Мохошгүй зоригтон гарамгай баатар Л.Дандарын үр хүүхэд, ач зээ нар ойн баярт оролцов
Монгол-Зөвлөлтийн дайчдын байгуулсан Халх голын дайны ялалтын 80 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүллээ.
 
Тэртээ 1939 оны Халхын голын дайнд түүхэн ялалт байгуулахад Л.Дандар баатарын гавьяа их байгаа билээ. Алаг морьт Гарамгай баатар Л.Дандар хэмээн алдаршсан түүний эрэлхэг гавьяаг үеийн үед дурсан санаж явна.
 
БНМАУ-ын Гарамгай баатар Лодонгийн Дандарын эрэлхэг гавьяа, амьдрал тэмцлийн түүхийг өгүүлсэн “Домогт баатар Дандар” номын нээлт өнгөрсөн тавдугаар сард болсон билээ.
 
Тэгвэл Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан арга хэмжээнд Л.Дандар баатарын үр хүүхэд, ач зээ нар өвөөдөө хүндэтгэл үзүүлж, Халх гол суманд болсон арга хэмжээнд оролцоод иржээ.

Энэ талаар Л.Дандарын ач охин Г.Гангамөрөн өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.

“Халхын голын дайны ялалтын түүхт 80 жилийн ойн Халх гол суманд болсон албан ёсны арга хэмжээнд гэр бүлийн хамт оролцоод ирлээ.

Халхын голоор овоглогдох дайны талбарт халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тулалдаж явсан нийт Монгол Зөвлөлтийн цэрэг дайчин эрс, баатрууд, тэдгээрийн ар гэрийнхэн Та бүхэндээ гүн хүндэтгэл илэрхийлэн, Халхын голын дайны ялалтын 80-н жилийн ойн баярын мэнд хүргэе.

19 хөн насандаа ардын цэрэгт татагдаж, Тамбовын морин цэргийн сургуулийн сонсогч, Тамсагбулагийн 6-р дивизийн хороон дарга, Халх голын их тулаан дундах цусан гавьяаны одонт дайчин эр, гал дөлөн дунд үхэл сэхлийн ирмэгээр эх орноо цээжээрээ хамгаалж, гавьяа алдраа мандуулж явсан эр хүн, Москвагийн хамгаалагч, Фрунзийн академийн оюутан, Сахарын их элсэн цөлийг туулж, түмэн бээрийн цагаан хэрмийг даван элэг нэгтнээ чөлөөлсөн чөлөөлөх дайны баатар, үр хүүхдийнхээ үлгэр аав, үнэнч нөхдийнхөө түшиг найз, ард түмнийхээ итгэл найдвар, үндэстэн Монголынхоо баатар явсан тэр хүн бол миний өвөө БНМАУ-ын Гарамгай баатар Лодонгийн Дандар билээ.

Түүх гэдэг зөвхөн үнэн байх ёстой, түүхийг хэн дуртай нь зохиож, төөрөгдүүлж бус түүнд гүн хүндэтгэлтэй хандах учиртай гэдгийг зориуд онцлон хэлэхийг хүсэж байна. Өнөөдөр бид амар амгалан эх дэлхийнхээ бөөрөн дээр өнгөрч одсон хүйтэн дайны өдрүүдийг дурсан зогсож байна. Дурсах, төсөөлөх, бахархах, хайрлах гэдэг энэ бүх зүйлс бүгд нийлээд ч дайн гэдгийг нүдээр үзэж, бие сэтгэлээрээ мэдэрсэн эрэлхэг хүмүүсийн хаана нь ч хүрэхгүй гэдгийг эх орны минь хилийн дээсний ширхэг чулууг ч бидэнтэй хамт хамгаалсан Монгол Зөвлөлтийн дайчдын цусан гавьяа гэрчилнэ.

Дээр хөхрөгч тэнгэр, дэргэд налайгч хөрст дэлхий энэ л газрын уул ус, бидний эцэг өвгөд л үнэнийг үнэнээр нь хэлнэ.

Морьтон Монголын залуу баатар, мохошгүй зоригтон Гарамгай баатар Л.Дандар өвөөгийн минь адил цаашид ч эх орноо хамгаалах эрчүүдээрээ энэ хөх мөнх тэнгэрийн доор эх орон минь дутагдахгүй. Сайхан бүхэн дэлгэрч, эх орон минь энхжингийн наран дор амар амгалан, тусгаар тогтнон оршин байхын ерөөл өргөе” гэжээ. 





О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus