Өнгөрсөн зун хөдөө орон нутагт баавгай, бамбарууш айлын хоттой хонь руу дайрсан хэд хэдэн хэрэг гарсан билээ.
Ер нь манайд баавгай элбэгшээд байгаагийн шалтгаан юу байна вэ гэвэл Хэнтийн нурууны ойтой газрын захаар л ийм тохиолдол ажиглагдаад байна.
МУИС-ийн Биологийн тэнхмийн багш, профессор Р.Самъяаг “Энд тэнд үзэгдээд, хүн амьтан айлгаад байгаа баавгай бол манай нутгийн л баавгай. Энэ жил Хэнтийд самар, жимс ургаагүй. Хушны самар, байгалийн бүх төрлийн жимс, жимсгэнэ баавгайн намрын идэш тэжээлийн зайлшгүй бүрдэл хэсэг.
Тэжээл хомс болсноос баавгай тэнэх нь элбэг болно. Нөгөө талаар ихэнхдээ залуувтар баавгай үзэгдэх болсон тухай мэдээлэл бий. Баавгай олширсноос залуу баавгай шинэ орон зай хайж явах магадлалтай. Гэхдээ энэ талаар байнгын ажиглалт, судалгаа хийж байж л үнэн зөв дүгнэлт гарна. Манай орны хувьд тайгын амьдрал хайхрах эзэнгүй байна. Дархан газрын захаар энд тэнд суугаа хэдэн байгаль хамгаалагчид байгаль, ан амьтандаа нүд, чих тавих нь ховор болсон.
Өөр нэг ноцтой шалтгаан байж болохыг үгүйсгэх аргагүй. Юу гэвэл, хүний хөл байгалийн зэрлэг амьтдын нутагт гүн нэвтрэх болсноос зөрчил үүсэх магадлал өндөр. Гар аргаар алт олборлогчид, хулгайгаар мод бэлтгэгчид, хууль бус ан гөрөө хийгчид тайгын гүнд нэвтрэх болсноор зэрлэг амьтны байршилд таагүй нөхцөл үүсч, орон нутгаасаа дайжих хандлага илэрч байж болзошгүй” гэжээ.
О.Гэрэл
Оллоо.mn