НҮБ-ын шинжээч: Иргэдээс ижил татвар авдаг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй
НҮБ-ын шинжээч Хуан Пабло Бохославски арав хоног манай улсад ажиллахдаа гадаад өрийн байдал, нийгэм, эдийн засгийн асуудлын хүрээнд гаргаж байгаа шийдвэрүүд хүний эрхэд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Тэрээр байгалийн баялаг ихтэй Монгол Улсад уул уурхайгаас олох орлого иргэдэд тэгш хүртээмжтэй, хүний эрхийн хэрэгжилтийг хангаж чадаж байгаа эсэхэд дүгнэлт гаргаснаа танилцууллаа. НҮБ-ын шинжээч Хуан Пабло Бохославски Монголын эдийн засаг хэт их уул уурхай салбараас хараат байгаа нь нийгэмд тэгш бус байдал үүсэхэд нөлөөлж байгааг тайландаа дурдсан байв. Тэрээр энэ тухай “2015-2016 оны уул уурхайн голлох түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд огцом унаж, Монголын эдийн засагт хямрал нүүрлэсэн. Энэ нь уул уурхайн орлогоос хэт хамааралтай ард түмнийхээ амьдрал шууд нөлөөлж, ядуурал, тэгш бус байдал нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

Нийгэмд баян, ядуугийн зааг нэмэгдэх нь хүний эрх зөрчигдөхөд нөлөөлж байна. Монголын нийтийн хүн амын гуравны нэг буюу гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна” гэсэн юм.Мөн нийгэмд орлогын тэгш бус харьцаа нэмэгдэж байхад бүх иргэдээс ижил татвар буюу хүн амын орлогын татвар 10 хувиар авах нь учир дутагдалтай. Тиймээс өсөн нэмэгдэх татварын тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй гэдэг зөвлөмжийг Засгийн газарт өгч байгаа. Өндөр орлоготой байх тусам татварын хэмжээ түүнтэйгээ уялдаж нэмэгддэг байх учиртай. Өнөөдрийн байдлаар олон сая төгрөгийн орлоготой байлаа ч гэсэн 10 хувь, хэдэн зуун мянган төгрөгийн орлоготой байсан ч 10 хувь төлж байна. Энэ тогтолцоог зайлшгүй өөрчлөх хэрэгтэйг онцоллоо.

НҮБ-ын шинжээч уул уурхайн салбарынхан татварын тогтвортой байдлын заалтын дагуу Монголын байгалийн баялгийг ашиглан олж авсан гэнэтийн ашгийг бүгдийг нь хувийн салбар завшихыг зөвшөөрч болохгүй. Тиймээс түүхийн эдийн зах зээлийн үнийн өөрчлөлтийг дагаж өөрчлөгдөж байдаг хөвөгч роялти системийг ашиглах асуудлыг судалж үзэхийг зөвлөсөн юм. Уул уурхайтай холбоотой дүгнэлтдээ “Монгол Улсын нийт өр ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байгаагаас гадаад өр ДНБ-ий 58.9 хувьтай тэнцэж байна. Дотоодын өрийн дийлэнхийг ипотекийн зээл, компанийн өр эзэлж байна” гэсэн юм. Шинжээч Монголд ажилласан иж бүрэн тайланг арваннэгдүгээр сард Засгийн газарт хүргүүлж, 2020 оны гуравдугаар сард болох НҮБ-ын хүний эрхийн хурал дээр танилцуулах юм.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
С.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.