Н.Дашдэмбэрэл: “Ижий гөрөөс” дуу маань ээлээ хайрласан сайхан уран бүтээл
Нийтийн дуучдын дунд нэг тийм даруухан хэрнээ яруухан дуучин бий. Түүнийг Нарангийн Дашдэмбэрэл гэдэг. Өөрийн гэх өмчилсөн олон дуутай, урын сан арвинтай тэрбээр хоёр дахь бие даасан тоглолтоо хийх гээд тун завгүй явна.

Тэрбээр  "Чамдаа яараад байна", "Сүслэн дээдлэх нутаг", "Жаахан нуур", “Сэтэртэй хатиртай морь мину”, “Ухаарч амьдрах хорвоо”,  “Хийморь орших нутаг”, “Монгол ухаан аав” “Морин хуур-2014 наадмын тэргүүн байрын шагналт "Ижий гөрөөс" зэрэг хит болсон уран бүтээлтэй билээ.

Дуучин Н.Дашдэмбэрэлийн хувьд 60, 70, 80-аад оны алтан үеийн сэтгэлд хоногшсон дуунуудыг их сайхан хөг аялгуутай, утга уянгатай дуулдаг нэгэн.

Энэ сарын 27-нд “Чамдаа яараад байна” нэртэй тоглолтоо дуунд дуртай ард түмэндээ толилуулж, хувийн уран бүтээл нь хэр байгаа талаар үзэгчдээсээ үнэлгээ дүнгээ авах гэж байгаа ТЗДБЧ-ын дуучин Н.Дашдэмбэрэлтэй ярилцлаа.

-Сайхан намаржиж байна уу. Уран бүтээл их, тоглолтын бэлтгэл сайн хангагдаж байна уу?

-Сайхан. Тоглолтын бэлтгэл бараг хангагдсан байна даа. Тоглолтоо хийхээр төлөвлөсөн байсан ч маш богино хугацаанд бэлтгэлээ хийлээ. Сайхан тоглолт болох байх. Ямар тоглолт болохыг үзэгчид дүгнэнэ дээ.

-“Чамдаа яараад байна” тоглолтын онцлогоосоо сонирхуулвал?

-Дан хуучны буюу 60, 70, 80, 90-ээд оны буюу аманд байнга аялагддаг алтан үеийн дуунуудаас бүтэж байгаагаараа ихээхэн онцлогтой. Өмнөх 2016 онд тоглож байсан анхны тоглолтондоо дан өөрийнхөө уран бүтээлийг толилуулж байлаа.

Энэ удаад алтан үеийн дуунуудыг Дашдэмбэрэл хэрхэн яаж, хэв маягтай дуулахыг үзэгчид сонсоно, харна. Энэ тоглолт маань ахмадын баярт зориулсан тоглолт. Өөрийн дуунуудаас гэвэл “Чамдаа яараад байна”, “Ижий гөрөөс”, “Сэтэртэй хатиртай морь мину”, “Нутаг аав”, “Ухаарч амьдрах хорвоог” гэх мэт цөөхөн дуу  дуулна.

-Ахмадуудад зориулсан юм бол яагаад “Чамдаа яараад байна” гэж тоглолтоо нэрлэсэн юм бэ?

-Яагаад болохгүй гэж. Би ахмад настангууд руугаа, аав ээж рүүгээ, нутаг ус руугаа яарсан байж болно шүү дээ. Бас “эх орон тандаа, чамдаа” гэж үг бий. Ахмадуудад ч хайр байсан шүү дээ. Тэд залуу явсан, бие биедээ яарч, догдолж болно шүү дээ.  

-Нууц биш бол хуучны ямар дуунуудыг сэргээн дуулах гэж байна?

-Тоглолтын нууц биш билүү/инээв/. Ятгатай гурван дуу дуулна. Төмөр замын чуулгаас гарсан Зоригт гэж дуучны дуулж байсан “Шөнийн бороо”, “Алиман сар” зэрэг дууг арай өөр хэлбэрээр шинэчлэн дуулна. Мөн Д.Цэвээнравдан багшийнхаа 90-ээд онд хийж байсан хит дуунуудаас дуулна даа. Нутгийн гавьяат С.Батсүхийн “Ханийн сэтгэл”, “Ижий хань” гэх мэт дуунууд байна. Сэтгэл өргөж, уянга хөглөсөн сайхан тоглолт болох байх.

-Д.Цэвээнравдан багштайгаа нийт хэчнээн уран бүтээл хийсэн байна?

-За даа, бараг 90-ээд дуу хийсэн байдаг шүү.

-Багшийн тань хамгийн их чухалчлан захидаг сургаал юу бэ?

-Миний багш их шударга, зарчимч хүн. “Дуучин хүн эхлээд хүн л байх ёстой” ”Дуулаагүй үедээ ч бас дуучин байх ёстой” гэж захина. “Цаг бол цаг” гэнэ. Хариуцлагатай, хэлсэндээ байх ёстойг багш минь бидэнд заасан. Багшийнхаа ачаар дуулах гэдэг сэтгэлгээний, толгойны ажил гэдгийг ойлгосон.

-Нийтийн дуучдыг олон нийт их шүүмжилдэг болжээ. Хит болох хэмжээний дуу л дуулахгүй бол өнөөдөр дуу нь амьдраад, маргааш мартагдах хэмжээний дуу хэрэггүй гэж шүүмжилдэг. Үүнтэй санал нийлэх үү. Та ер нь хит болсон хэчнээн дуутай вэ?

-Би бол уран бүтээл байнга хийж байгаа. Миний дуу хэр хугацаанд амьдарч хит болохыг цаг хугацаа харуулна даа. Сонирхох нэг нь сонирхог. Түүнээс хүчээр хэн нэгэн хүний тархи руу уран бүтээлээ чихээд сонсгоод байх шаардлага байхгүй. Залуу үедээ уран бүтээл хийх ёстой.  Дуу бол цаг хугацааны асуудал. Зарим нэг уран бүтээл яах аргагүй гарч ирээд амьдрахгүй мартагдах зүйл бий. Гэхдээ олон жилийн өмнө гараад дуулагдаагүй дуунууд өнөөдөр хит болсон байна шүү дээ.  

Жишээ нь Н.Чулуунхүү гавьяатын “Заллага” дуу 1990 оны эхээр зохиогдсон дуу. Гэтэл одоо яаж байна, хит болчихсон найрын дуу болчихжээ. Мөн Л.Болдбаатар гавьяатынэ “Сэм сэмхэн” дуу 1979 онд бүтсэн ч 2000 оны дундуур хит болж гарч  ирсэн дээ. Мөн миний “Чамдаа яараад байна” дуу эртний дуу, гэвч саяхан би дуулж гаргасан юм.

-Завхан нутгийн залуу уран бүтээлчид “Хийморь орших нутаг” гэж их сайхан дуу хийж дүрсжүүлжээ?

-Тийм. Пэрэнлэйлхагва, Батсүх бид гурвын өнгөрсөн зуны том уран бүтээл. Энэ дуу бол миний тоглолтыг төгсгөх дуу. Завханыхаа залуу уран бүтээлчдийг дэмжсэн сайхан уран бүтээл болсон. Одоо хит болж байна шүү дээ. Шүлгийг нь сонсоод үзээрэй, яг тарни шиг санагдана.

-Нийтийн дууг хөдөөний дуу, рок поп дууг хотын дуу гэж нэрлэж, бүр өмчилдөг болжээ. Энэ хэр зөв үзэл бэ?

-Үзэгчид болоод мэргэжлийн уран бүтээлчдийн дунд нэг тийм алдаатай бодлого байна. Нийтийн дууг рок поп, зохиолын дуу гээд хоёр ангилчихсан. Рок поп ч нийтийн дуу шүүдээ, хийсэн хэлбэр жанр нь өөр болохоос хүн л бүтээдэг, нийтээрээ л сонсдог биз дээ. Нийтийн дууг хөдөөнийх сонсдог, рок попыг хотынхон сонсдог гэх чинь буруу ойлголт байна. Бүгдээрээ нийтийн дуу, доторх жанр нь өөр болохоос. Угаасаа Монголд хот гэж байхгүй. Одоо л хотжих гэж байна. Монгол Улс нүүдлийн соёлтой ард түмэн гэдгийг мэднэ биз дээ. Нүүдэлчин соёл байсныг хотжуулчихаад уран бүтээлийг хөдөө, хотоор нь ялгадаг болж.

-Нийтийн дуунд өөрчлөлт буюу тэсрэлт хийнэ гэж боддог уу?

-Хийнэ гэж боддог. Нийтийн дууны уламжлалыг хэзээ нэгэн өдөр эвдэнэ. Гэхдээ би зөөлөн  аялгуутай дуулдаг. Ухаарал уянга болон нутаг усны ижий аавын тухай дууг хоолойны өнгөндөө тохируулаад дуулчихна. Цаанаас өгсөн хоолойны өгөгдөл нь нэг тийм зөөлөн дөө. Дуугаараа бусдыг шүүмжилж загнаад байдаггүй, хайрладаг, халамжилдаг, ерөөдөг гэх мэт сэдэвтэй дууг дуулдаг. Тэр ч утгаараа “Хийморь орших нутаг” уран бүтээл сайхан болсон. Ер нь бол хар сэдэвтэй, хараалын, салсан сарнисан, гутарсан өнгө аястай дуу дуулдаггүй. Ер нь тийм сэдвээс хол ангид байдаг хүн шүү.

-Дуу таалагдахгүй, хоолойны өнгөнд тохирохгүй тохиолдол байна биз?

-Байлгүй яах вэ. Дууны шүлэг, ая голно. Өөрийн хоолойны өнгөнд тохироогүй дуу дуулж, өөрийгөө хүчээр махлахгүй л дээ.



-“Ухаарч амьдрах хорвоо” дууг дуулсныг тань сонссон. Олон түмэнд анх хүргэсэн Төмөрхуяг /МУГЖ/ дуучнаас арай өөр, өөрийн гэсэн өнгө төрхтэй дуулсан сонсогдсон?

-Багаасаа дуулах дуртай хүүхэд байлаа. Оюутан болоод ч дууны амин сүнсийг ойлгоогүй явсан. СУИС-ийг төгсөх үед л дуулах гэдэг хичнээн нарийн мэдрэмж шаардсан, ямар төвөгтэй ажил вэ гэдгийг ойлгож эхэлж билээ. Дуу бол сэтгэлийн хөг. Дуулж хүний сэтгэлийн нандин учгийг хөндөнө гэдэг бүүр ч амаргүй даваа гэдгийг өдрөөс өдөрт ухаарч явна.

-“Морин хуур 2014” наадамд түрүүлдэг “Ижий гөрөөс” дууныхаа бүтсэн түүхээс сонирхуулна уу?

-Би 2010 оны хавар Төмөр замын дуу бүжгийн чуулгад орсон юм. Ормогцоо чуулгынхаа тавьсан “Царцаа Намжил” дуурийн гол дүр Царцаа Намжилд тоглох аз тохиосон.

Дараа нь 2012 онд “Эгшиглэнт галт тэрэг мину” дуулалт жүжгийн машинист залуу, 2013 онд “Хандармаа” хүрээ дуурийн гол дүр Данжаадад тоглосон. Данжаадад дуулахыг минь Н.Чулуунхүү гавьяат үзээд, нутгийн дүү, залуу уран бүтээлч намайг анзаарсан юм болов уу. Түүнээс нэг жилийн дараа 2014 оны хавар бид тааралдаж, танилцсан. Тэгэхэд Н.Чулуунхүү гавъяат надад дуу өгнө гэсэн. 

Тэр жил Дархан хамт явж, Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн золголт дээр дууллаа. Маргааш өглөө нь ирээд надад “Ижий гөрөөс”-ийг өгсөн юм. Яруу найрагч МУСГЗ Ай.Төмөр-Очир гуайн шүлэг. Аялгуу нь ч зөөлөн, ухааралтай. Энэ дэлхийн ижий амьтан бүхнийг хайрласан сайхан дуу болсон. Энэ дуугаараа 28 дахь удаагийн “Морин хуур” наадамд оролцсон 142 дуунаас түрүүлсэн. Бас Байгал орчин, ногоон хөгжлийн яамны “Байгал орчинд ээлтэй дуу”-гаар шалгарсан. Ээлээ хайрласан уран бүтээлдээ би хайртай.

а нутаг ус, ижий аавынхаа талаар яриач?
 
-Аав, ээж хоёр минь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумынх. Ээж минь Говь-Алтай аймгийн Анагаахын сургуульд оюутан байхдаа намайг төрүүлсэн гэдэг. Манайх намайг бага байхад Завхан аймгийн Улиастай хот, Завханмандал суманд амьдарч байлаа.

Харин өсч бойжиж, хүний зэрэгт хүрсэн Завхан аймгийн Завханмандал, Эрдэнэхайрхан сумаа би уугуул нутаг усаа гэж боддог. Эрдэнэхайрхан бол миний аавын төрсөн нутаг. Аавтайгаа хамт байсан бүхий л алтан дурсамжуудыг хэлхсэн сайхан нутаг даа.




 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.