Лайкаар нэгнээ үнэлдэг болтлоо тэд донтжээ
 Цахим ертөнцийн эрин үед хүн бүр насны ялгаагүйгээр дуртай үедээ, хүссэн газраасаа мэдээлэл авсаар байна. Ухаалаг утас ашиглан интернэт өдөр, шөнөгүй хэрэглэдэг хүний тоо ч нэмэгдсэн. Тэгвэл цахим ертөнцийн сөрөг үр дагавараас өсвөр үеийнхнээ хэрхэн хамгаалах вэ. Өдгөө хүүхдийг саатуулахын тулд 1-2 настайгаас нь хүүхэлдэйн кино тавьж өгөхөөс эхлээд бид цахим ертөнцтэй буруу харьцаад эхэлжээ. Энэ талаар хөндлөө.

Цахим орчинг буруу хэрэглэж байгаагаа мэддэг ч  цагаа багасгаж чаддаггүй

Бид эхний ээлжинд өсвөр үеийнхэн цахим орчинтой хэрхэн харилцаж байгааг сонирхлоо.

33 дугаар сургуулийн VII ангийн сурагч Б.Анар-Эрдэнэ: "Өдөрт найман цагийг цахим орчинд өнгөрүүлдэг. Найзуудынхаа зургийг харна, бусадтайгаа холбогдох, мөн мэдээ мэдээллийг шуурхай авдаг. Түүнээс гадна олон ангит  "анимэ" буюу  японы цуврал үздэг. 300 гаруй ангитай тус анимэ өсвөр үеийнхний сонирхлыг их татдаг. Би өдөрт 2-3 ангийг үздэг. Нэг анги ойролцоогоор нэг цаг 30 минут гардаг. Заримдаа шөнөжингөө үзэх үе бий. Сүүлийн үед ээж аав маань утас хурааж авах мэтээр цахим орчинд хязгаарлалт хийх болсон гэлээ.

X ангийн сурагч Р.Оюунзул: “Зарим багш сургуулийн орчинд гар утас хэрэглэхгүй байх журмыг хэрэгжүүлдэг. Энэ нь зөв шийдвэр гэж бодож байгаа. Би өдөрт зургаа орчим цагийг фэйсбүүк, инстаграммд зарцуулдаг. Найзуудтайгаа харилцахаас гадна солонгосын дуучдыг дагаж, хаана юу хийх, шинэ дуу гаргасан эсэхийг сонирхдог. Сөрөг тал нь гэвэл миний дургүй охид миний зурган дээр таагүй сэтгэгдэл үлдээх, танихгүй хүмүүс чат бичих нь эвгүй санагддаг” гэв.

XI ангийн сурагч А.Ариунтамир: “Ангийнхантайгаа холбогдож шалгалтдаа бэлдэх, найзуудтайгаа чатлах, гадаадад байгаа ах эгчтэйгээ холбогдох, мэдээ, мэдээллээ олж авах зэргээр цахим орчинг ашигладаг. Гэхдээ фэйсбүүкт нэг орохоор юу хийж байснаа мартан хэдэн цагаар ч хамаагүй хүмүүсийн пост, бичлэгийг үзнэ. Өдөрт 10 орчим цагийг цахимд зарцуулдаг. Мөн найзуудтайгаа холбогдож “Рub g” тоглодог. Нэг тоглолт нь 1-2 цаг орчим болно. Мөн Японы цуврал “Наруто Шипүдэн” үздэг. Мэдээж цахим орчинд буруу хэрэглэж байгаагаа мэддэг ч цагаа багасгаж чаддаггүй” гэлээ.

Өсвөр үеийнхэн маань ингэж хариулж байна. Тэд цахим орчинд амьдралынхаа ихэнх хэсгийг өнгөрүүлдэг нь нэгэнт ойлгомжтой байна. Цахим орчин гэдэг тэдэнд тийм ч таатай газар биш. Сөрөг үр дагавар нь нийгэмд олноороо ажиглагдах болсон. Ялангуяа, энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн үед нэмэгдэх болжээ. Залилан мэхлэх, айлган сүрдүүлэх, даган дууриах  гээд жагсаалт нь үргэлжилнэ. НҮБ-аас гаргасан мэдээллээр бол 0-2 насны хүүхдэд цахим орчныг хориглох, 2-5 насны хүүхдэд өдөрт нэгээс бага цаг, 5-18 насны хүүхдэд өдөрт хоёроос бага цаг зарцуулах нь зохимжтой гэжээ. Гэвч манай улсад өсвөр насныхан өдөрт 6-10 цагийг цахим ертөнцөд өнгөрүүлж байна. Энэ аюултай шүү.

ЛАЙКНЫ ТООГООР УРАЛДДАГ ХҮҮХДҮҮД Ч БАЙНА

Тэгвэл хууль, эрх зүйн хувьд ямар зохицуулалт байдаг бол. Эрүүгийн хуулийн 2015 оны шинэчилсэн найруулгад Хүүхэд, гэр бүл, нийгмийн цахим аюулгүй байдлын талаар тусгасан байдаг. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн наймдугаар зүйлд цахим орчинд хүүхэд хамгаалал гэсэн тусгайлсан заалт оруулсан. Үүнд хүүхдийг хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшил, сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаална. Хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана. Хүүхдэд зориулсан мэдээ, мэдээлэл нь хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзсэн иргэн, хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгч, хүүхдийн эрхийн ажилтан энэ тухай гомдол, мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хандан шийдвэрлүүлнэ гэсэн тодорхой заалтыг оруулж өгсөн байдаг. Түүнчлэн Зөрчлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх тухай хууль, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль гэсэн хуулиар цахим орчны хэрэглээг зохицуулж байдаг. Мөн Цагдаагийн ерөнхий газрын дэргэд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байгуулагджээ. ЦЕГ-ын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга хошууч Д.Будзаан “Өсвөр настнууд танихгүй хүмүүсээс үлгэр дууриал авч байна. Задгай хувцастай зураг тавьж болох юм байна. Фэйсбүүкээр хүнтэй танилцаж болно. Мөн өсвөр үеийн хүүхдүүд фэйсбүүкийн лайкны тоогоор бие биеэ үнэлж харьцдаг. Мөн цахим гэмт хэргийн хохирогчдын хувьд иргэд өөрийн мэдэлгүй гэмт хэргийн золиос, гол бай нь болчихсон байдаг. Харин үүнийгээ мэдчихээд хаана, хэнд хандахаа мэддэггүй. Эцэг эхээсээ айж, бодит байдлыг нуудаг. Цахим гэмт хэргийг хохирогчид нь эмэгтэйчүүд эсвэл өсвөр насныхан байдаг” хэмээлээ.

ЦАХИМ ДОНТОЛТТОЙ 23 ХҮҮХЭД ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖЭЭ

Түүнчлэн он гарсаар хүүхдийн тусламжийн “108” утасны үйлчилгээний төвд цахим дарамтад өртсөн 125, цахим донтолтын 35 дуудлага бүртгэгдэж хамгааллын үйлчилгээ авчээ. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд цахим донтолттой 23 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн ажээ. Харин өнгөрсөн онд нийт 56 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Тэгвэл нийслэлийн ЕБС-ийн сурагчдын 96.9 хувь нь фэйсбүүк хаягтай бол хөдөө орон нутгийн сурагчдын 93 хувь нь тогтмол хэрэглэдэг болжээ.

СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн их эмч Л.Цэрэндолгор “Сүүлийн үед фэйсбүүк, инстаграмм, сошиал медиаг хэтрүүлэн хэрэглэсэн хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх нь ихэсч байгаа. Энэ талаар эцэг эх нь ямар нэг шаардлага тавихаар эсэргүүцэж, шаардлагыг нь биелүүлдэггүй байдлаас гэр бүлийн зөрчилдөөн гарна. Эсвэл ар гэрийнхэн нь тухайн хүүхдэд анхаарал халамж тавьдаггүй бол хүүхэд өөртөө цаг зарцуулж байгаа байдал нь ердөө цахим хэрэглээ болж байгаа юм. Ингэсэн хүүхэд цочимтгой, цочир ууртай, хүний үг даах чадваргүй, ганцаардмал, хүнтэй харилцахдаа түрэмгий авир гаргаж, цаашдаа нийгэмтэй харилцах харилцаанд асуудал үүсч эхэлдэг. Мөн цахим орчинд байх үедээ удаан хугацаагаар сууж, хэвтэх нь бие бялдрын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж, бодисын солилцоо, цусны эргэлт удаашралтай холбоотойгоор ядруу, дархлаа султай болно. Эцэг эхчүүд цахим ертөнц бол зөвхөн хэрэглээ гэдийг хүүхдэдээ багаас нь ойлгуулах хэрэгтэй гэлээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Намуунтамир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.