“Сошиал дахь би мэднэ, чадна”-чууд
Мэдээллийн эрин зуунд хүмүүс цахим орчноос мэдээ мэдээлэл авч байна. Олон нийтийн сүлжээ бол ямар ч мэдээ мэдээллийг, зураг хөрөгтэй тайлбартай хүргэдэг нээлттэй цонх юм. Хэн дуртай нь ямар ч мэдээллийг энэ талбараас хангалттай олж авна.

Гэхдээ энэ сүлжээг сайнаар ч муугаар ч ашиглах, заримдаа бүр хэтрүүлэх, соёлгүй байдлаар хандах үзэгдэл харагддаг. Үнэн худлаа нь мэдэгдэхгүй, хүний нэр төрд халдсан гутаан доромжилсон мэдээ мэдээллийг эндээс ч олж харна. Гэхдээ саараас илүү сайн нь их байгаасай гэж бодно. Манай монголчуудын бараг 80 хувь нь цахим сүлжээг идэвхтэй ашигладаг гэсэн судалгаа бий.
 
Тэгвэл цахим сүлжээг хувийн бизнес, зөвлөгөө мэдээллийн ертөнц болгосон хүмүүс болон сүлжээ компаниуд ч их байна. Өөрөөр хэлбэл, үнэн худлаа нь мэдэгдэхгүй олон янзын зөвлөгөө, эмчилгээ, мэдээ мэдээлэл их урсана. Ялангуяа олон янзын пэйж хуудсууд байна. Тэрнийг дагагчид гэж үй олноороо. Сошиал дэхь би мэднэ, чадна гэсэн зөвлөгөө өгөгч буюу их мэдэгчүүд олон байна.
 
Гоо сайхны бүтээгдэхүүн зарж борлуулах, хоолны дэглэм, ардын уламжлалт болон шинжлэх ухаан, эрүүл мэндийн гээд есөн жорын мэдээлэлтэй пэйж хуудаснаас мэдээлэл авч тэрийгээ өөрийнхөө бие дээр туршиж үздэг нь олон.
 
Гэвч хүний биеийн онцлог шал өөр. Тэр олон янзын зөвлөгөө, гоо сайхны зөвлөгөө, хоол ундны дэглэм таарах ч хүн бий таарахгүй ч хүн бий. Гэтэл манайхан хэнэггүй байж бусдын амаар явж хүчээр тааруулж, өөрийнхөө эрүүл мэндийг хохироох явдал гардаг.
 
Сүүлийн үед энэ хоолны дэглэмээр янз бүрийн пэйжийн мэдээлэл бүр хүчээ авчээ. Ямар ямар дэглэм гэвээ. Кето дэглэм, Дукен, Мацагтан монголчууд, эрүүл аргаар амархан турахыг хүсвэл ID хийгээрэй гэсэн янз бүрийн пэйжүүд байна. Бүгдэн рүү нь орж үзэж мэдээллийг нь харлаа. Шал өөр өөр зөвлөгөө мэдээлэл өгдөг юм байна. Энэ бүр сүүлдээ бизнес болтлоо өргөжсөн. Зүгээр зөв хооллолтын зөвлөгөө авахад ийм дансанд 10-20 мянган төгрөг хийгээд хоолны жороо аваарай гэх юм. Тэгээд тэр зөвлөгөөг нь дагаж мөрдөөд жин хасч байгаа нь хэр бол. Хүний биеийн онцлог өөр байдаг.

Хоол сойгоод, дан мацаг барьж байна гээд хэдэн хоногоор ус, жүүс уугаад турна гэх ойлголтод нэг их итгэхгүй байна. Хүний биеийн дархлаа суларч өвчлөхөөс өөр яах бол. Дан усан мацагаар жин хаядаг ч хүн байна, хаядаггүй ч хүн байна. Тиймээс өөрийн өөрийгөө ямарваа нэгэн үл бүтэх зүйлийн туршилтын туулай битгий болгоочээ.
 
Манай монголчууд эрт дээр үеэс л малынхаа шимт тэжээлтэй мах, сүү цагаан идээг нь хэрэглэж ирсэн ард түмэн. Эрс тэрс уур амьсгалтай газар нутагтай.

Гэтэл харийн орны хоол хүнсний соёлыг нутагшуулж байна гээд маш буруу аргаар хооллолж ундалж байгаа харагддаг. Монголчууд цагаан хоолтон биш. Гэтэл мах огт идүүлэхгүй, хориулсаар байгаад уургийн дутагдалд оруулсан, ус их уулгасаар байгаад бөөрний дутагдалд оруулсан. Нэмэлт тэжээл гэх янз бүрийн бүтээгдэхүүнийг замбараагүй хэрэглэсээр байгаад амиа алдсан гэх баримтууд өчнөөн байдаг. Зөв хооллолт, зөвлөгөө нэрийдлээр бид өөрсдийгөө “алаад” байна шүү. “Тийм ч юм сайн гэнэ. Энэ маш сайн гэнэ. Үүнийг уугаад гоё болсон гэнэ” гэх дам ярианд хууртаж итгэхээ болиоч.

Нөгөө талаар ийм төрлийн зөвлөгөө өгдөг, эрүүл мэндийн болон гоо сайхны бараа бүтээгдэхүүн цахим сүлжээгээр зарж байгаа хүмүүс  ч гэсэн жаахан хүн чанартай, хүнлэг байя. Бусдад хүчээр бүхнээ тулгаж, шаарддаггүй баймаар байна.
 
Гоо сайхны зөвлөгөө ч мөн ялгаагүй, янз бүрийн бүтээгдэхүүн онлайнаар гаргаж ирээд түүнийгээ зад рекламдаж байгаад зарна. Манайхан сурталчилгааг нь хараад хошуурдаг.
 
Гоо сайхны хагалгаа болон найдваргүй бараа бүтээгдэхүүнээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдол бий.
 
Жишээлбэл, хэдэн жилийн өмнө дуучин Ч.Ану нүүрэндээ алтан утас суулгуулжээ. Тэрбээр алтан утас суулгадаг эмнэлэг байдгийг нэг эмэгтэйд зааж өгсөн. Тэр эмэгтэй Анугийн зөвлөгөөгөөр нүүрэндээ мөн алтан утас гүйлгүүлж, арьсаа татуулж гоё болсон ч удалгүй утас нь ил гарч ирж, нүүрийнх нь өрөөсөн тал таталт өгсөн гэх мэдээлэл тухайн үедээ шуугиан тарьж, дээрх хоёр шүүх цагдаа дээрээ тулж байсныг та бүхэн сайн санах байх.
 
Мөн хувийн нэгэн эмнэлэг гоо сайхны хагалгаа хийдгээрээ алдартай, найдвартай хэмээн пэйж хуудсаараа өөрийн эмнэлгийн талаар зад рекламдсан харагдсан.

Гэвч тэр эмнэлэгт харвингийн өөхөө соруулах гэж орсон эмэгтэй, хагалгааны орон дээр амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн хавар гарсныг бас мэднэ дээ.
 
Түүнчлэн энэ хувийн эмнэлэгт хөхөө өргөх тарилга хийлгүүлээд хөхөө өвчлүүлж, хавдар болгосон эмэгтэй ч мэдээлэл цацаж байсан. Гадаадаас гаралтай тураах бүтээгдэхүүн хэрэглэсэн эмэгтэй бөөрний дутагдалд орж амиа алдсан талаар төв нэгдүгээр эмнэлэгийн эмч ч ярьж байсан удаатай.

Сошиал дэхь мэдээллийг хараад байхаар бага насны хүүхэдтэй ээжүүдийн грүпп их идэвхтэй харагддаг. Хүүхэд нь өвдсөн үү, эсвэл яр шарх гарсан зургийг нь олон нийтийн сүлжээнд тавиад бие биенээсээ зөвлөгөө асуусан байдаг. Гэвч их мэдэгчид "Тийм эм сайн, энийг хэрэглээрэй, маш сайн шүү" гэж нөгөө л шахааны бизнес нь харагдана. Үнэндээ бол хүүхэд нь өвчилсөн бол сошиал дахь их мэдэгчүүд биш мэргэжлийн эмч, эмнэлэгт хандах ёстой биз дээ. Хүүхдийнхээ эрүүл мэндээр ч сошиалд дэнчин тавих ээжүүд байгааг үгүйсгэхгүй. 
 

Тиймээс сошиал дагаж шуурахаа бас цуурахаа болъё. Хамгийн гол нь өөрийн өөртөө зөв орш. Өөрийнхөө биеийн онцлог, өөрийнхөө биед таарах хоол хүнс, гоо сайхны бараа бүтээгдэхүүн, хувцас хунараа мэдэж байгаа бол бусдыг дагаж хошуурахаа л боль. Тэд өөр хүн, та бас өөр хүн шүү дээ. Өөрийн өөртөө хайртай байя, өнө удаан жил амьдаръя гэж бодож байгаа бол бусдын үг, үйлдлээр бүү яваарай.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-08-10 00:56:40
    Yag zuv bichsen bna.Huhuul huuhedtei hun matsag barij bolno gej neg ni zuvluguu uguud baisan.Ter bol mash buruu sanagdaj baisan.
    206.75.50.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-08-08 05:05:30
    Vnen shvv hen neg hvn bidnii amidraliig zaagaad l ter rvv ni dagaj dawhiad baih hereg baihgviee hvn ta uuruu l henees uur ertunts shvvdee tiim bolohoor
    64.119.17.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Цицерон 2019-08-08 03:46:10
    Бид ямар үйлдвэрийн дамжлагаар нэг загвараар хийгдсэн робот биш 10 -ын 16 зэрэгтээр хэмжээд ч барахгүй олон янзын бүтэцтэй бодгалиуд билээ харанхуй ардуудаа
    202.131.243.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн 2019-08-08 03:05:07
    700 жилийн өмнөөс хүн төгс хөгжих бололцоо, замыг бид мэдэдэг, ийм олон гадны ном орчуулга ашиглаж, харин одоо идэх, уух, мөн бренд гэнэ үү яриад, - О.Гэрэл ээ
    202.179.31.122
    Мэдэгдсэн Хариулах