Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Парламент өнгөрсөн долоо хоног Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтээс асуух шийдвэр гаргав. Мөн өнгөрсөн хавар нам  байгуулна гэдгээ мэдэгдэж байсан Ж.Батзандан Л.Болд нарын ШИНЭ намын Улсын дээд шүүх бүртгэж авснаа мэдэгдлээ.  Ийнхүү өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
ШИНЭ намыг бүртгэв

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ж.Батзандан нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх энэ сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж,  уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам  нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгасан байна.
Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 34 дэх нам болж байгаа юм.

"Эрдэнэт" ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Эрдэнэт" ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг  сунгах асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ.
Онцгой дэлгэмийг өнгөрсөн гуравдугаар сард тогтоосон бөгөөд энэ хугацаанд "Эрдэнэт" үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон, шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгасан байна. Хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлэлцлийг хууль, хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлэхээр ажиллажээ. Шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Дархан төмөрлөгийн үйлдвэр, "Монголиан копер корпорашн"ХК, "QSI" ХК,  "Цемент шохой" ХК, "Цэц Мөнх" ХК зэрэг хуулийн этгээдтэй холбоотой компанийг хуулийн байгууллагад шалгуулах нь зүйтэй гэж үзэж зохих байгууллагад шилжүүлсэн байна. Онцгой дэглэм тогтоосон хугацаанд хоёр үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрсэн хэдий ч шалгалтын актаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй  гэрээ, хэлцэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа шаардлагатай байгаа аж. Мөн холбогдох албан тушаалтнууд мөнгө угаалтын схемтэй оролцсон байж болзошгүй гэж үзэж байгаа зарим компанитай асуудал шүүхэд шилжсэн байна. Иймд Засгийн газар "Эрдэнэт" ТӨҮГ, "Монголросцветмент" ТӨҮГ-т  тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах шаардлагатай байгааг УИХ дэмжиж,"Эрдэнэт" ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгалаа.
 
Ард нийтийн санал асуулга явуулна

Өнгөрсөн долоо чуулганы хуралдаанаар улс орон даяар Ард нийтийн санал асуулга явуулахаар шийдвэрлэв. Нэг үгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг ард түмний саналаар шийдвэрлэхээр болж байна. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг ард түмэн шийднэ гэсэн үг. 
Ард нийтийн санал асуулга сонгуультай адил сонгуулийн насны иргэдийн саналыг авдаг. Санал асуулгыг иргэдээс хэрхэн авах талаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд дараах байдлаар заажээ.
3 дугаар зүйл. Санал асуулгын зарчим:
3.1.Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ.
3.2.Санал асуулга бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бүр оролцох эрхтэй.
3.3.Иргэн санал асуулгад ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргана.
3.4.Санал асуулга нь чөлөөтэй байх бөгөөд иргэнээс санал асуулгад оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно.
3.5.Иргэн хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж саналаа гаргах боломжоор хангагдсан байна.
3.6.Гадаад улсад байгаа иргэдээс санал авах, тоолох, зохион байгуулахтай холбогдсон журмыг энэ хууль болон Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн сонгуулийн төв байгууллага болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
3.7.Иргэн саналаа нууцаар гаргана.
 
Гаалийн байцаагчдын бичлэг задрав

АТГ-аас өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймаг дахь гаалийн байцаагч нарын 2015-2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн явцад хийсэн бичлэгийг олон нийтэд үзүүллээ.

Тэд БНХАУ-аас оруулж ирж буй импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүйгээр хахуул авсан хэрэгт гаалийн байцаагч шалгагдаж, шалгалтын үеэр хахуульд авсан мөнгөө ор болон паарны ард нуух зэрэг үйлдэл гаргажээ. Тухайн цаг үед авсан хахуулын бичлэгийг ийнхүү олон нийтэд ил болгосон юм.

90 тонн ачааг хяналт, шалгалтгүйгээр хилээр гаргасныхаа төлөө 4.5 сая төгрөгийн хахууль авсан байна. Хилээр татвар, бүртгэлгүй орж ирсэн бараа нь нийтдээ улсад  28.2 сая төгрөгийн татвар төлөх ёстой юм.


П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.