
2016 оны УИХ-ын сонгуулиар төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр худалдаж авахыг санаархсан бичлэгийг олон нийтэд дэлгэж бөөн шуугиан тарьсан.
Тэгвэл энэхүү хэрэгт тухайн үед МАН-ын дарга байсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар холбогдсон байдаг.
Гурван жилийн хугацаанд шалгасан энэ хэргийг эхэндээ хэрэгсэхгүй болгосон бол сүүлдээ сэргээн шалгаж эхлээд прокуророос Ц.Сандуй, А.Ганбаатар хоёрыг яллагдагчаар татсан байсан.
Харин энэхүү хэргийг шалгаж дуусаад, прокурорын газар хяналт тавиад шүүхэд шилжүүлсэн байсан.
Өнөөдөр шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болох байсан ч хойшилжээ.
Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт товлогдсон байсан.
Гэвч шүүх хуралдаанаар яллагдагч Ц.Сундуйн өмгөөлөгч Г. Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхацсан, тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч 10 дугаар сарын 07-ний өдрийн 10:00 цагт хүртэл хойшлуулсан байна.
О.Гэрэл
Оллоо.mn