Ард нийтийн санал асуулга МАН-ын тулгалт уу, ард түмний сонголт уу?

“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, Үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ.Ээлжит хэлэлцүүлэгт өмгөөлөгч Ц.Монгол, Доктор Ж.Урангуа, МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн, хууль зүйн доктор Л.Мөнхсайхан, Эдийн засагч Ж.Батсуурь нар оролцож“Ард нийтийн санал асуулга МАН-ын тулгалт уу, Ард түмний сонголт уу”сэдвээр байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

 

Өмгөөлөгч Ц.Монгол: ХОЁР ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТЫГ БИЙ БОЛГОХ ЁСТОЙ

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ Үндсэн хуулийг зөрчих замаар өөрчлөлт оруулж болохгүй.


-Ард нийтийн санал асуулга нэрээр Үндсэн хуулийг батлуулах гэж байна. Энэ санал асуулга бол МАН-ын тулгалт.


-1992 оны Үндсэн хууль бол сайн хууль. Үүнд цөөхөн тооны нэмэлт өөрчлөлтийг хийгээд цааш явах бүрэн боломжтой.


-Өнөөдрийн өргөн барьж буй нэмэлт өөрчлөлтийн төсөл бол одоо байгаа гаж тогтолцоог хадгалж үлдэх зорилготой. Өөрөөр хэлбэл явуургүй тогтолцоогоо эцсийн байдлаар хадгалах гэсэн арга юм.


-Ард түмэн хяналтын тогтолцоо буюу хоёр танхимтай парламентыг хүсч байгаа. Дэлхийд парламентын засаглалыг сонгоод дарангуйлалруу шилжсэн олон улс байдаг. Үүнээс  үүдэж тэд татгалзсан. Манайх ч гэсэн парламентын энэ засаглалаас салах цаг болсон.


-Шүүх ард түмнээс сонгогддог байх нь зүйтэй. Өнөөдрийн шүүхийн хувьд насаараа томилогддог, хариуцлага хүлээдэггүй учраас зарим шүүгч дур зогоороо аашилж хүмүүсийг хохироож байна.

 

Эдийн засагч Ж.Батсуурь: ШҮҮХ ЗАСАГЛАЛЫГ АРД ТҮМЭН СОНГОХ ЁСТОЙ

-Парламентын засаглалыг сонгож авсан нь зөв. Үүний нэг жишээ бол Эрдэнэтийн 49 хувийн асуудал юм. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол энэ аль хэдийнэ алга болох байсан.


-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хувьд иргэдийг төөрөгдүүлсэн зүйл олон байна. Өнөөдөр Монголын нийгмийг мухардалд оруулж, гаж тогтолцоог бий болгосон энэ хүмүүс Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй.


-Сүүлийн 29 жилд Монголыг удирдаад явах хүчирхэг хүн төрөөгүй. Тиймээс парламентын хоёр танхимтай байх нь чухал. Харин гүйцэтгэх засаглалын хувьд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байна уу хамаагүй. Эрх мэдэл хяналтдаа байх зүйтэй.


-Парламент тарах ёстой. Өөрсдийнхөө бурууг хүлээгээд тарж байгаа хүмүүсийн хувьд тогтолцоогоо засъя гээд дахин сонгуульд өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Харин парламент тарж болохгүй гээд энэ тогтолцоогоо авч үлдэх гэж байгаа хүмүүсийг цаашид өрсөлдөх боломжгүй болгох ёстой гэж бодож байна.


-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмыг зөрчиж түүнд нь Ерөнхийлөгч хориг тавьсан. Хэрэв энэ хоригийг хүлээж авахгүй бол энэ парламент өөрсдийн тарах орчин нөхцөлийг давуулан биелүүллээ гэсэн үг.

 

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн хууль зүйн доктор Л.Мөнхсайхан: АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА БОЛ МАН-ЫН ТУЛГАЛТ

-Үндсэн хуулийн тогтолцооны гажуудал үүссэнээс болж нийгэм эдийн засгийн хямрал үүссэн. Тиймээс нийгэмд тулгарсан олон асуудлыг шийдэх арга бол Үндсэн хуулийн  бүтцийн сонгодог хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй.


-Нийгэм эдийн засгийн асуудлыг шийдэх арга зам эрэлхийлэхийн оронд нэг намын эрх ашигт нийцсэн, намынхаа даргын эрх мэдлийг хүчирхэгжүүлэх, УИХ-ын гишүүдийн эрхийг хасах, зарим эрхийг хэтэрхий нэмэх өөрчлөлтийг оруулсан.


-Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай. УИХ өөртөө хэтэрхий их эрх мэдлийг авсан.  Шүүх болон хууль хяналтын байгууллагыг томилдог, төсвөө баталдаг зэрэг асуудлаас харж болно.


-Ерөнхийлөгч гэж завсрын институци гарч ирсэн. Харин Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалыг толгойлбол энэ хийдэл алга болж хариуцлага алдах зүйл байхгүй болно.


-Төр бол ард түмний төлөөллүүдээс бүрдсэн тогтолцоо бөгөөд эзэн биегүй зүйл. Харин байгалийн баялгийг төрийн нийтийн өмч гэдэг нэрээр эзэнгүйдүүлж ард түмнээс булаах оролдлого хийж байна.


-Ард түмний сонголт бол МАН-ын мөрийн хөтөлбөр байсан. Одоо харин санал асуулга бол МАН-ын тулгалт

 

Доктор Ж.Урангуа: ЕРӨНХИЙЛӨГЧ ПАРЛАМЕНТИЙГ ТЭРГҮҮЛЭХ ЁСТОЙ

-Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй.


-Ерөнхийлөгчийн эрх ашгийг хязгаарласан өөрчлөлтүүд орсон байсан. Энэ нь олигархуудын ард байгаа хүчнийхний нөлөө төрд орж ирэх боломжийг бий болгож байгаа юм.


-Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа тэргүүлж түүний байгуулсан кабинетыг доод парламент хэлэлцдэг байх нь зүйтэй.


-Шүүхийн хараат бус байдал чухал. Тэгж байж шударга ёс тогтоно. Харин шүүгчийг бүх насаар нь томилдог асуудал манайд одоохондоо болохгүй.


-1960 оны Үндсэн хуулийг хэлэлцэхэд процессын алдаа гарч байсан. Түүнийг УИХ батлаагүй. Харин түүнийг Ю.Цэдэнбал дарга засвар хийж хуулийн эцсийн вариантыг гаргаж байсан. Түүхэндээ УИХ батлаагүй Үндсэн хуулийг хэрэгжүүлээд явсан тохиолдол байдаг.


-Бэлэн болсон төслөө бариад явна гэдэг бол ард нийтийн санал асуулга биш.


-Энэ парламент Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүйн чадамжгүй. Энэ хүмүүсээс юу гарах вэ гэдэг тодорхой. Иймээс ард түмний тархийг угааж буй үйлдлээ нэн даруй зогсоо гэж хэлмээр байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Баяржавхлан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.