С.Будхүү:Би нэг л өдөр олимпийн аварга шавьтай болно

 Олон улсын таеквондогийн “Цэцэн шонхор” клубын багш, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахлах дэслэгч С.Будхүүтэй ярилцлаа.
 
Тэрбээр Дэлхийн аваргад оролцох гээд шавь нарынхаа хамт нутагтаа бэлтгэл сургуулилалт хийж байна.

 
-Сайн байна уу, сайхан зусч байна уу. Дэлхийн аваргадаа шавь нартайгаа бэлтгээд түмэн завгүй байна уу. Бэлтгэлийн сонин сайхнаас дуулгаач?
 

-Сайн сайн байна уу. Зуншлага сайхан Завхан нутагт хуртай нартай сайхан зун боллоо. 21 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын спортын мастер 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медальт А.Бунд шавийгаа бэлтгэж байгаа. Шавь маань одоо 18 настай. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийн тодорхой хувийг Завхан нутгийнхаа үзэсгэлэнт байгаль, урсгал голын дэргэд хангаж байгаадаа баяртай байна.  Мөн энэ оны 08 дугаар сарын 10-11нд  БНХАУ-дболон  ITF OPEN 2019 тэмцээнд гурван шавийн хамт оролцоно.

 -Хэзээ болох билээ?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 08 дугаар сарын 24-30 ны хооронд Болгар улс Плодив хотноо болно.

 -Ажлын нэг өдөр хэрхэн эхэлж хэр өрнөж, төгсдөг вэ?

-Өглөө 06.00 цагийн үед босоод шавь нарынхаа бэлтгэлийг хангана 08.55  минутын үед ажил дээрээ очоод ажлаа хийнэ дээ. Бидний ажил ер нь зав багатай ажил оройн 18.00 цагаас  ажил тараад 21.00 22.00 цаг хүртэл шавь нартаа цаг заваа зарцуулдаг. Долоо хоногийн дөрвөн өдөр иймэрхүү өнгөрдөг. 

-Таны хувьд дэлхийд болон улсдаа гаргасан амжилтуудаа нэг бүрчлэн танилцуулбал?

-Миний хувьд Олон улсын хэмжээний мастер, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, 2011, 2013 оны Олон улсын таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хатуу биет хугалах төрөлд мөнгөн медаль, 2014 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл мөнгөн медаль, 2015 оний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан медаль,  2018 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Мөнгө, хүрэл медальтай.




-Таны хувьд Улсын аваргаар 10 дахь удаагаа тодорсон билүү?
 
- Тийм байх шүү 12 ч байж магад.
 
-Дэлхийн аварга болсон тухайгаа яривал?
 
-2015 онд Олон улсын таеквондогийн Монгол Улсын шигшээ багийн охидууд Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг авч тив дэлхийн тамирчдыг суудлаас нь босгон төрийн дууллаа эгшиглүүлсэн жаргалтай, бас азтай мөч тохиосон юм.

-Бэлтгэж байгаа гарынхаа шавь нарт илүү итгэл найдвар төрүүлж байна. Нийт хэчнээн шавьтай вэ?

-Өөрийн гарын шавь нар миний  итгэл алдаж үзээгүй. Дандаа илүү итгэдэг би өөрийгөө азтай багш гэж боддог надтай таарсан хүүхэд бүр авьяастай хүчтэй мундаг хүүхдүүд бий. Нийт шавь нарын тоо нэлээн их болсон байх. 2010 оноос хойш Завхан аймагтаа тулааны спортыг хөгжүүлэх гэж хичээж байна. 

-Тэмцээн уралдаанд явахад тамирчдад нэг тулгардаг бэрхшээл бол мөнгө санхүү байдаг. Санхүүгийн асуудлаа нууц биш бол яаж шийддэг вэ?

-Тэмцээний зардлын тодорхой хувийг тамирчид өөрсдөө гаргадаг  мөн тодорхой хувийг Завхан аймгийн спортод элэгтэй төрийн болон төрийн бус байгууллагууд Засаг захиргаанас дэмждэг нэг жилийн хугацаанд нэг тамирчин 1-6  тэмцээнд оролцох боломжтой байдаг. Гэхдээ бүгдэнд нь оролцохгүй ч боломжоороо оролцоод явдаг.

-Ер нь таеквондогоор залуу хойч үе хэр хичээллэж байна вэ?

-Анх эхэлж байсан цагийг бодвол бага насны хүүхдүүд  бэлтгэл сургуулилтанд хамрагдаж байгаа манай клуб нь дан ганц таеквондо гэхгүй бусад тулааны урлагийн Завхан аймагтаа хөгжүүлье гэж бодож байгаа одоогоор кратагийн тэмцээнд оролцож амжилт гаргаж байгаа.

-Энэ спорт дэлхийн хэмжээнд хэр түвшинд явж байгаа бол, манайд бас хэр байна вэ?

-Олон Улсын таеквондо нь дэлхийн 280 улс оронд холбоотой байна. Намайг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхад 81  улсын тамирчин хүрэлцэн ирсэн байсан. Монгол Улсад  яг энэ төрлийн спортын амжилтаар хөдөлмөрийн хүндэт тэмдэг, алтан гадас одонгоор энгэрээ мялаасан тамирчид бий. 

-Спортын хүний гол онцлог бол тэсвэр тэвчээр ихтэй байж л амжилт гаргах байх гэж боддог?

-Тиймээ дорно дахины спорт тэр дундаа тулааны урлаг нь хүнийг тэсвэр хатуужилтай болгож мөн хүнийг ёс суртахуун бие бялдрын  хөгжилтэй болгож өгдөг спорт өөрөө их нийтэч багаар ажиллах чадвар олгодог агуу зүйл. 

-Шантрах үе байсан уу?

-Шантрах үе хааяа гардаг юм гэхдээ тамирчин хүнд шантрах эрх байхгүй шүү дээ. Тив дэлхийн дэвжээн дээр Монгол Улсаа төлөөлөн Монгол гэж дуудуулан гарч байгаа хүнд  шантрах эрх байхгүй тамирчин хүн бүр эх оронч хүмүүс байдаг гэж боддог.



-Хааяа спортын карьер хөөхгүй, нээх сайхан амар амгалан амьдаръя гэж боддог уу?

-Миний амьдрал ер нь спортоос салахгүй байхаа хэзээ ч спортоос залхаж амгалан байя гэж бодож байгаагүй жаахан завсарлахаараа шавь нар минь яаж байгаа бол гээд санаа зовж эхэлдэг. 

-Чөлөөт цаг гэж гардаггүй уу. Юу хийдэг вэ?

-Хаяа чөлөөт цаг  гарна  чөлөөт  цагаараа  хүүхдүүдтэйгээ  аялан зураг авах дуртай уянгын эсвэл уртын дуу сонсон цаг зав гарч байвал ээжтэйгээ хамт өнгөрөөхийг их хүсдэг дээ. Энэ жил ээжтэйгээ ууланд гарч цэцэг түүсэн их сайхан байсан.

-Тамирчин хүний цаашдын хүсэл мөрөөдөл зорилго юу байна?

-Хамгийн түрүүнд зөв хүн болон хүнийг хүндэлж харьцахаас эхэлнэ гэж боддог.  Тамирчин хүн заавал амжилт гаргах алба байхгүй эх орондоо хайртай зөв хандлагатай иргэн болчихвол болно доо.  

-Залуу хүний хувьд мэдээж өсөн дэвжих, амжилт бүхний оргилд гарахыг хүсч мөрөөддөг байх. Ер нь залуу хүний хувьд өнөөгийн нийгмээ хэр харж, үнэлж дүгнэдэг вэ? 

-Би  нэг л өдөр олимпийн аварга шавьтай болно гэж бодож байна. Их гэгээлгээр хардаг бид хэдий чинээ сайн байна бидний хойч үе төдий чинээ сайн байна гэж бодож байна түрүүлж гарсан чихнээс сүүлдэж гарсан эвэр урт гэдэг шүү дээ. Би аливаа буруу зөв үйлдлийн өмнөх болон хойч үед хэн нэгэнд тохохыг хүсдэггүй юм ирээгүйгээ их сайн байлгахыг хүсвэл бид өөрсдөө алдаа багатай сайн байж  л дараагийн үе дараагийн амжилтыг гаргана би шавь нараа надаас илүү их амжилт гаргаасай гэж хүсдэг. 

-Ярилцсан танд баярлалаа?

-Баярлалаа.





Шавь А.Бунд 
 
 
 О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.