Адуу ачсан машинууд эмээлтэд хонож байна

Адууг зүй бусаар нядалдаг, амьдаар нь экспортолдог асуудлууд нийгэмд шуугиан тариад байсан. Тэгвэл энэ зун олон тоогоор орж ирсэн адуунуудыг хэрхэн нядалж, хааш нь гаргадаг талаар сурвалжлахаар “Эмээлт” захын мах боловсруулах үйлдвэрүүд болон мал нядалгааны газруудаар очиж, дараах сурвалжлагийг бэлтгэсэн юм.

Эмээлтэд мах боловсруулах 10 гаруй үйлдвэр, цөөн тооны мал нядалгааны газар байдаг бөгөөд түүний 2-3 нь монгол эзэнтэй. Харин бусад нь Хятад эзэнтэй үйлдвэрүүд. Тэдний олонх нь монгол хүний нэрийн дор хятадуудад түрээслүүлсэн байдаг гэж хувийн мал нядалгааны газрын эзэн иргэн Б хэлж байв.

Махны том үйлдвэрүүдэд Засгийн газар жилд боловсруулах махны квот олгодог бөгөөд түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байна. Бидний эхний очсон газар бол Монголдоо томоохонд тооцогддог Хятадын үйлдвэр байлаа. Өндөр харуул хамгаалалт бүхий тус газрын хашаанд олон тооны адуу болон хөргөгчтэй ачааны машинууд дүүрэн байв. Хариуцсан эзэн нь алга, гадны хүн оруулдаггүй гээд хамгаалагч нь ойртуулсангүй. Ойр хавийнх нь иргэдийн хэлж байгаагаар автоматжсан махны үйлдвэрүүд энэ жил адууг олон тоогоор бэлтгэж, урд хөрш рүү гаргаж байгаа гэв.

Махны үйлдвэрүүд бэлтгэсэн махаа Хятад руу гаргадаг

Энд гар ажиллагаатай мал нядалгааны газрын хашаа болгонд 100 гаруй тооны адуу хашжээ. Энэ талаар гар ажиллагаатай мал нядалгааны эзэн Д-гээс тодруулахад “Манайх зөвхөн мал нядалж өгдөг. Захиалга өгч буй иргэд адууныхаа махыг Хятадын үйлдвэрүүдэд өгдөг. Гэхдээ тэд тарган, туранхай гэж ялгалгүй авдаг. Мал нядалгааны газар энэ зун адуу, үхэр их ирсэн. Эндээс гарсан малын мах “Дэнжийн мянга” болон томоохон махны захууд руу очихгүй шууд Хятад руу гаргадаг. Энэ нь махны үнийн хөөрөгдлийг бий болгосон. Мөн махны томоохон үйлдвэрүүд өнгөрсөн жил олноор нэмэгдсэн. Бодвол бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг асуудалтай холбоотой байх” гэсэн юм.
Харин Булган аймгаас ирсэн иргэн Б.Батсайхан “Дөрвөн морь ачиж ирсэн боловч авах хүн олдохгүй байна. Махны үнэ унасан мөн адууны нядалгааны дараалал их байна. Тийм учраас авахгүй. Хэрэв зарвал 400-500 мянган төгргөөр өг гэж байна. Авах хүн хайгаад машиндаа хоёр хонож байна. Холоос зорьж ирчихээд аваад буцалтай биш. Зарж байж л явна даа гээд хүлээж байна” гэв.

Эмээлтийн иргэн А.Цэцэгмаа “Өдөр бүр махны үнэ өөрчлөгдөж байна. Намар болж байгаа учраас хүмүүс малаа ихээр нядалж байна. Мал нядлах хүмүүс олшрохоор махны үйлдвэрүүд мал авахаа больдог. Харин мал зарах хүмүүс багасахаар үнэ нь өсдөг. Ийм жишиг тогтчихсон. Адууны махны үнийн хувьд 7800 төгрөгөөс бууж 6000 боллоо. Энэ жил адууг ихээр авч байгаа нь үнэн” гэсэн юм.

Томоохон үйлдвэрүүд маханд ханачихаад байна

Гар аргаар мал нядалдаг газрын малын эмчтэй уулзсан юм. Тэрээр “Энэ зун адуу ачсан машин тасарсангүй. Налайхын зам хаагдсантай бас холбоотой байх. Мөн баруун аймгуудын мах ирдэг байсан бол одоо зүүн аймгуудаас ихээр ирж байна. Гар аргаар мал нядалдаг газруудын хашаа бүрт дарааллаа хүлээсэн адуунууд байгаа. Томоохон үйлдвэрүүд махандаа ханачихаад байна. Ер нь бол өдөртөө нэг машин 4-5 адуу ачиж орж ирж байна. Нэг мал нядалгааны хашаанд 100 гаруй адуу байгаа нь үй олноор нь адууг экспортолж байгаагийн тод жишээ юм” гэв.

Нядалгааны газруудад ээлжээ хүлээж олон хоносон адуунуудыг усалж, өвс тавьж өгч аль болох удаан хугацаагаар тамлахгүйгээр нядалгаанд оруулахыг боддог аж. Гэвч энэ жил адуу болон үхэр өмнөх жилүүдийнхээс маш их ирж байгааг үйлдвэрийн ажилчид хэлж байсан юм.

Харин бид адууг машинаар ачиж олноор нь оруулж ирж байгаад ямар хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын Мал эмнэлгийн улсын байцаагч Э.Оюунсоёмбоос тодруулахад “Манайх он гарсаар махны үйлдвэрүүд болон мал нядалгааны газруудад хяналт шалгалт хийсэн. Шалгалт нь төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн. Үйл ажиллагааны хувьд зөрчилтэй болон зөрчил нь дахин давтагдсан тохиолдолд аж ахуй нэгжийг зөрчлийн хуулийн дагуу торгож, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Одоогоор зөрчилтэй болон хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа газар байхгүй. Бид одоо ч хяналт шалгалт хийж байгаа. Махыг Хятад руу гаргаж байгаа асуудлын тухайд бол Засгийн газраас олгосон мах экспортлох эрхийнхээ дагуу урд хөрш рүү гаргаж байгаа” гэсэн юм.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Баяржавхлан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !?!? 2019-08-22 05:46:00
    Хятад руу мах экспортолж байгаа нь буруу биш, харин борлуулалтын орлого нь Монголд орж ирж байна уу, эсвэл шууд хятадын банкинд орж байна уу гэдэг л чухал!?
    66.181.161.41
    Мэдэгдсэн Хариулах