Байнгын хороо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн Баасан гарагийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явцад Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналыг МАН-ын бүлгээр дахин ярилцаж нягтлах, зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн. Иймээс Байнгын хорооны хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлэхээр болсон юм.
 
Энэ дагуу МАН-ын бүлэг өнөөдөр (2019.08.26) үдээс өмнө хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас дахин нягтлахаар түр хойшлуулаад байсан саналуудыг ярилцаж тодорхой шийдэлд хүрсэн байна.  Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
 
Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарим зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын саналаар төслийн 2 дугаар зүйлд буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “төрийн өмч” гэснийг “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөхөөр болов. Энэ санал дэмжигдсэнээр Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч байхаар томьёологдож байгаа юм.
 
Байнгын хороо өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх явцад төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт буюу Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгоно; нэгийг Засгийн газар, хоёрыг Улсын Их Хурлын  холбогдох Байнгын хороо, хоёрыг мэргэжлийн холбооноос нээлттэйгээр нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилгооны сонсгол хийн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, сонгох, томилох журмыг хуулиар тогтооно” гэж бүхэлд нь өөрчлөн найруулах саналын томьёоллыг ярилцаад  Зөвшилцлийн ажлын хэсэг болон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрэх хүртэл түр хойшлуулаад байсан.
 
Энэ саналыг намын бүлгээр ярилцаж, зөвшилцсөнний үндсэн дээр төслийн 3 дугаар зүйл буюу Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулахаар Ажлын хэсгээс гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив.
Мөн төслийн 2 дугаар зүйлд буюу Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалтад “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэсэн агуулгатай 2 дахь өгүүлбэрийг нэмэхээр тогтов. Түүнчлэн төрийн албаны зарчим, үйл ажиллагаатай холбоотой төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд хараат бусаар ажиллана. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэж өөрчлөн найруулахаар боллоо.
 
Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууссантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Д.Хаянхярваа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний 10 нь буюу 83.3 хувь нь дэмжив.
 
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.      
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.