Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалыг хэрхэн дүгнэв
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын  Ерөнхийлөгч В.В.Путин  Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурлаа. Мөн холбогдох сайд, удирдлагууд хоёр талын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.. Дараагаар нь сэтгүүлчдэд мэдээлэл хийв.  Ерөнхийлөгч Х.Баттулга:

 -Өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч  В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, олон асуудлаар ажил хэрэгч, нөхөрсөг нээлттэйгээр санал бодлоо солилцож, чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа.  Түүхэн уламжлалт дайчин нөхөрлөл, цаг хугацааны сорилтоор шалгагдсан Монгол Улс, ОХУ-ын харилцаа итгэлцлийн үндсэн дээр хөгжиж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаад бид бүхэн баяртай байна. Энэхүү ялалт бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бататгаж, хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг гагнасан ариун үйл хэрэг юм.

 Манай хоёр орны ард түмэн энхийн бүтээн байгуулалтын цаг үед ч, дайны халуун өдрүүдэд ч хамтдаа тулалдаж явсан анд нөхөд билээ. Дайны талбарт мөр зэрэгцэн тулалдаж явсан Зөвлөлт, Монголын цэрэг дайчдын байгуулсан хүндтэй гавьяаг бид хойч үедээ мөнхжүүлэн үлдээх ёстой юм. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцсэн Монгол, Зөвлөлтийн дайчдын түүхэн гавьяаг үүрд дурсах болно.

 ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа дахин нэг шат ахиж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээг хугацаагүйгээр болгон байгуулж, бид сая гарын үсэг зуран баталгаажууллаа. Энэхүү гэрээг хугацаагүйгээр байгуулж байгаа нь хоёр талын итгэлцлийг бататгасан, харилцааг шинэ үед гаргаснаараа улс төрийн түүхэн ач холболтой гэж үзэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай оронд хийж буй айлчлал нь маш өндөр агуулгатай, ажил хэрэгч болсныг тэмдэглэж байна. Айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх Засгийн газар яамд хоорондын 10 баримт бичигт гарын үсэг зурлаа. Манай хоёр орны цэрэг, цэрэг техникийн уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байна. Монгол Улсад цэрэг, техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай протоколыг шинэчлэн байгуулсныг тэмдэглэхэд таатай байна.  Ирэх онд болох Аугаа их орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгыг талархан хүлээн авч байна. Энэхүү түүхэн ойд Монголын тал өргөн бүрэлдэхүүнээр оролцохоо илэрхийллээ.

 Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах хүрээнд Монгол Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр” зам нийгэмлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.  ОХУ-ын Засгийн газраас бидний хүсэж байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг "Улаанбаатар төмөр зам" хамтын нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, эрчим хүчний салбарт Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо мөн илэрхийллээ. ОХУ-ын алс дорнодын бүс нутагт далайн боомт ашиглах боломжийг ханган, Монгол Улсыг далайд гарах боломжийг нээж өгч байгаад талархаж байна.  2008 оны зургаадугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Транзит тээврийн гэрээ нь энэхүү боломжийг бидэнд нээсэн билээ. Бид алс Дорнодын Зарубина боомтыг эзэмшдэг, ОХУ-ын Беско компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж дуусгаад байна.

 Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтийг ОХУ дэмжинэ гэдэгт итгэж байна. Эдийн засаг, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх үүднээс ОХУ-аас оруулах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, Монголын экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж мөн үзлээ.

 Оросын Засгийн газар Худалдааны төлөөлөгчийн газраа дахин нээж байгаад талархаж байна. Монголын тал ч мөн Худалдааны төлөөлөгчийн газраа Владивостокт нээхээр төлөвлөж байна.  Эдгээр шийдвэрийн үр дүнд хоёр улсын эдийн засгийн харилцаа идэвхжих ёстой гэж бодож байна. Цаашид Монгол, Оросын ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Энэ зорилгоор өндөр түвшинд хамтарсан Ажлын хэсэг байгуулж, өргөн хүрээнд судалгаа хийх саналтайгаа мөн илэрхийллээ. ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан болон Монгол Улсын Хөгжлийн банк хооронд рубль төгрөгийн хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулахаар тохирч, санамж бичиг байгууллаа. Хоёр талын харилцаанд олон жил шийдэж чадаагүй Монгол дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн эхний үе шат болох Улаанбаатар төмөр замтай холбоотой онцгой албан татварыг шийдвэрлэх түвшинд хүрснийг мэдэгдлээ. Хоёр орны найрсаг харилцааг, иж бүрэн стратегийн түншлэлд хүргэснээр хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байгааг дахин онцлон тэмдэглье.
 

П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-09-04 01:51:54
    сайхан ажил хэрэгч болсон гэж үзэж байна, баяр хүргэе