх ёстой. Бид бүхний хэн байсан зөвхөн түүхэнд л үлдэнэ. Тэгвэл шинжлэх ухааны хөгжлийн түүхэнд үлдэх түүхэн шийдвэр гаргах, түүхэн дэмжлэг үзүүлэх боломжийг өнөөдрийн их хурал хэлэлцэх байх гэдэгт миний бие тун их найдаж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор, эрдэмтэн судлаачдынхаа хичээл зүтгэлээр Монголын шинжлэх ухаан хөгжин дэвших болтугай.

Анхдугаар их хуралд оролцогчдод амжилт хүсье.

Дорвитой, санаачилгатай, үр дүнтэй хурал байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Баярлалаа” гэсэн юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.