Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот байна гээд Үндсэн хуульдаа заачихвал буруудах зүйлгүй гэв
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 62 гишүүн өргөн мэдүүлсэн төсөлдөө, төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.” гэж өөрчлөн найруулахаар тусгасаныг хуралдаанд оролцсон гишүүдийн  86.4 хувь нь дэмжлээ.

Төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.” гэж өөрчлөн найруулах санал 86.4 хувийн саналаар дэмжигдсэн.
Төслийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт буюу Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.” гэж өөрчлөн найруулахаар УИХ-ын нэр бүхий 62 гишүүн өргөн мэдүүлсэн төсөлдөө тусгажээ. 

Энэ санал дэмжигдэн хэрэгжсэнээр Ерөнхий сайдыг огцруулчихаад дараагийн Ерөнхий сайдыг хайж эхэлдэг байдал үгүй болно хэмээн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тайлбарласан. Энэ асуудлын эерэг, сөрөг талаас нь олон удаа ярьж, өргөн хэмжээний судалгаа хийгдсэнийг тэрбээр дурдаад, Ерөнхий сайдад хариуцлага тооцон огцруулах болбол дараагийн Ерөнхий сайдын нэр тодорхой болсон байх ёстой бөгөөд асуудалд иж бүрэн ханддаг болгох Үндсэн хуулийн чухал шинэчлэлийн нэг хэмээн онцолсон.

Саналтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт дээрх саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дахин ярилцах шаардлага үүссэн учир санал хураалтыг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт буюу Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлийн 8 дахь заалт буюу Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлийн 8 дахь заалт буюу Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг “Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж өөрчлөн найруулах саналууд дэмжигдсэн юм.
Үргэлжлүүлэн Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан.

“Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрт хамаарах асуудлаар хуульд заасан, эсхүл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргана.”, “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар чөлөөлж, огцруулна. Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно.” гэсэн хэсэг нэмэхээр УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан бөгөөд дээрх саналууд олонхын дэмжлэг аваагүй. Эдгээр саналуудыг төслөөс хасах саналыг Ажлын хэсгээс гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэнийг гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ. 

Төслийн 3 дугаар зүйлийн 11 дэх заалт буюу Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот; тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.” гэж өөрчлөн найруулахаар Ажлын хэсгээс санал гаргаж Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн байна.

Энэ саналтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Содбилэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан гол асуудлын нэг нь хотын асуудал гээд Эрдэнэтэд амьдарч буй 100 мянган иргэн хот гэж нэрлүүлэх, ингэхдээ зөвхөн нэр төдий биш захиргаа, удирдлага, төсвийн өөрийн гэсэн статустай болохыг хүсэж байгааг уламжилсан. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Өнөөдөр 330 сумын төв хүн амын төвлөрөл үүссэн хэрнээ хот нийтийн үйл ажиллагаа явуулах чиг үүрэггүй, төсөвгүй. Цаашид бид бусад суурин соёл иргэншилтэй орны жишгээр хөгжье гэвэл хот, тосгодод тодорхой эрх мэдлийг шилжүүлэх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарим чиг үүргийг өгөх хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Засаг захиргааны чиг үүргийг орон нутаг руу шилжүүлэх хэрэгтэй. Жишээ нь Сэлэнгэ аймгийн хувьд 17 сум, зургаан тосгонтой. Түнхэл тосгон гэхэд 3044 хүн амтай, Номгон тосгон 2000, Бэрх тосгон 3000 гаруй хүн амтай. Энэ мэтчилэн хүн амынх нь төвлөрөл бусад аймгийн сумуудтай адилхан. Тосгодын иргэд төрийн үйлчилгээг авахад хүндрэл их гардаг. Түнхэл тосгонд хүн нас барлаа гэхэд заавал ч үгүй  23 км явж байж нас барсны гэрчилгээг нь авдаг. Суман дахь төрийн үйлчилгээг тухайн тосгоны иргэд адилхан хүртэх ёстой. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг бид зайлшгүй энэ өөрчлөлтөөр засах ёстой гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Зарим улс Үндсэн хуульдаа хотын нэрийг нь хүртэл маш тодорхой заачихсан байдаг. Үүнтэй адилхан ядаж Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот байна гээд Үндсэн хуульдаа заачихвал буруудах зүйл огт байхгүй. Хүн ам, хөрөнгө санхүүгийн төвлөрөл Дархан, Эрдэнэт рүү чиглэж байж тэнд бие даасан бодлого, үйл ажиллагааг явуулж чадвал Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулахад том түлхэц болно гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд тусган шийдвэрлэх боломжийг Ажлын хэсэг дээр судлан, тодорхой саналаа тусгах чиглэлийг хуралдааны үеэр өгсөн юм.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.9 хувь нь дэмжлээ.

Гишүүдээс гаргасан горимын саналаар зарим саналыг дахин нягтлах зорилгоор хойшлуулсан хэдий ч Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой саналуудаар санал хураалт явуулж дууслаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.