Арилжааны банкуудын гадаадаас татсан зээлийн хэмжээ 20.3 хувиар өсчээ
Энэ оны эхний хагас жилийн байдлаар дотоодын арилжааны банкуудын гадаадаас татсан нийт зээлийн хэмжээ нэг тэрбум 458.5 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 20.3 хувиар өссөн талаар Монголбанкнаас мэдээллээ. Банкны салбарын нийт гадаад пассивын 33 хувийг урт хугацаат зээл, 32 хувийг бонд, өрийн бичиг, 14 хувийг богино хугацаат зээл бүрдүүлжээ.
 
Харин зөвхөн II улиралд банкууд гадаадын банк, санхүүгийн байгууллагаас урт болон богино хугацаат 60 гаруй сая ам.долларын зээл шинээр авч, өмнө авсан зээлээсээ 48.6 сая ам.долларын үндсэн төлбөрийг буцаан төлсөн байна. Ингэснээр урт болон богино хугацаат зээлийн үлдэгдэл 698 сая ам.доллар болжээ. Энэ хугацаанд банк бус салбарын буюу аж ахуйн нэгж, иргэдийн гадаад пассив  нэг жилийн өмнөхөөс 20 хувиар нэмэгдэж, 12.8 тэрбум ам.долларт хүрчээ.
 
Үүнээс дийлэнх нь болох 83 хувь нь компани хоорондын өглөг байна. Энэ төрлийн санхүүжилт ихэнх тохиолдолд хүүгүй, хатуу мөрдөх эргэн төлөлтийн хуваарьгүй, харилцан тохиролцсоны үндсэн дээр цаашид дүрмийн санд нэмж тооцогдох боломжтой байдгаараа бусад төрлийн зээлээс ялгаатай ажээ.
 
Харин аж ахуйн нэгж байгууллагуудын экспортын бараа, үйлчилгээнд авсан урьдчилгаа төлбөр болон төлбөрийг нь хийгээгүй ч хүлээн авсан импортын бараа үйлчилгээний урт, богино хугацаат өглөгийн үлдэгдэл II улирлын эцэст 548.7 сая ам.доллар болсон талаар Монголбанкны тайланд дурьджээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.