Өнөөдрөөс Засгийн газар Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж, үйл ажиллагаагаа танилцуулна

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.

Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд салбарынхаа ажлыг сурталчлан, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг хүргэх юм. 

2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын Ажлын алба, Шадар сайдын Ажлын алба, Сангийн яамны өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлнэ.

Өдөрлөгийн үеэр Улаанбаатар-Дархан, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамын шинэчлэл, өргөтгөл, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, орон сууцны “Солонго I, II хороолол төсөл”, нисэх онгоцны шинэ буудал, “Шинэ сум” төсөл, Байгалийн түүхийн музей, Төв цэвэрлэх байгууламж, цэнгэлдэх хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтын ажлын өнөөгийн явцын талаар танилцуулна. Мөн Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд ажлаа сурталчлах юм. 

2019.09.16-ны өдөр Иргэд, олон нийттэй харилцах төв иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, хөрөнгө оруулагчдад нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгч иргэний бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах, автомашины дугаар олгох, шилжүүлэх, татварын өр, тооцоотой эсэх тодорхойлолт гаргах, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах болон барилгын зураг хянуулах хүсэлт хүлээн авах, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээ, мэдэгдлийг судлан газар дээр нь олгох, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалт хийх, стандартын сургалтын бүртгэл явуулна.  

Төрийн банк үнэгүй данс, карт нээж өгч, Гялс банкны үйлчилгээ үзүүлэх бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК үнэт цаасны эзэмшил, өмчлөх эрх, бүртгэл, компаниудын ногдол ашиг, хувь тараах талаар  мэдээлэл өгөх юм байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, ягаан, цэнхэр тасалбар, ногдол ашиг зэрэгтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авна.

Зээлийн батлан даалтын сан, малын индексжүүлсэн даатгал, бусад төрлийн даатгал болон “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”, “Хөгжлийн хөтөч, дэд бутэц төсөл”, “Тогтвортой амьжиргаа-3 төсөл”, “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Бичил санхүүгийн хөгжил төсөл”, “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” зэрэг төслийн талаар танилцуулах юм.

Цаашид яам, агентлагууд хуваарьт өдрөө ажлаа тайлагнахаас гадна иргэдэд төрийн зарим үйлчилгээ үзүүлнэ.

Тухайлбал:

2019.9.17  Гадаад харилцааны яам - Консулын газар иргэдэд зөвлөгөө өгөх, Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрууд тухайн улсынхаа үндэсний хоол, бүтээгдэхүүнээр үйлчилж, мэндчилгээ дэвшүүлэх

2019.9.18  Эрүүл мэндийн яам - Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоо, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүүхдийн хараа, чих, хамар, хоолой зэрэг үзлэг

2019.9.19  Хууль зүй, дотоод хэргийн яам - Цагдаагийн байгууллагад өгөх иргэдийн санал, хүсэлт, өргөдөл хүлээн авна. Иргэний болон хуулийн этгээд, эд хөрөнгийн улсын бүртгэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, оюуны өмчийн эрхийн мэдүүлэг авах, гадаадын иргэний виз, зөвшөөрөл, цахим визний танилцуулга, зөвлөгөө 

2019.9.20  Байгаль орчин, аялал жуулчлалын яам - Тусгай зөвшөөрлүүдийн материал бүрдүүлэлт, сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хэрэглэх,  “Ногоон хэрэм” төслийн хүрээнд мод тарих зэрэг зөвлөгөө

2019.9.21  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам - Ажлын байрны захиалга авч, ажилгүй иргэдийг зуучлах, нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, одонтой ээж, жирэмсэн эхчүүдийн материал, насны хишигтэй холбоотойгоор ахмадуудын өргөдлийг хүлээн авах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт олгох, сунгах, протез, ортопедийн танилцуулга, захиалга авах

2019.9.22  Зам, тээврийн хөгжлийн яам - Төмөр зам, авто зам, агаарын тээврийн  салбарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, иргэдийн санал бодлыг хүлээн авах

2019.9.23  Барилга, хот байгуулалтын яам - Тусгай зөвшөөрлийн хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах, газар өмчлөх, эзэмших, ашиглах, газар эзэмших эрхийн барьцаанд бүртгэх, бүртгэлгүй эсэх лавлагаа олгох, үл хөдлөх хөрөнгийн судалгаа, цэвэр, бохир ус, дулааны төлбөр тооцооны бодолт, үнэ тарифын мэдээлэл, зөвлөгөө өгөх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэх,

2019.9.24  Батлан хамгаалах яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам - Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн үзэсгэлэн, жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үнэгүй зөвлөгөө, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон бусад сангаас олгодог зээлтэй холбоотой мэдээлэл, малын эмийн хэрэглээний хяналт, баталгаажуулалт, үзэсгэлэн худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалахад зориулсан зөвлөгөө

2019.9.25  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам - Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын чиглэлээр мэдээлэл өгч танилцуулах, иргэдийн өргөдөл, гоидлыг хүлээн авах

2019.9.26  Эрчим хүчний яам - Иргэдийн гомдлыг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх, цахилгаан, дулааны техникийн нөхцөл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжээс өргөдлийг цахимаар хүлээн авах талаар зөвлөгөө өгөх, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, шинжлэх ухаан, инновацийн шинэ бүтээл, техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа 

2019.9.27  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам - Их, дээд сургуульд суралцагчид тэтгэлэг, зээлд хэрхэн хамрагдах, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаархи мэдээлэл, хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн хамрагдалт, ирц, үнэлгээ, гэрийн даалгавар зэргийг эцэг эхчүүд гар утаснаасаа шууд үзэх боломжтой системийг танилцуулах, гар утсанд суулгаж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.

 

  2019 оны 09 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэд соёл, урлагийн байгууллагууд 18.00-19.30 цагт Д.Сүхбаатарын талбайд уран бүтээлээ толилуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.