Хил дээр гарсан анхны буун дуу буюу Д.Пиодорын хувь тавилан

Халх голын байлдааны 80 жилийн ой тохиож байна. Монголын түүхэнд тодоор бичигдэх энэ үйл явдалтай ямар нэгэн сэжмээр холбогддог хүн тийм ч олон биш. Тэгвэл энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа хил дээр гарсан анхны буун дуу болон бэлтгэл дэд хурандаа Д.Пиодорын тухай сурвалжиллаа. Түүний хувь тавилан Халх голын байлдааны түүхтэй салшгүй холбоотой. Аав Д.Дондов нь Дорнодын хил дээр амиа алдаж, Д.Пиодор гуравхан сартай, өнчин хоцорсон байдаг.

Тэд зүгээр ч нэг амиа өгчихөөгүй

Япон манжийн өдүүлсэн Халх голын хилийн мөргөлдөөн 1935 оны нэгдүгээр сараас эхэлсэн түүхтэй.  Мөргөлдөөнийг тодруулахаар VI дивизийн XV Морьт хорооны штабын дарга Д.Дондов таван цэргийн хамт тус оны нэгдүгээр сарын 24-нд Халхын сүмийн харуул дээр очжээ. Халхын сүмийн лам нар дам худалдаа хийдэг байсан учир тэднийг 1931 оны үед Тамсагийн өмнө зүгт байдаг гэр дуганд шилжүүлсэн байдаг. Тэр үеэс л Халхын сүм эзэнгүй болжээ. Монгол загасны харуулаас Халхын сүмд, Буйр нуурын зүүн эрэг орчимд хилийн харуул гарч, өдөр шөнөгүй дархан хилээ манадаг байв. Штабын дарга Д.Дондов цэргүүдийнхээ хамт хилийн харуул хийхээр ирсэн өдрийн 13:00 цагийн үед Япон, Манжийн зэвсэг бүхий 17 этгээд БНМАУ-ын хилд 20 орчим км-т нэвтрэн мөргөлдөөн гарсан байдаг.  Хил зөрчигчид, манай цэргүүд рүү гал нээж, тулалдах үеэр таван цэргээс штабын дарга Д.Дондов, харуулын дарга Г.Янжив нар амиа алдаж, гурав нь үлдсэн байна. Энэ үйл явдлыг түүхэнд хил дээр гарсан анхны буун дуу гэж тэмдэглэжээ. Энэ тулалдаанд манай цэргүүд зүгээр ч нэг амиа өгчихөөгүй.  Хүчний харьцаа зөрүүтэй байсан ч дайсны цэргүүдтэй хүч тэнцүү тулалдаж, штабын дарга Д.Дондов толгойлж явсан хүнийг нь хороож, өөрийн алтан амиа өргөсөн.  Ийнхүү Халх голын хил дээр гарсан анхны буун дуу  Д.Пиодор гуайн аав, түүний цэрэг Г.Янжив нарын алтан амины үнэтэй байсан юм.

Цэргийн хүчийг таслан зогсоосон нь түүний бас нэгэн гавьяа байсан

1936 онд уг мөргөлдөөнийг судлах комисс байгуулж, нарийвчлан шалгуулсан байдаг. Амьд үлдсэн цэргүүд, тухайн бүс нутгийнхантай уулзаж юу болсон тухай судалжээ.   Үүний үр дүнд Японы талаас өдөөн хатгаж, Монголын цэргийн даргыг олзолж, тухайн бүс нутгийн хүчийг сааруулах төлөвлөгөөтэй байсан. Түүнчлэн тэдний энэ ажиллагаа амжилттай болсон бол яг мөргөлдөөн болсон хил орчмоор томоохон цэргийн хүч Монголд орж ирэх байсан.  Үүнийг таслан зогсоож чадсан нь VI дивизийн XV Морьт хорооны штабын дарга Д.Дондов болон түүний цэргүүдийн бас нэгэн гавьяа байсан юм .

Жанжин  Ж.Лхагвасүрэнгийн дурсамжид…

Д.Пиодор гуай өдгөө аавыгаа дурсан сууна. Түүний аав Д.Дондов 1902 онд төрсөн. 20 насандаа ЦЕС-д элсэж 1924 онд төгсчээ. Тамсагт салаа сумангийн даргаар 11 жил ажилласан байна. Цэргийн хүмүүс дотроо онцгой нэгэн байжээ.  Зоримог, шийдэмгий, хийе гэснээ заавал биелүүлдэг ийм л зан чанартай. Энэ талаар залуу жанжин  Ж.Лхагвасүрэн хожим дурсамж номдоо бичсэн байдаг.  Түүний дурсамжид “…Тулалдааны талбарт алагдсан япон цэргийн бага дарга Ши Юо зэрэг гурван үхдлээс олдсон бичиг баримтаас өдөөн хатгалга үйлдсэн дээрх бүлэг манай хилийн манаа болон Халхын сүмийн харуулыг устгаад түүгээрээ олон тооны цэрэг цөмрүүлэн оруулж ирэх төлөвлөгөөтэй байжээ. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Дүгэржавын Дондов гэгч энэхүү чин зоригт эр бол намайг анх цэрэгт ирэхэд хүлээж авсан халамжит дарга нарын минь нэг байлаа. Тэгж харамсалтай амиа алдсан мэдээг сонсоод гүнээ эмгэнэн гашуудаж билээ. Цэргийн амьдралд хөтөлж оруулсан энэ гавьяат хүний ачийг би насан туршдаа санаж явдаг. Ахлах офицер Дондов нь штабын ажлын дадлага туршлагатай. Цэргийн жинхэнэ дарга, ах дүүгийн ёсоор харьцдаг байсан.  Өөрийн чадах бүхнийг цэргүүддээ зааж зөвлөдөг. Үргэлж амгалан тайван уурлаж уцаарлахыг мэддэггүй нэгэн байв. Дайчин зоригтой эрэлхэг нэгэн байв…” гэжээ.  Мөн тухайн үед Д.Дондовын талаар зарим хүн зориг нь дэндсэн хүн хэмээн ярьдаг байсан гэдэг.  Тиймдээ ч тухайн өдрийн тулалдаанд дайснуудад бууж өгөлгүй, зугаталгүй, урагш тэмүүлж баатарлагаар амиа алдсан гэдэг билээ.

Японы милитаризмын эсрэг анх удаа амиа өгсөн эх орончид байлаа

Дондовын Пиодор аав ээжийнхээ анхны бөгөөд цорын ганц хүүхэд.  Дорнодын Тамсагбулагт мэндлэхэд нь түүнийг орос эмч эх барьж авсан гэдэг. Тэгээд Пиодор хэмээх нэрийг  хайрласан түүхтэй. Түүний ээж “Дондов тэр өдөр харуул эргэхээр явахдаа хүүгээ ихэд өхөөрдөж, эргэн эргэн үнсэж үнэрлэж байсан” хэмээжээ. Тэгээд эхнэр нь “Юундаа гэр орондоо хоргодоод байгаа юм бэ. Юм бүхэн сайн сайхнаараа л байна. Сургууль соёлыг нь төгсөөд ирсэн хүн ажилдаа явалгүй дээ” гэж хэлээд гаргажээ. Дахин уулзахгүй гэдгийг яаж мэдэх билээ дээ. Тэр мөргөлдөөнөөс журамт нөхөр нь амьд эргэж ирээгүй.  Хил дээр гарсан анхны буун дуу ханийх нь амийг авч одсон байлаа. Мөн тухайн үед  Д.Дондов нарын шарилыг өгөхгүй, оршуулахгүй хоёр сар орчим болсон гэдэг. Учир нь Дондовын гарт амиа алдсан хүн нь алтан вагонтой, хоёр таван хошуутай, гуулин патлизтай офицер хүн байжээ.  Тиймээс дайсны томоохон албан тушаалтан Монгол цэргийн гарт амиа алдсан асуудлыг нэлээд нууцалж байсан гэдэг.  Ийнхүү хоёр сар орчмын дараа Д.Дондов,  Г.Янжив нарын алтан шарилыг тал нутагт нутаглуулсан байна. Хэдий хожим нутаглуулсан ч гэлээ тухайн үеийн бүх цэргийн жанжин онцгой ач холбогдол өгч цэрэг хүний ёсоор хүндэтгэн оршуулсан байдаг. Мөн тэдний баатарлаг гавьяаг тухайн үеийн төр, засаг өндрөөр үнэлж, БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолд “өөрийн эх орон хил хязгаарыг дайсан этгээдийн түрэмгийллээс өмгөөлөн хамгаалж баатарлагаар амь үрэгдсэн дарга Дүгэржавын Дондов, Готовын Янжив нарын гавьяаг мөнхжүүлэн Халхын сүмийн харуулыг Г.Янживын нэрэмжит,  Монгол загасны харуулыг Д.Дондовын нэрэмжит болгожээ.   Дархан хилийн ойролцоо Японы милитаризмын эсрэг анх удаа амиа зориулсан эх орончид бол тэд байлаа. “Хувьсгалт улаан цэрэг би халдах дайсныг даран сөнөөж ирээдүй цагийн хувьсгалын хэргийг бадруулах их үйлсэд амь биеийг хайрлахгүй зүтгэсүгэй” тухайн үеийн цэргийн тангараг ийм байлаа. Өргөсөн тангар­гаа ингэж биелүүлнэ шүү гэдгийг тэд өөрсдийн алтан амиар харуулсан гэлтэй. Монгол цэргийн зүрхэнд эх орны галыг ч тэд асаасан. Үүний дараа 1935 оны нэгдүгээр сарын 31-ний өглөөний 08:00 цагт Япон, Манж-Гогийн 41 машин цэрэг, 53 морин цэрэг артиллерийн галаар дэмжүүлэн Халхын сүм рүү дайрчээ. Бүх цэргийн жанжны “Хил дээр буун дуу гаргаж болохгүй” гэсэн тушаалаар Монголын хилийн харуул ухарч, Монгол загасны харуул дээр ирсэн байна. Өдрийн 12:00 цагт Манж-Гогийн тал Халхын сүмийг эзлэн улмаар Монгол Загасны харуул руу довтолж 13:00 цагт эзэлсэн байна. Монголын хилийн харуул мөн л буун дуу гаргалгүй ухарсаар Нарийн нуурт байрласан байна. Харин Манж-Гогийн тал хоёрдугаар сарын 1-нд ухарч, Халхын сүмд байрлалаа эзлэн хориглосон байдаг.  Энэ үеэс хэлэлцээ хийж, алдарт хэлмэгдүүлэлт ч эхэлсэн байдаг.

“Аавын минь ажиллаж байсан арми сайхан хөгжиж байна”

Дондов тэр өдөр харуул эргэхээр явахдаа хүүгээ ихэд өхөөрдөж, эргэн эргэн үнсэж үнэрлэж байжээ. Дахин уулзахгүй гэдгийг яаж мэдэх билээ дээ. Тэр мөргөлдөөнөөс журамт нөхөр нь амьд эргэж ирээгүй.

Гуравхан сартай өнчирч үлдсэн Д.Пиодор аавыгаа амиа алдсаны дараа нэг хэсэг Халх голын ойролцоо амьдарчээ. Гэсэн ч цагийн байдал хүндэрч, ээжийнхээ хамт 1935 онд нийслэлд ирсэн байдаг. Бага болон дунд сургууль, Багшийн сургууль төгссөн ч аавынхаа мэргэжлийг өвлөх нь түүний мөрөөдөл байв. Ийнхүү Д.Пиодор гуай Цэргийн нэгдсэн сур­гуульд орж төгсөөд 30 орчим жил Монголын армид ажилласан байдаг.  Салаан даргаас эхлээд штабын дарга хүртлээ дэвшин ажиллаж, Зэвсэгт хүчний 150  дугаар ангиас тэтгэвэртээ гарсан. Тэрээр голдуу их бууны ангиудад хуваарилагдан ажилласан байдаг. Зэвсэгт хүчний  019, 016 дугаар анги болон Зүүнбаянгийн дивизид их бууны даргаар долоон жил ажиллажээ. Д.Пиодор “Аавын минь ажиллаж байсан Монголын арми одоо их сайхан хөгжиж байна. Энхийг са­хиу­лах  ажиллагаанд цэргүүдээ ил­гээж эхэлсэн. Энэ нь түүхт  армид ажил­л­аж явснаараа бахархдаг” гэсэн юм.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-08-17 13:30:43
    Орос эмч эх барьж авсан юм бол Пётр гэж нэр өгсөн байхаа даа. Тэр нь яваандаа монголчлогдоод Пиодоор болсон байх. Гэхдээ аав нь хаоамсалтай амиа алджээ.
  • zochin 2019-08-13 05:33:33
    тухайн үедээ ингэж иргэний үнэмлэх дээр нь бичсэн болохоор яалтай билээ дээ
  • шагдар 2019-08-13 02:37:01
    Пеодор биш Феодор гэж бичнэ
  • Нннн 2019-08-13 00:56:40
    Алтан вагон? Үг үсгийн алдаагаа хянамаар юм