1918 онд Монгол улс  647.5 мянга хүн амтай байжээ
Хүн амын статистикийн мэдээллийн үндсэн эх үүсвэр нь 10 жил тутамд явуулдаг хүн ам, орон сууцны тооллого, хүн амын ердийн болон шилжих хөдөлгөөний жил бүрийн мэдээ тайлан болно. Монгол Улсын хүн амд Монгол Улсын нутаг дэсгэрт оршин суугаа болон гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа Монгол Улсын харьяат хүн амыг хамруулдаг байна.



 1935 оноос 2010 он хүртэл нийт 9 удаа хүн амын тооллого явуулсан гэж үздэг. 1918 онд Оросын эрдэмтэн И.М.Майский шинжилгээний анги Монгол улсын хүн амыг тоолж 647.5 мянга хүн амтай гэж үзсэн. И.М.Майскийн тооллогот Монгол улсад худалдаа наймаа, ажил эрхэлдэг хятад, орос хүмүүсийн тоонд оруулсан бол Ховдын хязгаар, Хөвсгөл нуурын урианхай, Богдын Их шавийн нутаг дэвсгэрт амьдарч буй хүмүүсийн тоо ороогүй юм. 1935 оны хүн амын тооллогоор 738.2 мянган 1918 оноос  17 жилийн дараа 90.7 мянган хүнээр буюу жилийн дундаж өсөлт 0.77 хувь байсан. Төр, засгийн алдаатай бодлогын уршгаар 1930 оноос 1934 оны хооронд дүрвэн нүүх хөдөлгөөн өрнөж, Монгол орны бүх аймгийн хамарсан 37700 гаруй хүн БНМАУ-ын нутаг дэвсгэрийг орхин өмнө тийш нүүсэн, 1932 онд Монгол улсад зэвсэгт бослого гарч 6000 гаруй хүн алагдсан зэрэг ихээхэн нөлөөлсөн. 1944 онд 759.1 мянган хүн тоологдож, 9 жилийн дотор 21.3 мянган хүнээр нэмэгдэж жилийн дундаж өсөлт 0.32 хувьтай байсан. Монгол оронд өрнөсөн их хэлмэгдүүлэлтийн уршгаар 30 гаруй мянган хүнийг хилсээр хороосон нь өсөлт бага байхад нөлөөлсөн юм. 1956 онд 845.5 мянган хүнтэй болж, 12 жилийн дотор 86.0 мянган хүнээр нэмэгдсэн нь эерэг үзүүлт бөгөөд дайн дуусаж, улс орон тайван замаар нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийг хөгжүүлэх таатай нөхцөл бүрэлдсэн. 1963 онд анх удаа 1017.1 мянга буюу нэг сая хүнтэй болж, жилийн дундаж өсөлт 2.7 хувьд хүрчээ. 1969 онд 1197.6 мянган хүн амтай болсон. Жилийн дундаж өсөлт 2.8 хувь болжээ. 1979 онд 1595.0 мянга болсон нь Монгол улсын хүн амын өсөлтийн хамгийн өндөр үзүүлэлт юм. 1989 оны тооллогоор 2044.0 мянган хүн тооллогдсон. Энэ хугацаанд БНМАУ хоёр сая иргэнтэй болсон. 1988 оны 7 дугаар сарын 11-нд төрсөн 25 хүүхдийг 2 сая дахь иргэн хэмээн батламжилсан. Энэ үед жилийн дундаж өсөлт 2.5 хувьтай байсан. 2000 онд Монгол улсын 8 дахь удаагийн хүн амын тооллого явагдаж 2373.5 мянга болж, жилийн дундаж өсөлт 1.4 хувьтай болж буурсан. 1990-ээд оны эхнээс зах зээлийн харилцаанд шилжиж, нийгэм, эдийн засгийн хөгжилд гарсан өөрчлөлт зэрэг олон шалтгаан нөлөөлжээ. 2010 оны тооллогоор 2754.6 мянга болсон. Харин 2015 оны 1 дүгээр сарын 24-нд Монгол улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн билээ. /Ч.Батдорж/

Монгол Улсад иргэний паспорт олгох ажлыг 1935, 1943, 1960, 1964, 1979 онд цаасан мэдээлэл, хүний хүчин зүйлээр гүйцэтгэж байсан хэдий ч Монгол Улсын Засгийн газар 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 167 дугаар тогтоолоор “Монгол Улсын иргэний үнэмлэх”-ийн загвар, тодорхойлолт, дүрмийг баталснаар “БНМАУ-ын иргэний паспорт”-ыг “Монгол Улсын иргэний үнэмлэх”-ээр солих бэлтгэл ажил эхэлжээ. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 78 дугаар тогтоолоор баталсан “Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”-т Монгол Улсын иргэний эрхийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, хүнд суртлыг багасгах, цахим үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор иргэний цахим үнэмлэхийг олгож эхэлсэн аж.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.