Үндсэн хууль ''өрлүүлсэн'' ч Цэц өмөөрөхгүй
УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Хочрдугаар хэлэлцүүлэгтээ орчихсон. Ингэхээр удахгүй Үндсэн хууль өөрчлөгдөнө гэсэн үг.

"...Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон уу". ".. Үндсэн хуулийн боломж шавхагдсан уу". Энэ мэтийн олон асуудлыг хуульчид, улстөрчид хөндсөөр ирсэн юм. Тийм ч гэдэг, бас үгүй ч гэдэг.

Магадгүй Үндсэн хуулийг өөрчилж болох цаг хугацаа тулсан байж мэднэ. Гэхдээ Үндсэн хуулийг ийм УИХ лав өөрчилж болохгүй байсан юм. Учир нь нэг намаас бүтсэн УИХ, дээрээс нь хувийн ашиг сонирхол, гэмт үйлдэл, бүлэглэлийн нөлөөнд автсан гишүүд Үндсэн хуульд ийм том өөрчлөлтийг оруулж батлах нь маш аюултай гэдгийг ал талаас  л хэлж байна.

Хэлэлцүүлгийн явцад болж буй үйл явдлаас ч энэ бүхнийг тодорхой харж болно. Шууд хэлэхэд УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөд зүрх, толгой хоёроороо хандахгүй байгаа юм. Үндсэн хуулийг батлах эрхээ ирэх сонгуульд нэр дэвших эрхтэй ижил тэнцүү үзэж байгаагаа ч  нуухаа болив. Ингэхээр удахгүй батлах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ирээдүйд ихээхэн урхаг дагуулж мэднэ гэсэн үг.

Ер нь бол эхлээд УИХ-ын 62 гишүүн, дараа нь Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Хоёр төсөл холилдож, хэн нь ямар төсөл оруулснаа ч мэдэхээ больж байх шиг байна. Гишүүд ингэж хэлээд л байгаа. Нөгөө талаас энэ нэмэлт өөрчлөлтийг баталлаа гэхэд 1992 оны Үндсэн хууль аль ч талаасаа танигдахгүй болтлоо өөрчлөгдөнө.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа Монгол Улсад төрийн тогтолцоо, бусад эрх зүйн цоо шинэ “амьдрал” эхэлнэ. Өөрөөр хэлбэл, нийт ард түмний төрдөө, баялагтаа эзний үүрэгтэй үлдэх үү үгүй юу гэдэг шийдэгдэх юм. Гэтэл бид хэдхэн дарга “...Хэн нь том болох вэ” гээд үзэлцэж байна гэж өнгөнөөс нь хараад байдаг. Харин энэ УИХ хэдийнэ Үндсэн хуулийг дарж аваад хонь шиг “өрлөчихсөн” байдаг. Хэзээ мөдгүй голд нь хүрнэ гэсэн үг. Үндсэн хууль хэмээх хоттой хонио сахин хамгаалуулахаар Цэц гэдэг есөн малчныг төр тохоосон. Тэгээд бод доо. Хоттой хонинд чоно орчихлоо.

Дарж унагаад өрлөчихлөө. Малчид таг чиг. Айсан уу, зугтсан уу, унтаж байгаа юу, бүү мэд. Үүнтэй л агаар нэг.
Зүй нь Үндсэн хуульд ингэж хандаж байхад Үндсэн хуулийн Цэц босч ирээд өмгөөлж байх ёстой. Эрх, үүргийг нь хуулиар олгочихсон шүү дээ. “...Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 1.1 -т тунхагласан байдаг юм.

Гэтэл Үндсэн хуулийн Цэц энэ эрхээ, үүргээ яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ. Цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхтэй байгууллага гээд хуульчилсан байна.

УИХ нэг дэх, Ерөнхийлөгч хоёр дахь төслийг боловсруулж, тэднийгээ хольж байгаад Үндсэн хуулийг өөрчлөх нь Үндсэн хуулийн биелэлтэд нийцэж байгаа юм уу.

УИХ-аар хэлэлцэж буй өөрчлөлтийн гол гол агуулга нь Үндсэн хуулийн 3.1-т заасан “... Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, 3.2-т заасан Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэснийг хөндөж байгаа бус уу.

Гэхдээ бид ийм Цэцээс Үндсэн хуульд өмгөөлөл, хамгаалал нэхээд ч нэмэргүй байж мэднэ. Учир нь сүүлийн үед Үндсэн хуулийн Цэц нийгмийн шүүмжлэлд байнга өртөх болсон. Дээр нь хөх тэнгэр л байх учиртай Цэц өнөөдөр нам, засгийн дарга нартаа үйлчилдэг болчихсон. Цэцийн дарга Д.Одбаяр гэж насаараа МАН-д зүтгэсэн хүн байдаг. Түүнийг Цэцийн даргаар сонгогдсоноос хойш МАН-ын дарга нарын эрх ашиг Цэцийн шийдвэр болж гардаг болсон.
Бас нэр, гар нь бохирдсон нэгээр тогтохгүй хүн Цэцийн гишүүн хэмээх өндөр дээд албан тушаалд томилогдсон. Цэцийн гишүүний бүрэн эрхээр бамбай хийж ял зэмээс мултарч суусан нэг этгээдийг арайхийн буулгахад араас нь дахиад нэг адилхан нөхөр дэвшээд оччих жишээтэй. Ийм Цэцэд итгэнэ гэдэг хэцүү.
 
Тиймээс ч өнөөдөр Үндсэн хуулийн Цэц аргаа барахдаа аавынхаа толгойг маажна гэдэг шиг нөгөөх л Хэнтийн тойрог, нөхөн сонгууль, Д.Гантулгын бандааш яриад сууж байгаа юм. Яг үнэндээ Хэнтийн 42 дугаар тойрог гишүүнтэй гишүүнгүй ирэх сонгуультай золгохоор болчихсон. Д.Гантулга эргээд УИХ-ын гишүүн болох хуулийн болоод ёс зүйн эрх хэмжээ нь хаалттай гэдэг хууль мэдэхгүй хүнд ч ойлгогдоно.
 
Шүүхийн нэр хүнд сайнгүй болчихсон ийм цаг үед Үндсэн хуулийн Цэц л хуулийг сахиулж, шударга үнэнийг тогтоох онцгой үүргийг хүлээдэг. Улс орнуудын жишиг ч ийм байдаг. Гэвч Монголд Үндсэн хуулийн шүүхээ карьер нь дууссан улстөрчдөөр дүүргэсэн. Улмаар тэднийгээ томилсон албан тушаалтан, намынхаа нэрийг барьж дарамьлаад суудаг болсон гэж олон нийт ойлгодого болсон. Тиймээс “өрлүүлж” байгаа Үндсэн хуулиа өмөөрөх зориг зүрх ийм Цэцээс гарахгүй нь тов тодорхой билээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Дамдин-Очир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 2 2019-09-06 12:07:20
    huuli batalj oorchloh geed baigaa hvmvvsiin hed ni oorsodoo teriigee oilgoj batalj baigaa ni sonin b.n
  • иргэн 2019-09-06 00:54:42
    цэц их суудлын хуралдаан хийж гантулгын бандаажны хэргийн улмаас гарсан уих ын тогтоолын теслийг хэлэлцэх юм бна арай еер хуний бандааж гэсэн дугнэлт гарах юм б...