ХААН Галерейд Н.Сүхбүрэнгийн керамик баримлын үзэсгэлэн нээлтээ хийлээ
            Зураач, урчуудын хувьд байгаль дэлхий, эцэг эх, хайр, эмэгтэй хүн мөнхийн сэдэв байдаг. ХААН галерейд өчигдөр нээлтээ хийсэн “Ceramic Sculpture” үзэсгэлэнгийн гол дүр нь бүсгүйчүүд. Эртний монгол эмэгтэйг хэрхэн  дүрсэлснийг, тэр тусмаа биетжүүлж, керамикаар хэрхэн урласныг энэхүү үзэсгэлэнгээс та харах боломжтой.
Уран бүтээлч Н.Сүхбүрэнгийн хувьд  2005 онд ДУДС-ийг төгссөнөөсөө хойш тасралтгүй уран бүтээл туурвиж яваа, олонд танигдсан чадварлаг уран барималчдын нэг бөгөөд өмнө нь бие даасан болон хамтарсан 15 орчим үзэсгэлэнд бүтээлээ толилуулж байжээ. Энэ удаа тэрбээр сүүлийн 3-4 жилийн хугацаанд бүтээсэн цоо шинэхэн баримлуудаа олонд дэлгэж буй нь энэ. Керамик баримлын нэг онцлог нь маш их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсны эцэст “мэндэлдэг”. Дүрслэхийн бусад төрлүүдийг бодвол энэ чиглэлийн үзэсгэлэн ховор гардаг нь ч үүнтэй холбоотой. Шавраа анх сонгохоос өгсүүлээд баримлаа хэлбэр дүрсэд оруулах, барих, хатаах, шатааж бэхжүүлэх, пааландах гэхчилэн маш олон шат дамжлагыг уран бүтээлч өөрийн гараар урладаг нь үнэ цэнэтэй, бас дахин давтагдашгүй байдаг. 



Керамик маш эртний урлаг гэдгийн нотолгоо нь Хүннүгийн олдворуудаас керамик аяга, сав суулга гарч ирдгээр илэрдэг. Олон мянган жилийн явцад керамикийн урлал арга ажиллагаа нь илүү боловсронгуй болж өдийг хүрсэн билээ.

Бүтээл болгон нь өөр өөрийн түүх хүүрнэх мэт Н.Сүхбүрэнгийн керамик баримлууд маш нарийн арга ажиллагаагаар бүтээгджээ. Түүний бүтээлүүд 3-4 дахин шатаалтанд орж боловсрон гарч ирдэг бөгөөд гар техникийн аргаар бүтсэн уран бүтээл тухайн цаг хугацааны сэтгэл хөдлөл, бодол сэтгэлийг шингээж чаддагаараа сонирхол татдаг. Мөн үүнээс гадна уран бүтээлийн утга санаа тухайн агшинд бүтдэгээрээ онцлог гэдгийг уран бүтээлч хэлсэн юм. Тэрбээр “Уран бүтээлчид бид бүтээж байна гэж ярьдаг боловч үнэн хэрэгтээ уран бүтээл биднийг бүтээж, сургаж, боловсруулж байдаг” хэмээсэн.

Уран бүтээлч Н.Сүхбүрэнгийн “Ceramic Sculpture” бие даасан үзэсгэлэн 2019 оны 9-р сарын 12-ноос 10-р сарын 2-ныг хүртэл ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн үзэх боломжтой.







Бусдад түгээх
  • gplus