Зуслангийн газар өмчлөх ажил эхэллээ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах 26 байршилд зуслангийн газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн юм. 2013 оны 7 дугаар сарын байдлаар 26 байршилд нийт 47943 нэгж талбар байгаагаас 24793 нэгж талбарт нь газар өмчлүүлэх боломжтой гэсэн судалгаа гарчээ.

Зуслангийн газар өмчлүүлэхдээ ойн болон усны сан бүхий тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх ёстой.

Үүний дагуу НИТХ-ын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101 тоот тогтоолоор зуслангийн 5 байршлын хаягийн зургийг батлуулж, эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн Жигжид, Яргайт, Сүхбаатар дүүргийн Ар Хустай, Цолмон, Цээнийн аманд дугаарлалт, хаягжилт хийсэн байна.
Хаягжилт хийсэн газраас эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн Яргайт, Сүхбаатар дүүргийн Ар Хустайн аманд зуслангийн газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулахад бэлэн болсон бөгөөд газар өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг авч эхэлжээ.

Дээрхи байршилд зуслангийн газар өмчлөх хүсэлтэй иргэд өргөдөл болон дараах  материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Өмч Газрын Харилцааны Албанд өгөх шаардлагатай.
Үүнд: 
- Газар өмчлөх тухай хүсэлтийг батлагдсан маягтын дагуу бөглөх
- Иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар
- Газар эзэмших эрхийн гэрчилгээ эх хувиараа
- Газрын кадастрын зураг  

Газар өмчлөх хүсэлт гаргаж буй иргэн газрын төлбөрийг зохих журмын дагуу тушаасан байхыг анхаарах хэрэгтэй. Гэр бүлийн зориулалтаар өмчлүүлж буй 52 байршилд газар өмчилсөн болон өмнө нь 0,07 га газраа өмчилсөн иргэд зуслангийн газар давхар өмчлөх боломжгүй болох юм.
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine