Иргэд ипотекийн зээлийн талаар мэдээлэл хомс байна
Иргэдийн хүсэлтийг 14 хоногийн дотор шийдвэрлэнэ

Орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрийн талаар иргэд дараах асуултуудаар хаана, хэнд хандахаа мэдэхгүй төөрөгдөж байгаа билээ. Тиймээс иргэдийн сонирхсон нийтлэг асуултуудад мэргэжлийн байгууллагынхан хариулж байна.

-Иргэд зээл хүссэн материалаа банкинд бүрдүүлж өгснөөс хойш сан­хүү­жилт байхгүй гэсэн шалтгаанаар тодор­­хойгүй хугацаагаар хүлээгдэж байна. Сан­хүү­жил­тийг тодорхой цаг хугацаанд иргэдэд нээлттэй хийж болохгүй юм уу?

-Эх үүсвэрийг Монголбанкнаас тухай бүр шилжүүлж байгаа. Банкууд зээл хүссэн иргэдийн өргөдлийг өөрсдийн дотоод журмын дагуу тодорхой хугацаанд шийдвэрлэдэг. Тухайлбал, 14 хоногийн дотор шийдэж өгч байгаа.

-Санхүүжилт байхгүй гэсэн үндэслэлээр банкууд ипотекийн зээлийг олгохгүй байна гэсэн мэдээлэл байна. Дахин санхүүжилтийг хэрхэн хийж байна вэ?

-Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанк тухай бүр банкуудад олгож байгаа. Дэд хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний үетэй харьцуулахад банкуудын зээл олголтын хурдац буурч байгаа хэдий ч журамд заасан шаардлагыг хангасан зээл хүсэгчдэд банкууд орон сууцны ипотекийн зээл олгосоор байна.


Жирэмсний амралттай болон тэтгэвэрт гарах дөхсөн иргэд хамрагдаж болно

-Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт халамжийн мөнгө авдаг иргэд, жирэмсний амралт авсан иргэд хамрагдах боломжтой юу?

-Боломжтой. Нийгмийн даатгалын дэвтэрт тасралтгүй бичилт хийгдсэн байх шаардлагатай бөгөөд орлого нотлох баримтыг бүрдүүлсэн байхад зээлд хам­рагдана. “Ипотекийн зээлийн үйл ажил­лагааны журам”-ын 13.4.3-т заасны дагуу тахир дутуугийн тэтгэмжийн дэвтэр, тэтгэврийн дэвтэр, халамжийн дэвтэр, шүүхийн тогтоол, бусад халамжийн дэвтэр дээрх иргэдийн тэтгэмжийг өрхийн бусад орлогын эх үүсвэрт оруулж тооцно.

-Бизнесийн зээл авсан иргэн орон сууцны найман ху­вийн хүүтэй зээл авах боломжтой юу? Хэрэв авах бо­ломжтой бол ямар эрх зүйн зохицуулалт байна вэ?

-Санхүүжилтийн журмын шалгууруудыг хангасан то­хиолдолд боломжтой. Энэ тохиолдолд зээлийн нийт төл­бөрийг өрхийн зарлагад тооцон зээлдэгчийн өр-орлогын харь­цааг тооцож дэд хөтөлбөрийн шалгуурыг хангаж байгаа (ӨОХ<45%) эсэхийг шалгадаг.

-Уул уурхайн салбарт ажиллаж байгаа иргэдэд зарим банкууд эрсдэлтэй гэж үзэн найман хувийн зээл олгохгүй байна. Ямар эх үүсвэр, баталгаагаар зээл авах боломжтой вэ?

-Дэд хөтөлбөрийн хүрээнд тухайн нэг салбарт ажил­лагсдыг ипотекийн зээлд хамруулахгүй байх бодлого, зохи­цуулалт байхгүй. Энэхүү асуудал нь тухайн банкны дотоод журам, бодлогоор зохицуулагдана. Харин зээлийн журамд заагдсан шал­гууруудаа хангаж чадаж байх ёстой.

-Хувиараа бизнес наймаа хийж байгаа хүмүүс найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж болох уу?

-Болно. Зээлийн журамд заасан ерөнхий шаардлага, шалгуурыг хангаж байгаа тохиолдолд боломжтой. Түүнчлэн хувиараа бизнес эрхэлдэг иргэдийн орлого нь тогтмол биш байдаг бөгөөд орлогын тогтвортой байдлыг шалгахын тулд банк орлого батлах баримт бичгүүдийг зээл хүсэгчээс гаргуулж, орлогын тогтвортой байдлыг судалж тогтооно.

-Гадаадад ажилладаг боловч гэр бүл нь Монгол Улсад суугаа иргэний гэр бүлийн гишүүний орлого хүрэхгүй тохиолдолд өөрийн нэр дээр ипотекийн зээлд хамрагдах боломжтой юу? Үүнд ямар зохицуулалт байна вэ?

-Боломжтой. Орон сууцны ипотекийн зээлтэй холбоотой журмуудад гадаадад ажиллаж буй иргэдийг 8 хувийн хүүтэй хөтөлбөрийн зээлд хамруулахгүй талаар хориглосон заалт байхгүй. Хэрэв үндсэн зээлдэгч нь гадаадад ажиллаж байгаа бол хамтран зээлдэгчдээ итгэмжлэл олгосон байх нь зохимжтой.

-Тэтгэвэрт гарахад 7-8 жил үлдсэн хүн ипотекийн зээлд хамрагдах боломж бий юу?

-Боломжтой. Ипотекийн зээлтэй хол­богдолтой аливаа жу­рамд тэтгэврийн настай, эсвэл тэтгэврийн нас дөхсөн ир­гэнд ипотекийн зээл олгохыг хориглосон заалт байхгүй бө­гөөд банкууд өөрсдийн хийсэн зээлийн шинжилгээнд үндэс­лэн зээл олгох шийдвэрээ гаргана. Гэхдээ ипотекийн зээл нь урт хугацаатай учир зээлийн нийт хугацаанд зээл­дэгчийг амь насны даатгалд хамруулах шаардлагатай байдаг.

-Квотоор байр авсан төрийн албан хаагчдыг найман хувийн зээлд хамруулж болох уу?

-Болно. Зээлийн журамд заасан шалгууруудыг хангаж байгаа тохиолдолд 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авах бүрэн боломжтой.

-Банкнаас зээл авахын тулд заавал тухайн банкны үйлчлүүлэгч, тухайн банкаараа дамжуулан цалингаа авдаг бай­хыг шаардаж байна. Энэ талаар?

-Монголбанкнаас энэ талаар хязгаар­ласан аливаа зохи­цуулалт байхгүй. Банкууд орон сууны ипотекийн зээлийн эрсдэлийг өөрсдөө бүрэн хариуцдаг тул болзошгүй эрс­дэлээс сэргийлэх арга хэмжээг өөрсдийн дотоод дүрэм, жур­мын дагуу хэрэгжүүлдэг.

-Ипотекийн зээлийг нэгэнт авсан байхад ямар нэг шалт­гаанаар зээлийн хугацаанд зээл буцаагдах боломж байдаг юм уу?

-Ипотекийн зээлийг хоёрдогч зах дээр зарах үед ипо­текийн зээлийг анх олгоход, эсвэл дахин санхүүжилт хийхэд, эсвэл зээлийн багц худалдан авахад дэд хөтөлбөрийн хүрээнд тавьсан шаардлага, шалгуурыг хангаагүй тохиол­долд МИК ОССК ХХК нь уг зээлийг дэд хөтөлбөр, түүний хүрээнд мөрдөгдөж буй журам, цаашилбал Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хууль зэрэг холбогдох хууль, журамд нийцүүлэхийг шаардаж, банкуудад эргэн мэдэгддэг. Учир нь МИК ОССК ХХК нь эдгээр зээлүүдийг дэд хөтөлбөрийн шалгуурыг хангасан тохиолдолд л ху­далдан авах боломжтой. Дэд хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө олгогдсон зээлийн хувьд дахин санхүүжилт хийгдэж 8 хувийн хүүтэй зээлд шилжиж байгаа. Банк энэхүү зээлийг МИК ОССК ХХК-д худалдахаар гэрээ хийхийн өмнө үнэт цаасжуулах үйл ажиллагааны эрх зүйн шаардлагыг хангах зорилгоор зарим тохиолдолд нэмэлт гэрээ болон нэмэлт баримт авах шаардлага үүсч байна.


Урьдчилгаагаа хэрхэн бүрдүүлснээ банкиндаа тайлагнаарай

-Ипотекийн зээлийн урьдчилгаа мөнгөө хэрхэн олсон тухай зээл авч буй банкиндаа заавал тайлагнах ёстой юу?

-Тайлагнах шаардлагатай. Учир нь банк зээлийн эрс­дэлийг бүрэн хариуцдаг тул урьдчилгаа төлбөрийг бусдаас зээлэх хэлбэрээр бүрдүүлсэн тохиолдолд зээлийн хуга­цаанд тухайн зээлдэгчийн төлбөрийн чадварт дарамт үүсэх эсэхийг шалгах үүднээс энэхүү баримтыг шаарддаг.

-Ипотекийн зээлийн урьдчилгааны барьцаанд өгч байгаа байрыг арилжааны банкууд хэт доогуур үнэлэх эрсдэлд хэн хяналт тавих вэ?

-Үүнд Монголбанк шууд хяналт тавих эрх зүйн зохи­цуулалт байхгүй. Гэхдээ тухайн банк Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 17.1-д заасан барьцаа хөрөнгөнд тавих ерөнхий шаардлагыг хангаж байгаа эсэхийг судалж, барьцаа хөрөнгийг өөрийн эрсдэлийн бодлого, барьцаа хөрөнгийн үнэлгээ хийх аргач­лалд үндэслэн барьцаа хөрөнгийн үнийн хандлага, зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн үнэлдэг байгаа.

-Хашаа байшин ч ялгаагүй үл хөдлөх хөрөнгө байтал яагаад урьдчилгаа төлбөрт хашаа байшинг байршуулж болохгүй байна вэ?

-Орон сууцны ипотекийн зээлийн барьцаа болж буй үл хөдлөх хөрөнгө нь Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээ­лийн үйл ажиллагааны журам”-ын 17.1-д заасан ерөн­хий шаардлагыг хангасан байх бөгөөд үнэлгээ сайтай, дэд бүтцэд бүрэн холбогдсон, орон сууцны ипотекийн зээ­лийн барьцаа болох боломжтой, цаашид зээлийн эрсдэл дагуулахааргүй байх нөхцөлийг хангасан байх шаардлагатай.

-Урьдчилгаа мөнгөнд тавьсан байрны мөнгийг төлж дууссан ч байрны ордер 20 жил банкинд хадгалагдах ёстой гэж байна. Яагаад. Бид урьдчилгаа мөнгөө эргэн төлж байгаа шүү дээ.

-Урьдчилгаа 30 хувийн төлбөрт орон сууц барьцаалан зээл авсан бөгөөд уг төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд урьдчилгаа төлбөрт барьцаалсан орон сууцыг барьцаанаас чөлөөлөх боломжтой. Энэ тохиолдолд тухайн зээлийн хөрөнгийг үнэт цаас гаргагчид худалдсан тохиолдолд үнэт цаас гаргагч эсвэл түүний эрх олгосон этгээдээс зөвшөөрөл авах шаардлагатай. Уг үүргийг МИК ОССК ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд зээл бүрэн төлөгдөж дууссан тухай мэдэгдэл баримтыг банкуудаас хүлээн авч хяналт тавьж тулгалт хийсний дараа чөлөөлсөн тухай мэдэгдлийг иргэнд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын нэр дээр гаргаж байна.


Орон нутгийн иргэдэд ч ижил шаардлага тавина

-Орон нутагт ипотекийн зээл олгоход арилжааны банкуудын шаардлага өөр, өндөр байгаа юу?

-Тухайн нэг банкны хувьд хот, хө­дөөгийн зээл­дэгчийн хувьд ижил нөх­цөлөөр зээл олгоно. Орон сууц­ны ипотекийн зээ­лийн барьцаа хөрөнгө болж буй орон суу­цанд тавигдаж байгаа зөвхөн нэг шаардлага нь дэд бүт­цэд бүрэн хол­богдсон байх бөгөөд зээлийн журамд заасан барь­цаа хөрөн­гийн шаардлага, шалгуурыг хангахаас гадна ту­хайн банкны барьцаа хөрөнгийн талаар баримталж буй бод­лого, үнэлгээг дагах ёстой.

-Сүхбаатар аймгийн иргэн Хэнтий аймагт байр авахаар урьдчилгаа 30 хувийг төлсөн. Гэтэл Сүхбаатар айм­гийн арилжааны банк ам метрийг нэг сая төгрөгөөс хэт­рүү­лэхгүй үнэлнэ, зөрүү мөнгийг нь төл гэж байна. Банк өөрөө үнэлгээ өгөх эрхтэй юм уу?

-Барьцаа хөрөнгийн үнэлгээг эрх бүхий байгууллагаас зохицуулсан заалт байхгүй бөгөөд банкууд өөрсийн эрсдэлийн удирдлагад үндэслэн барьцаа хөрөнгийн үнэлгээг хийж байна.

-Банкууд зээлээ шалгуурын дагуу олгох ёстой хү­мүүс­тээ олгож чадаж байгаа эсэхт хэн хяналт тавьдаг вэ?

-Монголбанк нь банкуудын зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллага бөгөөд Монголбанкны Хяналт шалгалтын газар нь найман хувийн хүүтэй ипо­текийн зээлийг олгоход баримтлах Засгийн газар болон Монгол­банкнаас тог­тоосон шалгуурыг ханган ажиллаж байгаа эсэхэд 2013 оны есдүгээр сард банкуудад шалгалт хийж, гарсан зөрчлийг тухай бүр арилгуулах арга хэмжээ авсан. Харин олгосон зээлийн эрсдэлийг зээлдүүлэгч банк хүлээж байгаа тул зээл олгох эсэх шийдвэр нь тухайн банк­ны бүрэн эрхийн асуудал юм.

-Банкууд найман хувийн хүүтэй зээлд хамрагдахад өндөр шаардлага тавьж байна. Ийм эрх банкуудад байгаа юу?

Тийм. Засгийн газар, Монголбанкнаас баталсан журмаар орон сууцны 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг авах иргэнд тавигдах хамгийн бага шалгуурыг тогтоож өгсөн тул зээлдүүлэгч банк нэмэлт шаардлага тавих бүрэн эрхтэй.

-Банкны зээлийн эдийн засагчид авилига авч, хуурамч бичиг баримт бүрдүүлж иргэдийг хохироож байна. Үүнд хэн хяналт тавьж, арга хэмжээ авах ёстой вэ?

-Тус асуудлыг тухайн банкны дотоод аудитын газар, Авлигатай тэмцэх газар, Монголбанк, хууль, хяналтын бусад байгууллагад нотлох баримтын хамт хандаж, шийд­вэрлүүлэх шаардлагатай.

-Банкуудын зээлийн тооцоолуурт хэн хяналт тавих вэ. Тооцоолуурыг нь шалгаад үзэхээр зарим банкных наймаас илүү хувьтай гараад байна. Энэ ямар учиртай вэ?

-Банкууд зээл, зээлийн хүүгийн тооцооллыг Монгол­банкнаас баталсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын дагуу хийх ёстой. Зээлийн хүү жилийн найман хувиас илүү гарч байгаа тохиолдолд хариуцсан эдийн засагчаасаа тодруулах, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн (хүү төлсөн баримт, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, холбогдох бусад баримт) тухайн банкны дотоод аудитын газарт хандах, мөн Монголбанкинд гомдол гаргаж болно. Хэрэв дээрх журмыг зөрчсөн нь баримтаар нотлогдвол тухайн банк хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй.

-Санхүүгийн зохицуулах хороо, МИК-ийн ипотекийн зээлд ямар үүрэгтэйгээр оролцдог вэ?

-СЗХ нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг хэрэг­жүүлж, хяналт тавих Төрийн институци юм. Үнэт цаасны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хууль бусаар эрсдэлд оруу­лахаас урьдчилан сэргийлэн хуулийн хэрэгжилтийг хянах эрхтэй оролцогч төрийн байгууллага болно. МИК ОССК ХХК нь ипотекийн хоёрдогч зах дээр үйл ажил­лагаа явуулдаг санхүүгийн байгууллага бөгөөд Тусгай зориулалтын компани байгуулж, банкуудаас орон сууц­ны ипотекийн зээлийг багцлан худалдан авч, түүгээр баталгаажсан бонд гаргах үйл ажиллагааг явуулж байна.


Зээлдэгчид заавал даатгалд хамрагдах ёстой

-Орон сууцны зээлээ доллараар авсан тохиолдолд ханшийн эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ. Ханш өсөөд ханшийн зөрүүнээс алдагдал хүлээх үед ямар арга хэмжээ авах нь зөв бэ?

-Орон сууцны ипотекийн зээлийг гадаад валютаар олгосон тохиолдолд банк, зээлдэгч аль аль нь ханшийн бол­зош­гүй эрсдэл хүлээж байдаг. Банк орон сууцны ипо­текийн зээлийг гадаад валютаар олгохдоо тухайн зээл хү­сэгчийн орлого гадаад валютаар зонхилж байгаа эсэхийг голч­лон хардаг. Гадаад валютын ханшийн өсөлтөөс үүдэх эрсдэлээс урьдчилан хамгаалахын тулд санхүүгийн үүсмэл хэрэгсэл болох форвард хэлцлийг ашиглах боломжтой.

-Зээл өгөхдөө банкууд яагаад өмнөхөөс илүү материал шаардаад байна вэ. Яагаад даатгал төлөх хэрэгтэй вэ?

-Зээлдэгч эрсдэлд орсон тохиолдолд нэг талаас зээл­дэгчийг болон түүний өв залгамжлагчийг хөрөнгөө алдахаас хамгаалах, нөгөө талаас барьцаалуулагчийг зээлээ бу­цаан төлөгдөхгүй байх эрсдэлээс хамгаалах зорилгоор даат­гал хийгддэг. Зээлдэгч нь хөрөнгийн даатгал, зээлийн даатгал (амь насны)-д хамрагдсанаар зээлдэгчийг банкны болон МИК ОССК ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн тасалдал, эсвэл орон сууцны үнэ цэнийн бууралтаас үүсч болзошгүй аливаа эрсдэлээс хамгаалахад ихээхэн ач холбогдолтой юм. Харин зээлдэгч даатгагчийг өөрөө сонгох эрхтэй.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • martinez gomez 2015-04-02 09:40:01
    U бага 3 % -ийг хүүтэй, бизнес эхлүүлэх зээл хэрэгтэй вэ у таны хүсэл мөрөөдлөө actualize туслах martinezgomezloan@gmail.com холбоо барина уу: 1: Бизнесийн з...
    196.46.245.137
    Мэдэгдсэн Хариулах
  • hudlaaa yari  2014-12-19 02:56:59
    naad bankuud chini arai denduu elii balai nuhtsultei bn lee nuhtsul arai yma dund orlogtoi ireged naad nutsuliig chini yagaad ch dawahgui bolson bn le
    124.158.79.2
    Мэдэгдсэн Хариулах
  • АСУУЛТ 2014-09-24 08:46:26
    АЛЬ АЛЬ БАНКУУД 8%ЫН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙГАА ВЭ
    202.179.20.153
    Мэдэгдсэн Хариулах