''Хамтдаа суралцъя, хөгжье'' уриатай ''RISE'' хөтөлбөрт 1000 оюутан нэгдлээ
Амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нээж, их дээд сургуулийн босго алхсан нэгдүгээр курсийн шинэхэн оюутнуудад эрч хүч, урам зориг өгч, басхүү мэдлэг мэдээлэл, туршлага хуваалцан “Хамтдаа суралъя, хөгжье” хэмээн уриалдаг “RISE” хөтөлбөрийн энэ жилийн нээлт өнгөрсөн ням гарагт “CROCUS event hall”-д боллоо.

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагын хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас “Unread”-тэй хамтран 2 дахь жилдээ хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд шинээр оюутан болсон хүүхэд залууст зориулан бие даан амьдрах, хотын соёлд суралцах, санхүүгээ зөв зохицуулах, амжилттай суралцах арга барилд сурган дэмжих зорилгоор бүтэн жилийн турш олон сонирхолтой арга хэмжээ, сургалт, хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ.

Өнгөрсөн жил тус хөтөлбөрт 800 гаруй оюутан хамрагдаж байсан бол өнөө жил 1000 оюутан нэгдэж, мэдлэг оюундаа хөрөнгө оруулалт хийсэн нь “RISE” хөтөлбөр илүү өргөжсөнийг харуулж байна.



Өчигдрийн арга хэмжээг нээж ХААН Банкны гүйцэтгэх захирал Жон Белл оюутнуудад хэрхэн амжилттай суралцах тухай зөвлөгөө өгч, амжилт хүссэн бол салбарын манлайлал болсон чадварлаг мэргэжилтнүүд “Санхүүгийн сахилга баттай байх нь хувь хүний хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ, “Тогтвортой хөгжилд таны оролцоо” сэдвээр илтгэл тавьж, оюутан байх хугацаандаа хэрхэн сайн суралцаж, ирээдүйдээ бэлтгэх тухай хэлэлцүүлэг өрнүүлэн суралцах арга барил, туршлагаасаа хуваалцан, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Мөн шинэ оюутнуудад хэрэгтэй мэдээллийг нэг дор цогцоор нь төвлөрүүлсэн мэдээллийн булангууд энэ үеэр ажилласан нь онцлог байв.

Тухайлбал, “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны цахим картын мэдээлэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв оюутнуудад эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах тухай танилцуулсан бол ХААН Банк Сангийн ажилтнууд оюутнуудад зориулсан соёл урлагийн үзвэр үйлчилгээ, банкны цахим үйлчилгээг хэрхэн амар хялбар авах, мөн “RISE” хөтөлбөрийн тухай оюутнуудад илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

“RISE”-ийн нээлтийн арга хэмжээ бүхэлдээ Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжиж, хэрхэн хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх тухай оюутнуудад мэдлэг, мэдээлэл хүргэж, байгаль дэлхийгээ хайрлахад уриалсан нь мөн онцлууштай байлаа.



Учир нь зохион байгуулагчдын зүгээс оюутнуудыг өөрсдийн аягатайгаа хүрэлцэн ирэхийг уриалж, нэг удаагийн хэрэглээнээс хамтдаа татгалзаж эко байж чаджээ.

Мөн “Ногоон царцаа”, “Zero Waste Mongolia” зэрэг эко нэгдлүүдтэй хамтран ажиллаж, тухайн арга хэмжээг хог хаягдал багатай зохион байгуулж, нээлтийн үеэр гарсан бүхий л хогийг ангилан, дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргүүлэв.

“RISE” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд оролцсон оюутан залуус сэтгэл хангалуун, дурсамж дүүрэн нэг өдрийг ХААН банк Сан болон “Unread”-ийн хамт олонтой өнгөрүүлсэн юм.

Уг хөтөлбөрийн хүрээнд хичээлийн шинэ жилийн турш олон сонирхолтой, үр өгөөжтэй сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд нээлтийн арга хэмжээнд оролцож амжаагүй оюутнууд “RISE” хөтөлбөрийн фэйсбүүк хуудсанд ЭНД дарж бүртгүүлэн, мэдээлэл авснаар дараагийн бусад арга хэмжээнд хамрагдах боломжтой юм.

“Суралцъя, хөгжье” уриатай зохион байгуулсан энэ хөтөлбөрт ирсэн оюутнууд  дөрвөн жилийн дараа буюу сургуулиа төгсөөд ямар өөрчлөлтийг өөртөө бий болгосон байх талаар хүсэл мөрөөдөл, зорилгоо самбарт бичсэн нь сонирхолтой байв. Оюутнууд ихэвчлэн гадаадад мэргэжлээ дээшлүүлнэ, улс орондоо хэрэгтэй боловсон хүчин болно, нийгэмдээ хэрэгтэй, тустай үйл хийнэ гэж бичсэнээс харахад эх орны ирээдүй болсон залуус гэрэл гэгээтэй зүйл рүү, өөрийгөө хөгжүүлэх, боловсруулах зүйлд тэмүүлдэг болжээ.





Жишээлбэл “Гадаадын магистрын тэтгэлэгт заавал хамрагдана. “Youtube” сувагт 50.000 дагагчтай болох, өглөөний уулзалт зохион байгуулдаг хүн болох, найман орноор аялсан байна”, “Англи хэлний мэдлэгээ хангалттай сайжруулж, франц хэлээр чөлөөтэй ярьж, уншиж, бичиж сурсан байх болно. Мөн их сургуулиа 4 голчтой төгсөж олон найз нөхөдтэй болно”, “МҮОНТ-д сэтгүүлч мэргэжлээр ажилд орно. Заавал сайн сэтгүүлч болно”,”Дөрвөн жилийн дараа тагнуул, эсвэл Гадаад харилцааны яаманд ажилд орсон байна” гэх мэтээр алс хэтийн зорилго хүсэл мөрөөдлөө бичсэн байв.

Энэ жилийн “RISE” хөтөлбөрөөрөө Тогтвортой хөгжлийг онцоллоо

ХААН Банк Сангийн менежер М.Мандахмягмар “ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан маань улс оронд тэргүүлэх хэд хэдэн чиглэлд нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Үүний нэг нь мэдээж боловсролын салбарт, ялангуяа оюутан, залуус руу чиглэсэн олон ажил санаачилж хийдэг, мөн олон төсөл, хөтөлбөрүүдийг олон байгууллагатай хамтарч хэрэгжүүлдэг.

Өнгөрсөн жил бидний санаачилгаар шинээр оюутан болж байгаа залуусыг дэмжих, эерэг хандлагатай, хариуцлагатай, их хотын соёлтой, чадварлаг боловсон хүчин болоход дэмжих зорилготой RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийг эхлүүлж байлаа. Өнгөрсөн жил оюутнуудад сонирхолтой хэрэгтэй сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж байсан. Харин энэ жил 1000 оюутныг цуглуулж, туршлагатай эрхмүүдийг урин сонирхолтой сэдвээр илтгэл толилуулж, салбар бүрийн чадварлаг зочидтой хэлэлцүүлэг өрнүүлэн нээлтээ хийлээ. Манай хөтөлбөрт бүртгүүлсэн нийт оюутнууд бүтэн жил нийт бүртгүүлсэн оюутнууд төрөл бүрийн арга хэмжээнд оролцох, сайн дурын ажилд оролцох боломжтой.

Өнгөрсөн жил байгаль, экологийн чиглэлээр суралцдаг оюутнуудыг “Монголын экологийн форум”-д сайн дурын ажилд хамруулахын зэрэгцээ мэргэжлийн чиглэлээр нь илүү мэргэшүүлэхээр мэргэжилтнүүдийн лекц зөвлөгөөг сонсгож байлаа. Мөн бүртгүүлсэн оюутнуудаас хувь хүний хөгжил, илтгэх урлаг, санхүүгийн боловсролын сургалт хөтөлбөрүүдэд хамруулсан.

Энэ жилийн гол онцлог бол Тогтвортой хөгжлийг дэмжиж буй юм. Тогтвортой хөгжлийн талаар НҮБ-ын мэргэжилтэн Б.Булганчимэг илтгэгч оюутнуудад мэдээлэл өглөө.

Энэ удаагийн нээлтийн арга хэмжээнд оюутнуудад хэрэгцээт мэдээлэл хүргэх зургаан төрлийн мэдээллийн булангаар аялуулан мэдээлэл хүргэлээ. Их хотод оюутан байхад юуг анхаарах, хотын соёлд яаж суралцах зэрэг зайлшгүй мэдэх зургаан сэдвийн хүрээнд өөрт хэрэгтэй зүйлсээ олж мэдэж авахад нь тусаллаа” гэв.

Залуус минь мөнгийг зохицуулах биш удирдаж сураасай гэж хэлье

Оюутнуудад санхүүгийн боловсролын талаар илтгэл тавьсан АFA академийн үүсгэн байгуулагч, лектор, амьдралын дасгалжуулагч Ш.Амартүвшин “Энэ жил оролцогчийн тоо 200 оюутнаар нэмэгдсэн байна. Мэдээж 200 хүнд нэмж хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг. Энэ жилийн хувьд Тогтвортой хөгжлийг дэмжиж үйл ажиллагаагаа ногоон эко байлгахаар зорьсон нь сайхан санагдав. Цаашдаа энэ хөтөлбөрийг яаж өргөжүүлж хөгжүүлэх вэ гэвэл залуучуудаа их оролцуулаасай. Залуучуудаа хөгжүүлээсэй. Оюутан залуустаа хандаж хэлэхэд санхүүгийн боловсролын тухайд гэвэл мөнгийг зохицуулах биш удирдаж сураарай гэж хэлье” гэлээ.

Ингээд “RISE” хөтөлбөрийн арга хэмжээнд анх удаа оролцож байгаа оюутнуудын сэтгэгдлийг сонслоо.

Энэ хөтөлбөрт сайн дурын ажилтнаар ажиллалаа

МУИС-ийн Хуульзүйн сургуулийн II курсийн оюутан М.Мөнх-Оргил “RISE хөтөлбөрт өнгөрсөн жил өөрийн хүсэлтээрээ элсэн орж байсан. Надад олон асуудал тулгарч байсан. Тэр бүхнийг энэ хөтөлбөрөөс олж авсан. Харин өнөө жил энэ хөтөлбөрт сайн дурын ажилтнаар ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн давуу тал бол шинээр оюутан болсон залууст тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэж, сурч хөгжихөд нь ихээхэн урам дэмжлэг болж байгаад баяртай, таатай санагддаг” гэв.

Миний зорилгодоо хүрэхэд нөлөөлөх хүчин зүйл бол RISE хөтөлбөр

СУИС-ийн I курсийн оюутан Б.Урангоо “Энэ хөтөлбөрийн тухай сошиал медиагаас анх олж мэдсэн. Оюутнуудад их хэрэгтэй хөтөлбөр байдаг гэж найзуудаасаа ч сонссон. Тэгээд өнөөдөр ирээд лекцийг нь сонсоход оюутан бидэнд тулгамддаг асуудлынхаа хариултыг олж авлаа. Миний хувьд дөрвөн жилийн дараа СУИС-иа мэргэжлийн бүжигчнээр төгсөнө. Мэдээж нэр алдартай мундаг бүжигчин болно. Миний зорилгодоо хүрэхэд нөлөөлөх хүчин зүйл бол энэ RISE хөтөлбөр гэж харлаа.

Мөн энэ хөтөлбөрт ирснээр оюутнуудад зориулсан цогц мэдээллийг олж авсан. Тухайлбал, эрүүл мэндийн үйлчилгээ болон ХААН Банкны цахим үйлчилгээ, чөлөөт цаг заваа өнгөрүүлэхэд зориулсан соёл урлагийн үзвэр үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авсан” гэлээ.

RISE хөтөлбөрийн талаар фэйсбүүкээс олж мэдсэн

МУИС-ийн Бизнесийн сургуулийн I курсийн оюутан С.Билгүүн “Хэнтий аймгийн Бор-Өндөрөөс оюутан болж ирсэн. RISE хөтөлбөрийн тухай фэйсбүүкээс олж мэдсэн. Эндээс маш хэрэгтэй мэдээллээ олж авлаа. Жишээлбэл, хог хаягдлыг хэрхэн боловсруулах, эрүүл мэнд, соёл урлагийн хөтөлбөрт хэрхэн хамрагдах, нийтийн тээврээр зорчих оюутны цахим үнэмлэх, ХААН Банкны цахим үйлчилгээг хэрхэн ашиглах талаар маш их хэрэгтэй мэдээллийг олж авлаа. Мөн мөнгө санхүүгийн боловсролын талаар сонирхолтой илтгэлүүд сонслоо. Энэ хөтөлбөрт ирсэн өөрийгөө азтай гэж бодож байна. Бүх үйлчилгээ нь үнэ төлбөргүй, асууж мэдэх гэсэн зүйлээ олж авч чадсан. Дөрвөн жилийн дараа өөрийн сурсан мэргэжлээрээ ажил төрөлтэй болж сайхан амьдралыг цогцоолно” гэв.

Шинэ оюутнуудад шинэ таатай боломж олгодог

“RISE”  хөтөлбөрийн оролцогч, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн I курсийн оюутан Ц.Цэвээнравдан “ХААН Банкнаас хэрэгжүүлж байгаа RISE хөтөлбөрт оролцлоо. Оюутан бидэнд хэрэгтэй зургаан төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлж, дэлгэрэнгүй тодорхой мэдээлэл өгсөн нь их таалагдсан. Шинэ оюутнуудад шинэ боломж олгож байгаа нь давуу тал гэж харлаа. Цаашид өөрийгөө хөгжүүлж бодож санаж байгаа бүхнээ хэрэгжүүлнэ” хэмээв.

Ийнхүү хүүхэд, оюутан залуусын боловсролд чиглэсэн олон хөтөлбөрүүдийн нэг “RISE” хөтөлбөр хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж эхэллээ.












 
Бусдад түгээх
  • gplus