Их долоогийн уулзалт ба алдаж болохгүй үйл явдлууд

Францын далайн эргийн Биарицц хотод их долоо гүрний төрийн тэргүүнүүд оролцсон өнгөрсөн бямба гаригт эхэлсэн 45 дахь уулзалт уржигдар өндөрлөсөн билээ. Жил бүр болдог энэ уулзалтын үеэр тэд дэлхий нийтийг хамарсан аюулгүй байдал, улс төр, байгаль орчин, өвчинтэй хийж байгаа тэмцлийг шийдвэрлэх гарцын талаар хэлэлцсэн байна. Мөн энэ уулзалтаар  “Эрх тэгш бус байдлын эсрэг” тэмцэлд анхаарлаа хандуулсан аж. Энэ чуулганы үеэр олон нийтийн анхаарлыг  хамгийн их татсан ямар зүйл болсон талаар мэдээллийг хүргэе.

1.Энэ чуулганд их долоогийн гишүүн биш орны төрийн тэргүүн, төлөөлөгч нарыг урьж оролцуулдаггүй уламжлалтай. Харин өнгөрсөн ням гаригт чуулганд Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар оролцсон гэнэтийн зочин нь Ираны Гадаад хэргийн сайд  Мохаммед Жавад Зариф байлаа. Ираны Гадаад хэргийн сайд Эммануэл Макронтой авахуулсан зургаа тавьснаас гадна дараа нь Их Британи, Германы тэргүүнүүдтэй уулзалдсан гэж мэдэгдсэн байна.Харин Мохаммед Жавад Зарифийг ирэхээс өмнө  хэвлэлийн олон хэрэгслээр АНУ-ын төлөөлөгчид түүнийг ирсэнд гайхсан харагдсан гэж мэдээлжээ. Гэхдээ ерөнхийлөгч Доналд Трамп хэвлэлийн хурлын үеэр ерөнхийлөгч Эммануэл Макрон түүнээс Ираны Гадаад хэргийн сайдыг чуулганд оролцуулах хүсэлтийг нь  зөвшөөрөхийг хүссэн гэж ярьсан байна. “The Guardian”сонинд Францын Гадаад яамны ажилтан “Мохаммед Жавад Зариф их долоогийн уулзалтад уригдаагүй. Гэхдээ Эммануэл Макрон бусад гишүүдэд түүнийг оролцох талаар мэдэгдсэн” гэж хэлснийг эш татан бичжээ. Тэрээр “Манай гадаад албаны ажилтнууд АНУ-тай ил тод ажиллаж байна” гэсэн байна. Мохаммед Жавад Зариф чуулганд оролцсон нь АНУ, Ираны хоорондын маргаан хурцдаж байгаа  энэ үетэй давхцаж байгаа юм. Энэ хоёр  орны харилцаа өнгөрсөн жил ерөнхийлөгч Доналд Трамп Ираны цөмийн зэвсгийн ажиллагааг хязгаарлаж байсан 2015 оны гэрээнээс АНУ-ыг гаргаснаар муудсан билээ. Мөн АНУ-ын зүгээс  Иранд тавьсан хоригийг сэргээж, чангатгасны хариуд Тегеран  цөмийн зэвсгийн хөтөлбөрөө идэвхжүүлсэн юм. Харин уржигдар Доналд Трамп тохиромжтой нөхцөл нь бүрдвэл Ираны ерөнхийлөгч Хассан Роуханитай уулзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.


2.Уулзалт болсон орны ерөнхийлөгч Эммануэл Макрон их долоо бүлэглэлийн гишүүд  22 сая ам. долларыг Амазонийн ширэнгэн ойд шатааж байгаа түймрийг унтраахад туслахын тулд хандивлана гэж мэдэгдсэн байна. Харин тулгараад байгаа байгалийн энэ гамшгийг унтраахад туслах гэсэн талаар сонсоод баярлахгүй байгаагаа харуулсан Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонару шүүмжлэлд өртжээ. Тэрээр их долоогийн энэ санаачлагаараа Бразилд эзэмшил газар эсвэл хэний ч биш газар шиг хандаж байна гэв. Мөн холбоотон орнуудынхаа санаачилсан энэ санааны цаана  Эммануэл Макроны зорилго нуугдаж байна гэж буруутгажээ. Мөн Бразилийн Засгийн газрыг хүндлэх ёстой гэсэн байна. Гэвч түүний хийсэн энэ мэдэгдлийн улмаас Бразилийн Байгаль орчны сайд Рикардо Саллес хандивыг хүлээж авна гэж мэдэгджээ. Харин Доналд Трамп цаг агаарын өөрчлөлт, Амазонийн түймрийн талаар хэлэлцсэн их долоогийн уулзалтад оролцоогүй байна.


3.Их долоогийн бүлэглэл ОХУ-ыг гишүүн нь байхад 2014 онд их наймын бүлэглэл байсан юм. Гэвч ОХУ Украинд багтаж байсан Крымийн хойгийг  газар нутагтаа нэгтгэснээр  энэ бүлэглэлээс хасагдсан билээ. Доналд Трамп энэ чуулганд оролцохоор явахынхаа өмнө “ОХУ энэ чуулганд байх ёстой. Бидэнд таалагдсан ч таалагдаагүй ч тэд энэ бүлэглэлд ОХУ-ыг дахин нэгдэхийг зөвшөөрөх ёстой” гэж хэлсэн байна. Чуулганы үеэр Доналд Трамп ирэх жилийн чуулганд ОХУ-ыг урихад чөлөөтэй. ОХУ-ыг бүлэглэлдээ багтаах нь багтаагаагүй байснаас дээр гэжээ. “The Guardian” сонинд эш татан мэдээлсэн гадаад албаны ажилтны хэлснээр Доналд Трампын байр суурь өнгөрсөн бямба гаригт оройн зоогонд оролцсон гишүүн орнуудын тэргүүнүүд дунд маргаан үүсгэсэн аж. Мөн АНУ-ын ерөнхийлөгчийг ОХУ-ыг Иран, Сири, Хойд Солонгостой холбоотой маргаанд оролцуулах нь утгатай гэж үзсэн байна. Гэхдээ их долоогийн гишүүн орнуудын ихэнх тэргүүнүүд ерөнхийлөгч Владимир Путин бусад гишүүдийг төлөөлөхөөр үнэ цэнэтэй биш гэж мэдэгджээ. Эммануэл Макрон уржигдар болсон хэвлэлийн хурлын үеэр гишүүн орнууд ОХУ-ыг  бүлэглэлд дахин нэгдэхийг урих талаар тохиролцоонд хүрээгүй гэж хэлсэн байна.


4.Их долоогийн уулзалтын үеэр гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд гэр бүлтэйгээ зургаа авахуулсан байна. Энэ үеэр цахим ертөнцөд шуугиан дэгдээсэн сонирхолтой зураг гарчээ. Тодруулбал, АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трамп, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо нарын цагийг сайхан өнгөрүүлж байгаа болон ерөнхийлөгч Доналд Трампын толгойгоо гудайлган гарсан зураг аж.


5.Чуулганы үеэр БНХАУ,АНУ-ын хооронд өрнөсөн эдийн засгийн дайны талаар дахин хэлэлцсэн байна. Өнгөрсөн баасан гаригт  АНУ БНХАУ-ын  импортын бараанд ногдуулах  татварыг нэмэх ажиллагааг эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Харин уржигдар Доналд Трамп “Удахгүй хоёр орон  энэ дайныг зөөлрүүлэх  хэлэлцээрийг дахин эхлүүлнэ” гэж хэлсэн байна.  Тэрээр “БНХАУ зүгээс… өнгөрсөн шөнө хэлэлцээрийн ширээнд дахин сууя гэж утастсан. Тиймээс хэлэлцээрийн ширээнд  дахин сууна” гэв. Гэвч БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан талуудын хооронд энэ талаар утсаар ярилцсан талаар ямар нэгэн дуудлага хийснийг сонсоогүй гэж мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг мэдээлжээ.


6.Их долоогийн дараагийн чуулган ирэх жил АНУ-д болно. Тиймээс Доналд Трамп чуулганыг хийлгэхийн тулд түүний Флорида муж дахь Дорал эдлэнгээ сурталчилсан байна.  Тэрээр “Түүний гольфын клубын талаар дурдсан хэвлэлийн хурлын үеэр бид энэ талаар бодож байна” хэлсэн байна. Энэ бол их том газар… 100 гаруй акр газартай.Бид энэ газартай өрсөлдөх газрыг олоогүй байна гэжээ.


7.Энэ уулзалтын өмнө болсон  их долоогийн хоёр уулзалтын үеэр Доналд Трамп урьдчилан таамаглах аргагүй хувийн өвөрмөц зангаа харуулж байсан. Тиймээс түүний энэ удаагийн чуулганд оролцсон нь түгшүүр төрүүлж байв.Гэвч Эммануэл Макрон, Доналд Трамптай харьцах сайн аргыг олсон бололтой чуулганд ёсорхог дипломат шиг оролцлоо. Францын ерөнхийлөгч “Доналд Трамп бол аливаа зүйлийг шууд хэлэх, хэлэлцээр хийх дуртай нэгэн.Би түүнтэй ил тод байдлаар харилцан санал солилцсоноор давуу талтай болсон.

Цаашид үргэлжлүүлэн хийнэ” гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Мөн  түүнтэй хүндэтгэн үзэж ярилцаж, үр дүнд хүрэх амлалтыг бий болгохын тулд  тулж ажиллана гэж бодож байна гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.