Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Энэ хичээлийн шинэ жилд  ЕБС-д 40 мянга, цэцэрлэгт 10 мянга, их дээд сургуулиудад 7 мянга орчим багш ажиллах бол 140 орчим мянган оюутан суралцах аж. Их дээд сургуульд жилд 30-40 мянган оюутан элсдэг байсан бол энэ жил 10 мянган оюутан элсэж байгаа юм. Энэ өдрүүдэд сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиудын бүртгэл эхлээд байна. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Улсын тусгай хамгаалалттай газрыг 1,3 сая орчим га-гаар нэмэгдүүлнэ

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр
Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар
Завхан аймгийн Дөрвөлжин сум Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар
Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр, 
Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр
Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөхнуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар
Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.
Мөн төслөөр Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын  3090.16 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж хилийн заагт өөрчлөлт оруулна.  
Эдгээр газар нь зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1 298 047 га-гаар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр тусгай хамгаалалтай газар нутгийн талбайн хэмжээ 31,461,221 га байсан бол эдгээр газрыг шинээр болон өргөтгөлөөр авснаар 32, 759, 268 га буюу Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20,94 хувийг эзлэх юм.   
 
 Цэцэрлэгт элсэгчдийн бүртгэл хаагдаж, азтанууд тодров

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл долоодугаар сарын 22-нд эхэлж, өнгөрсөн пүрэв гарагт өндөрлөв. Баасан гарагт цэцэрлэгт тэнцсэн эсэх талаарх мэдээллийг эцэг эхчүүдэд хүргэсэн бол ирэх даваа гарагаас эхлэн хүүхдүүдийг бүртгэж эхлэх юм байна.  Тэнцсэн тохиолдолд цэцэрлэг дээрээ очиж, заавал баталгаажуулах шаардлагатай гэнэ. Наймдугаар сарын 30-аас өмнө баталгаажуулалтаа хийх хэрэгтэй. Баталгаажуулалт хийгээгүй тохиолдолд дараа дараагийн хүүхдийг оруулах учир заавал баталгаажуулалтаа хийх ёстой юм байна.
Цэцэрлэгт тэнцсэн эцэг эхчүүд,
  • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
  • Эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хүүхдийн 2 хувь цээж зурагтэй тухайн цэцэрлэгт бүртгүүлэх юм байна.
Хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын шүүх хуралдаанаас өнгөрсөн даваа гарагт дахин шалгуулах шийдвэр гаргалаа. Шүүх хуралдаан зургаан өдрийн турш үргэлжилсэн юм.

Тодруулбал, С.Зоригийн ам насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн хэрэгт холбогдуулан Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн юм. Шүүх хурлын үеэр Б.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг зодож, доромжилж байгаа бичлэг олон нийтэд хүрсэн  Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс болон ШШГЕГ-ын харъяа Төв аймаг дахь Цагдан хорих байранд ажиллаж байсан Х, О, Н нар гэрчээр мэдүүлэг өгснөөс гадна нотлох баримт шинжлэх судлах үеэр хэвлэлийнхэнд ил болгоогүй бичлэгийг оролцогчдод үзүүлсэн байна.

Б.Хурц, Г.Эрдэнэбат нараас гадна энэ хэрэгт ТЕГ мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, ШШГЕГ-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын гэм буруутай эсэхийг хэлэлцсэн Төв аймгийн сум дундын шүүхийн шүүгч нар зөвлөлдсөний эцэст зарим зүйлийг зайлшгүй шалгах шаардлагатай, шүүхийн хэлэлцүүлгийн явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн, хэргийг прокурорын хяналтад буцаах шийдвэр гаргалаа.

П.АНИР 
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.