Сонгуулийн жилийн төсөв хэрхэн зурагдав
Засгийн газар 2020 оны улсын төсвийн төслийг хэлэлцэн, өчигдөр УИХ-д өргөн барив. Ирэх онд УИХ-ын ээлжит сонгууль болно.  Тэгвэл сонгуулийн жилийн төсвийг хэрхэн зураглав.

2019 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 7.3 хувьд хүрсэн, зэсээс бусад голлох ашигт малтмалын үнэ тогтвортой байж, уул уурхай, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарын өсөлт, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, ашигт ажиллагаа нэмэгдсэн болон татвар, гаалийн шинэчлэл, газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулсны дүнд 2020 онд төвлөрүүлэхээр төлөвлөсөн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давахаар байгаа аж.
 
Төсвийн алдагдлыг үе шаттайгаар жил дараалан бууруулснаар 2020 онд төсвийн алдагдлыг тогтвортой байдлын тухай хуулийн хязгаарт багтаан ДНБ-ий -5.1 хувь байхаар төлөвлөсөн байна. Цаашид 2021 онд ДНБ-ий -2.8 хувь, 2022 онд -1.4 хувьд хүргэн, 2023 оноос ашигтай байхаар төлөвлөжээ.
 
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу:
 
1.    Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон байх;
2.    Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 2020 онд тухайн жилийн ДНБ-ий 5.1 хувиас илүүгүй байх;
3.    Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь ДНБ-ий 75.0 хувиас хэтрэхгүй байх;
4.    Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн хувь тухайн жилийн өмнөх 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх; гэсэн 4 тусгай шаардлагыг хангаж, 2020 оны төсвийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь -2.074.7 тэрбум төгрөг байгаагаас гадаад зээлийн ашиглалтын 1.296.3 тэрбум төгрөг нь эх үүсвэртэй алдагдал аж. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын сангаас нийт 478.8 тэрбум төгрөгийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглахаар тусгасан байна.

Монгол Улсын Засгийн газар 2020 онд алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гадаад, дотоод бонд гаргахгүй аж.  

Ирэх онд гааль, татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, газрын бүртгэлийг цахимжуулан, газрын төлбөр хураалтыг сайжруулж, төсвийн орлогын эх үүсвэрийг бүрэн дайчилснаар нэгдсэн төсвийн нийт орлогыг энэ оны батлагдсан нийт дүнгээс 1.8 их наяд төгрөг буюу 16.6 хувиар нэмэгдүүлэн 12.9 их наяд төгрөг байх, нийт зарлага 13.9 их наяд төгрөг байхаар тооцжээ. 

Төсвийн зарлагын чиглэлээр нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зарлагын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж төсвийн үр ашиг, хүртээмжийг сайжруулах бодлогын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна. Үүнд:
  • Боловсролын үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийг зохистой түвшинд байлгах, зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр суралцах урам зоригийг залууст өгөх зорилгоор мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчид 2019 оноос олгож эхэлсэн 100.0 мянган төгрөгийн тэтгэлгийг 2 дахин нэмэгдүүлж 200.0 мянган төгрөгт хүргэх;
  • 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөр болон дотуур байрын хоолны зардлыг тус тус 50 хувиар нэмэгдүүлэх; 
  • Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний тарифыг ижил тогтоож, нэмэгдүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг хангах зэргээр эрүүл мэндийн салбарт өрсөлдөөн бий болгож эмчилгээний тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх;
  • Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломж олгох;
  • Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэх;
  • Хүүхдээ асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлээ  төлөх үүргийг хөнгөлөх;
  • Ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх;
  • Байгаль орчны эсрэг гэмт хэрэгт хяналт тавих Экологийн цагдаагийн алба байгуулна;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр эрчимтэй арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
 
 П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.