Ж.Мягмарсүрэн: Хөрөнгийн зах зээлийн мэдээллийг утаснаасаа авдаг болно
Хөрөнгийн зах зээлийн талаарх сүүлийн үеийн сониныг сонсохоор Монголын хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн газрын дарга Ж.Мягмарсүрэнтэй уулзсан юм.

-Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн сарын арил­жааны мэдээгээ гаргажээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад арилжааны дүн ямархуу гарсан байна вэ?

-Нийт үнийн дүнг тооцвол өн­гөрсөн оны наймдугаар сард нэг тэрбум төгрөгийн гүйлгээ хийж байсан . Харин энэ онд наймдугаар сард 920 орчим сая төгрөгийн үнийн дүнтэй арилжаа хийжээ.

Үүнийг айхавтар буурсан үзүүлэлт биш гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ зэргийн хэлбэлзэл бүтэн сарын арилжаанд гарах л асуудал. Харин зах зээлийн үнэлгээгээр өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 17.8 хувиар өссөн үзүүлэлт гарч байгаа юм. ТОП 20 индекс өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.3 хувиар өссөн байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед харьцангуй гайгүй байна гэж харж байгаа.

-Зуны саруудад арил­жааны идэвх суларчихдаг. Есдүгээр сар гараад арил­жааны идэвх сэргэж байна уу?

-Тийм ээ. Зуны гур­ван сар бусад сараа бодвол арилжааны идэвх сулар­чихдаг. Гэхдээ есдүгээр сараас Монголын хөрөнгийн бир­жийн хэмжээ хэвийн хэмжээндээ хүрчихдэг.

Тухайлбал, өчигдөр /уржигдар/ Монголын хөрөн­гийн бирж 1.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн. Энэ нь үндсэндээ өнгөрсөн бүтэн сарын арилжаанаас хоёр дахин давсан арилжааг нэг өдөр хийлээ гэсэн үг.

-Монголын хөрөнгийн бир­­жийн удирдлагууд со­лигд­­сон. Шинэ удирд­лагатай болсноор ямар аж­луудыг шинээр хэрэг­жүүлж эхлүүлээд байна вэ?

-Шинэ удирдлага то­милогд­­соноос хойш маш их ажил хийж байна. “MSE all” нэгдсэн индексийг ту­р­­­шил­­тын шугамаар зах зээлд нэвтрүүллээ.

Монголын хөрөнгийн бир­­жийн бүртгэлийн жур­мыг шинэчлэн баталлаа. Энэ журам шинэчлэгдэн батлагдсанаар A, B гэсэн хоёр самбартай байсан бол С гэсэн гуравдагч самбартай болж байгаа.

Энэ самбарт арай шал­гуур багатай төсөл хөтөл­­бөрүүд болон жижиг ком­паниуд хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татах болом­жтой болж байгаа. Үүнийг маш чухал зүйл хэмээн ихээхэн ач холбогдол өгч байгаа. Мөн Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээ­гээ гурван жилээр сунгасан.

-Энэ гэрээ MIT системийн талаар уу?

-Уг гэрээ стратегийн гэрээ байсан. Стратегийн гэрээн дотроо боловсон хүчнийг чадавхижуулах, системийг суу­ри­луулах, Монголын хөрөнгийн биржийг олон улсын хөрөнгийн биржийн түвшинд хүргэх зорилгын хүрээнд хийгдсэн гэрээ. MIT систем бол нэгээхэн хэсэг нь байсан. MIT-тэй холбоотой 21 асуудал бүгд шийдэгдсэн.

-MIT-тэй холбоотой 21 асуудал гэдэгт ямар ямар асуудал байсан юм. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгалам­жийн төв /ҮЦТТТХТ/ дээр зарим зүйлийг программ нь байхгүйгээс гараар шивж байна ч гэдэг юм уу багахан асуудлууд байсан. Энэ бүх асуудлыг Английн төлөөлөгч ирээд шийдэж өгсөн.
Хөрөнгийн зах зээл гэдэг мэдээлэл дээр тулгуурладаг учраас мэдээллийг хөрөнгө оруулагчдад түргэн шуурхай хүргэх зорилгоор бид Mobile application бэлтгэж байна.

Энэ үйлчилгээ гарснаар үнэт цаасны арилжаа, ханшийн мэдээллийг хүмүүс утаснаасаа авах бүрэн боломжтой болно. Үүний бэлтгэл ажил хангагдаж байна. Оны сүүлчээр энэ асуудал шийдэгдэх байх гэж бодож байгаа.
Өглөөний сонин
М.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-09-19 03:23:38
    Yana daa. Ekhniikh n\' ireed 3 jil orchim bolokhdoo ene zakh zeeliig unagaad yavsan. Odoo ene kheden yu\'ugaa ch medekhgyi khyykhdyyd byyr elgeer n\' mulkhyylekh n\' ee. Er n\' khynii yarij khelj bgaa gants 2-khon yariltslaga medeenees l ene khyn ajlaa kh
    103.26.192.146
    Мэдэгдсэн Хариулах