Э.Бат-Үүл: ''Улаан бал''-ын деконструкци

Сэтгүүлч Лодойсамбуу намайг "Улаан бал" нэртэй нэвтрүүлэгтээ орохыг урив. "Ардчиллын тухай та л залууст сайн ярина" хэмээн хошгоруулав. Мэдээж би ардчиллаар шизоорсон учраас зөвшөөрөлгүй яахав.

Тэгээд Зүүнбүрэн сумаас өглөө эртлэн гарч давхилаа. Дархан, Улаанбаатарын хоорондын зам засварт ороод хэцүү болсныг хэлэх үү,бүтэн найман цаг сэгсчүүлсээр нэвтрүүлэгийн эхлэх цагаас өмнө амжиж ирэв. Нилээн ядарсан амьтан л нэвтрүүлэгт явж орчив.

Нэвтрүүлэг эхлээд төд удалгүй, Лодойсамбуу, миний хэлж буй текст(бичвэр)-ийг деконструкци хийгээд байгааг ухаарав. "Хаа холоос өөрийгөө деконструкци хийлгүүлэх гээд ирж байдаг мөн ч тэнэг хүн юм даа" хэмээсэн бодол толгойд зурсхийж суулаа. Гараад явалтай биш!

Лодойсамбуу өөрийнх нь хийж буй үйлдлийг "деконструкци" хэмээн нэрлэдэг болохыг мэдэхгүй байх л даа.

Ер нь энэ ойлголтыг маш цөөхөн философичийг эс тооцвол мэдэх хүн  манайд бараг байхгүй.Мэддэг хүн байлаа гэхэд деконструкци гэж чухам юу вэ? гэдгийг онож хэлж чадахгүй.

Деконструкци бол Жак Деррида хэмээх хүний зохиосон шинэ үг бөгөөд мань эр өөрөө тун өргөн утгатай хэрэглэчихсэн учраас энэ үг яг ямар утгатай болох талаар философичид дунд өнөө хир бөөн маргаан байдаг. Шинэ үг бүхэн философичид дунд маргаан тарьдаг даа!

"Оновчтой зүйрлэл оюун бодолыг гэрэлтүүлдэг" хэмээх Витгенштейний айлдсан мэргэн үгээр зоригжин деконструкцийг тайлбарлах гээд үзье.

ХХ зуунд философид "хэлний хувьсгал" гэж нэрлэгдсэн эргэлт бий болсон. Энэ эргэлтийн үр дүнд философи нь хэл судлал болж хувирсан.

Энэ хувьсгалыг манлайлагч нь Витгенштейн,үргэлжлүүлэгч нь Жак Деррида юм. Тэдний санааг компьютерийн хэлээр зүйрлэж илэрхийлбэл илүү ойлгомжтой байх.
Хэл гэдэг бол тухайн хэлийг хэрэглэж байгаа үндэстний оршин тогтнох хугацаандаа зохиосон софтвер юм. Жишээ нь монгол хэл бол монголчуудын түүхийн туршдаа зохиосоор ирсэн софтвер. Одоо ч үргэлжлүүлэн зохион шинэчилсээр байгаа. Цахим сүлжээ, компьютер, софтвер, интэрнэт, сүгсүлзүүр, олигархи, лалар, хүүк гэх зэрэг шинэ шинэ үгс нэмэгдэн шинэчлэгдсээр буй.

Компьютерийн "оюун ухааныг"-ыг софтвэр нь ажиллуулдаг шиг үндэстний ухамсарыг хэл нь ажиллуулна. Монголчуудын ухамсарыг монгол хэл удирдан ажиллуулна.Англи хүний ухамсарыг англи хэл ажиллуулна. Энэ тухай Витгенштейн "миний хэлний хязгаар бол  миний ертөнцийн хязгаар мөн" хэмээсэн буй.   

Тэгэхээр хүүхэд хэлд орж төрөлх хэлээ сурна гэдэг бол нийгэм нь түүний ухамсарт софтверээ суулгаж байгаа хэрэг юм. Физикийн шинжлэх ухаанд суралцаж байнаа гэдэг бол "физик" хэмээх нэртэй софтвер суулгаж байнаа л гэсэн үг. Биологийн шинжлэх ухаанд суралцаж байна гэдэг нь "Биологи" хэмээх нэртэй софтвер ухамсарт нь сууж байнаа л гэсэн үг.

Бидний ухамсарт тухайн хэлний софтвер суугаагүй бол тэр хэлийг хэрэглэдэг газар бидний ухамсар ажиллах чадваргүй болно. Жишээ нь англи хэл огт мэдэхгүй хүн Лондонд очоод юу ч ойлгохгүй таг зогсоно. Математик хэлийг мэдэхгүй хүн Гончигдоржийн хичээлд очиж суугаад юу ярьж буйг яагаад ч ойлгож чадахгүй. Ойлгохүй байна гэдэг бол оюун ухаан ажиллаж чадахгүй байгаа явдал.

Хүний ухамсарт "хэл" хэмээх софтверийг суулгахдаа текст хэлбэрээр суулгадаг хэмээн Жак Деррида нотолсон. "Яриа" гэдэг бол ердөө л чихээр соносож буй текст гэж мань эр үзсэн аж. Яагаад Деррида хэлийг заавал текст болгоод байгаа юм бэ гэвэл, "хэл" гэдэг бол тэмдэгтээс бүтсэн "софтвер" юм шүү гэдгийг л илүү тодруулах гэж тэгсэн хэрэг. 

Улмаар мань эр компьютерийн "ухаан" яагаад ч программынхаа гадна гарч,байгаа бодит байдлыг харж чадахгүйтэй адил хүний ухамсар хичнээн мундаг ч мөн хэлний цаана гарч, бодит байдлыг харж чадахгүй гэж нотолсон. Энэ санаагаа "Текс(бичвэр)-ээс гадна юу ч байдаггүй" хэмээх шуугиан тарьсан бичвэрээрээ илэрхийлжээ.

Нэгэнт л текстээс цааш юу ч үгүй юм бол хэн нэгний хэлсэн текстийг автораас нь салгаад өөрийнхөөрөө утгачилж болно. Яагаад гэвэл текстийг бүрдүүлж байгаа үг буюу тэмдэгт нь өөрөө хэрэглэж байгаа нөхцөлдөө тааран янз бүрийн утга аван хувирч байдаг "урвагч этгээд". Өөрөөр хэлбэл текстийг хэлсэн эзнээс нь салган чөлөөтэй урвуулж болдог гэсэн үг. Ингэж текстийг урвуулах үйл ажиллагааг Деррида "деконструкци" гэж нэрлэжээ.

"Улаан бал"нэвтрүүлгийг хараад байхад Лодойсамбуу деконструкцийг улам бүр чадварлаг хийгээд байгаа. Асуултаар өөрийн цаад санаа руугаа хөтлөөд үгийн алдааг отож дайрах замаар эсрэг этгээдийнхээ хэлсэн текстийн доторх зөрчлийг олзлон авч, асуултын хариу болон ирж буй текстийг өөрийнхөө буланд шахан аваачин эцэст нь урвуулж авдаг аж.

Нэг мэдэхэд асуугдагчийн амнаас "ниссэн" текст, Лодойсамбуугийн анхнаасаа тооцоолсон санаа бодлыг илэрхийлсэн текст болон хувирч, зарим үед бүр асуугдагчийн амаар хэлэгдэж дуусна. Жишээ нь би,залуучуудаа ардчилалд хариуцлагагүй хандаж байна гэсэн утгатай гомдол хэлээдэхсэн чинь эргээд ардчиллаа хариуцлагатай авч явж чадаагүйнхээ төлөө харин өөрөө залуусаасаа уучлал гуйсан тексттэй болоод дууссан.

"Улаан бал" нэвтрүүлэгийн турш би хэлсэн текстийнхээ эзэн байх гээд, харин Лодойсамбуу текстийг маань өөрийнхөөрөө утгачлин урвуулах замаар өөрийн санаа бодлыг илэрхийлэх гээд, бид хоёрын хооронд нэг ёсны текстээ булаалдах тэмцээн болсон.
Энэ нэвтрүүлгийг үзсэн олон нийтийн хандлагыг сүүлд харвал намайг их өрөвдсөн бололтой. Тэгэхээр би өөрийнхөө текстийг эзэмшиж чадаагүй алдаад байсан хэрэг бөгөөд нэг үгээр хэлбэл Лодойсамбуугийн деконструкци амжилттай болжээ гэсэн үг юм.

Лодойсамбууд ялагдахад надад гомдолтой санагдаагүй. Манай залуус их хэрсүү, бас шаггүй рационал болж байгаа юм байна даа гэсэн бодол төрж, энэ маань надад битүүхэндээ таатай мэдрэмж төрүүлсэн билээ. Ямар ч атугай бид хоёр Ардчилалын үзүүштэй тэмцээн харуулсан. 

Ардчилалаа л алдаж болохгүй шүү, залуусаа! Хязгааргүй мөнхөд орших орчлонд нэг л удаа хүн болох заяатай төрчихөөд,олон сая хойд солонгосын золгүй залуучууд шиг хувь заяаныхаа эзэн байх эрхээ нэг муу дарангуйлагчид алдана гэдэг бол харамсавч баршгүй явдал.Ахиж төрдөг бол яая гэхсэн!

Эх сурвалж: Өдрийн сонин

Бусдад түгээх
  • gplus