Н.Содонтуяа: Эмэгтэй гэдгээ мэдэгдэлгүйгээр бараг 2 жил шахам мэдээ, нийтлэл оруулсан
Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн дунд “Болжмор” нэрээр танил болсон, “Сүпер Фрэнк” номын орчуулагч, “Челси” клубын хөгжөөн дэмжигч Н.Содонтуяаг энэ удаагийнхаа “Шинэ танил” буланд урьж, оролцууллаа.

-Хөлбөмбөгтэй, тэр дундаа “Челси”-тэй анх хэрхэн холбогдож байв?

-Анх 2009 оноос хөл­бөмбөг үзэж эхэлсэн. Ах маань “Арсенал”-ын хөг­жөөн дэмжигч болохоор байнга пример лигийн тог­лолт үзнэ. Ахыгаа дагаж тоглолт үзэж байгаад л дур­тай болсон доо. Тэр үед “Арсенал”, “Челси” хоёрын тоглолт үзэж байхад Ф.Лампард “Арсенал”- ын хаалганд гоолдож, түүнээс хойш “Челси” тэр дундаа Ф.Лампардын үнэнч фанат болсон. Түүнээс хойш “Челси”, Ф.Лампардтай холбоотой мэдээлэл байнга цуглуулдаг болсон.

-“Болжмор” нэрнийхээ талаар ярихгүй юу. Хөл­бөмбөгт хайртай хүмүүс, ер нь фанатууд чамайг энэ нэрээр чинь андахгүй байх?

-Спорт цонхонд анх бүртгүүлэхэд нэр хэрэгтэй болсон. Тэр үед ах маань “Арсенал”-ын хөгжөөн дэмжигч болохоор “Буучин” гэдэг нэртэй байсан. Харин бид хоёр ярилцаж байгаад би өөрийнхөө нэрийг “Болжмор” гэж хийсэн. Түү­нээс хойш одоо хүртэл энэ нэрээрээ дуудуулж байна.

-Спорт цонх гэснээс тэр үед чамайг эмэгтэй гэдгээ нууж мэдээ, нийтлэл оруулдаг байсан гэж сонсож байсан юм байна. Яагаад нуудаг байсан юм бэ?

-Анх спорт цонх гэж байхад мэдээ, нийтлэл их оруулдаг байсан. Тэр ч ут­гаараа өөрийн эрхгүй тамирч­дын амьдрал зэрэг зүйлсийг нь ихээр сонирхож эхэлсэн. Гэхдээ тэр үед хүмүүс намайг эмэгтэй гэж мэддэггүй жаахан эрэг­тэй хүүхэд л гэж боддог бай­сан. Би эмэгтэй гэдгээ мэдэг­дэлгүйгээр бараг хоёр жил шахам мэдээ, нийтлэл оруулсан. Гэтэл нэг өдөр фэйсбүүк дээр намайг “Таг” хийчих­сэн. Ингээд л эмэгтэй гэдэг маань задарчихсан. Тухайн үед намайг юу ч мэдэхгүй жаахан хүүхэд байна гэж бодох вий гэж их айж байсан ч санасныг бодоход хүмүүс их эерэгээр хүлээж авсан. Түүнээс хойш манай охидууд ч гэсэн их идэвхтэй болж эхэлсэн.

-Нэг үеэ бодвол эмэгтэй хөгжөөн дэмжигчид олон болж. Тэр ч бүү хэл мундаг аналистууд хүртэл байна. Энэ талаар юу гэж боддог вэ?

-Эрчүүд шиг хөлбөмбөг тоглодоггүй ч гэдэг юм уу. Тэмцээн уралдаанд нэг их ордоггүй болохоор яг тоглох тал дээр эрчүүдээс арай өөр. Гэхдээ дэлхийн нөгөө талд байгаа хүмүүсийн тоглолтыг хараад, сэтгэл зүрхнээсээ дэмжээд явж байгаа хүмүүсийг бол мэднэ. Тэдний хувьд тоглогчдын түүх, амьдрал зэргийг маш сайн мэддэг учраас сэтгэл зүрхээ тэр бүхэнд зориулж чаддаг. Тухайлбал аваргуудын лигийн аваргын төлөө тоглох боллоо гэхэд дэмждэг багт нь тэр цом ямар их үнэ цэнэтэй вэ гэдгийг мэддэг болчихсон тийм хүмүүсийг л жинхэнэ хөгжөөн дэмжигч гэх байх. Ямар ч тоглолт байсан түүнээс авах гурван оноо, тэр тоглолтод хожчихвол цаашид яах вэ гэдгийг харж, ойлгож чаддаг хүмүүс зөндөө бий. Гэхдээ мэдээж хуурамч хүмүүс бий л дээ.

-Ер нь хөлбөмбөгийг олон хүнтэй газар тухайл­бал спорт паб, асруудад үзвэл амттай байдаг. Гэтэл эмэгтэй хөгжөөн дэмжиг­чид тэр бүр гадуур үзэж чаддаггүй юм шиг санагд­даг. Таны хувьд гадуур тоглолт үздэг үү?

-Би гадуур ерөөсөө үзэдэггүй. Ганцхан удаа л үзэж байсан. Мэдээж эцэг, эхийн хяналт байна. Түүнээс гадна бусад хүмүүсийн хүлээж авах байдал зэрэг нь нөлөөлнө л дөө. Ер нь эмэгтэй хүн шөнө, оройн цагаар хөлбөмбөг үзээд явж байна гэхээр хүмүүс буруугаар хүлээж авах нь элбэг. Гэхдээ одоо харьцангуй гайгүй болчихсон байх шиг байна.

-Саяхан “Сүпер Фрэнк” номны тань нээлт боллоо. Ном орчуулах санаа хэзээ төрсөн бэ?

-Би 16-тай байхдаа энэ санааг олсон. Тэр үед миний үеийн хүүхдүүд маш их мундаг зүйлс хийгээд байсан. Тэр нь надад цагаан атаархал төрүүлсэн гэдэг юм уу ямар ч байсан надад би ч бас ямар нэг зүйл хэрэгтэй юм байна гэдэг бодол төрүүлсэн. Тухайн үед Э.Ганбаатар гээд миний үеийн хүүхэд телевизээр пример лиг тайлбарлаж байсан нь надад үүнийг хийх сэдэл төрүүлсэн гэж болно.

Номоо орчуулах шийдвэр гаргачихаад фэйсбүүктээ “Энэ номыг орчуулах гэсэн юм хаанаас олох вэ” гээд бичтэл Америкт байдаг нэг ах надад Челсигийн ороолт болон бусад зүйлстэй хамт явуулж байсан. Хорооллоос гэрээсээ СЭЗДС хүртэл сургууль руугаа явахад бараг 40 орчим минут болно. Энэ хороонд зөөврийн компьютерээ гаргаж ирээд замдаа орчуулдаг байсан. Харин өвлийн амралтаар бараг 70 орчим хувийг нь орчуулсан. Үлдсэн багахан хэсгийг нь зуны амралтаараа дуусгасан.

-Зөвшөөрлийг нь авах хэцүү байсан уу?

-Өнгөрсөн хугацаанд хол­богдох гэж маш их оролдсон. Хэд хэдэн захиа бичсэн. Гэхдээ тэр болгонд хариу ирүүлж байсан. Хамгийн гол нь 5000-аас дээш хувиар хэвлэх тохиолдолд эрх өгдөг юм билээ. 500 ч байдаг юм уу цөөн тоогоор хэвлэх тохиолдолд бараг тоодоггүй юм байна лээ. Харин манай хүн ам цөөн тэр ч утгаараа хөгжөөн дэмжигчдийн тоо бага болохоор хөгжөөн дэм­жигчдэд үлгэр жишээ болгох үүднээс цөөн тоогоор хэвлээд гаргаж болно гэж зөвшөөрсөн.

-Хэвлэлтээс гарсан но­моо харахад ямар байсан бэ?

-Их сайхан байсан. Гэхдээ орчуулгын бүтээлийг хэлтэй хүн бүр л хийж чадна шүү дээ. Тиймээс би ном гаргасан гээд өөрийгөө дөвийлгөөд байх зүйлгүй. Харин жин­хэнэ өөрийн бүтээлийг гаргасан цагт аливаа зүйлд илүү бардам байх болов уу. Ер нь манай гэр бүлийнхэн энэ бүхэнд маань намайг маш их дэмждэг. Тиймээс тэднийгээ баярлуулж, ачийг нь хариулахсан гэсэндээ энэ бүхнийг хийж байна.

-Хэрвээ би буруу сон­соогүй бол С.А.Фергусоны номыг бас орчуулж байгаа гэсэн?

-Фергусоны номыг ор­чуулчихсан байгаа. Эрх нь ч гэсэн албан ёсны зөв­шөөрөлтэй. Тэгэхээр энэ ном олон хувиар хэвлэгдэж гарна.

-Энэ бүх ачааллын хажуугаар “Сүлд” телевизэд “Limitless” нэвтрүүлэг хийж байгаа. Телевизийн ажил ямар байна?

-Телевизийн ажил их хэцүү юм. Гэхдээ аливаа түүхийг илүү далайцтай байдлаар хүмүүст хүргэж байгаа болохоор их сайхан санагдаж байгаа. Түүнээс хү­мүүс суралцаж, сургамж авч байгаа гэж бодохоор их сайхан. Эхэндээ бол хэцүү санагдаж байсан. Харин сүүлийн хэдэн дугаар маань сайн болсон гэж бодож байгаа. Өмнөхөө бодвол одоо арай дадлагажсан гэж бодож байна.

-Ер нь “Болжмор” ямар мэргэжилтэй вэ?

-Би СЭЗДС-д Санхүүгийн менежер мэргэжил эзэмшиж байгаа. Тайванийн 2+2 гээд хөтөлбөрөөр сурч байгаа. Энд хоёр жил сураад Тайваньд хоёр жил сурах юм. Одоо Тайвань руу явах гэж байгаа. Оюутан болсон эхний жилдээ спортоо сонгох уу мэргэжлээрээ явах уу гэдэг асуудалтай зөрчилдсөн. Тэр үед би тэтгэлэг авах, номоо орчуулах гэсэн хоёр зорилго өөртөө тавьчихсан байсан.

Манай сургууль хоёр улирал дараалан 3.8 голчтой гарч байж дараагийн улиралд 100 хувь хөнгөлөлт эдлэх эрхтэй болдог. Тиймээс эхний хоёр улиралдаа маш их ачаалалтай ажил­ласан. Тухайн үед би яг мэргэжлээрээ явах уу эсвэл спортоор явах уу гэдэг шийдвэрийг маш их бодсоны эцэст хослуулна гэсэн шийдвэрт хүрсэн.

-Мэдээж “Челси”-гийн хөгжөөн дэмжигчтэй уулзсан болохоор багийнх нь тухай асуухгүй байж болохгүй байх. Танай ба­гаар сонин сайхан юу байна?

-Сүүлд Ц.Фабрегас, Д.Кошта хоёр ирээд багийн тогл­олт их сэргэсэн. Тэр хоёрын хослол яг Ж.Моуринёгийн хүсээд бай­­­сан шинэ арга барилд таарч байх шиг байна. Ерөн­хийдөө хуучны “Челси” үеэ өнгөрөөж шинэ үе гарч ирж байна.
Өглөөний сонин
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zaya 2014-09-23 01:42:15
    daichin hodolmorch mundag ohin bna amjilt hvsii.
    103.10.21.60
    Мэдэгдсэн Хариулах