Тойм: Ерөнхийлөгч АНУ-д

Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар АНУ-д нийтдээ таван удаа албан ёсны айлчлал хийсний сүүлийнх нь өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Ерөнхийлөгч Х.Баттулгын дөрөв хоног хийсэн айлчлалын талаар эерэг, сөрөг олон янзын дүгнэлт хөвөрч байгаа ч түүний айлчлал бүхэлдээ “Түүхэн” гэсэн тодотголыг дагуулж чадлаа. “Зууны мэдээ” сонин өнгөрсөн өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотоос мэдээллийг шуурхай дамжуулж ажилласан. Энэ удаа айлчлалыг бүхэлд нь тоймлон хүргэж байна.

“Бидний эдийн засгийн харилцаа нэн чамлалттай байна”

2018 оны байдлаар АНУ-тай хийж буй худалдаа манай улсын худалдааны нийт эргэлтийн дөнгөж 1.7 хувийг эзэлж байжээ. “Технологийн хурдацтай шинэчлэлийн эрин үед ийм тоо хэлж суугаа нь бидний эдийн засгийн хамтын ажиллагаа нэн чамлалттай байгааг харуулж байна. Тиймээс энэ удаагийн айлчлал, хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалт нь ихээхэн ач холбогдолтой болно гэж итгэж байна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлалынхаа эхний өдөр болсон “Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийн үеэр онцлон хэлсэн юм.

Дэлхий дахинд өрнөж буй үйл явдлуудыг судалж, АНУ-ын Конгресс болон Засгийн газарт шинжлэх ухааны үндэслэлтэй, бодлогын шинжтэй зөвлөмжүүдийг хүргүүлж, мэдээллээр хангадаг Стратеги, олон улсын судалгааны төвд Ерөнхийлөгчийн айлчлалын эхний уулзалт болсон нь энэ юм. Энэ уулзалтад олон улсын сэтгүүлчид болон бизнес эрхлэгчид, эрдэмтэн, судлаач гэсэн 250 хүн оролцож, Ерөнхийлөгчийн илтгэлийг сонсож, сонирхсон зүйлээ асууж, хариулт авсан. ХХ зууны эхээр Америкийн уул уурхайн инженер, хожмоо АНУ-ын 31 дэх ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан Херберт Хүүвэр 1899 онд алтны нөөцийн эрэл хайгуул хийх зорилгоор тухайн үеийн Монголын нийслэл Хүрээнд ирж, Бурхан шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагттай уулзсан тухай, Америкийн хайгуулч, Байгалийн түүхийн музейн захирал Рой Чапмен Эндрюс эртний хүний ул мөрийг олох, үлэг гүрвэлийн үүслийг тогтоох шинэ нээлт хийхээр Монголд хэд хэдэн удаагийн экспедиц зохион байгуулж, улмаар үлэг гүрвэлийн чулуужсан өндгийг олж, дэлхийд гайхагдсан нээлт хийсэн түүх нь хоёр орны харилцааны түүхийн сонирхолтой баримтууд, батлан хамгаалах, эдийн засгийн салбарын олон мэдээллийг Ерөнхийлөгч илтгэлдээ багтаасан байв. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай уулзахын өмнөх өдөр энэ хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь хоёр орны хамтын ажиллагааны түүх болон ирээдүйн боломжуудын талаар нэгдсэн ойлголт өгсөн ач холбогдолтой арга хэмжээ болсныг оролцогчид хэлж байв. Нөгөө талаас манай улсын байр суурийг урьдчилсан байдлаар илэрхийлсэн улс төрийн зөв нүүдэл, сайн мессеж боллоо гэж улс төр судлаачид олон нийтийн сүлжээнд дүгнэж байгаа нь ч харагдсан юм.

Таван минутын уулзалт 40 минут үргэлжилсэн нь

Айлчлалын хоёр дахь өдөр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Цагаан ордондоо угтан авсан. Энэ уулзалтыг дэлхий нийтээр анхааралтай ажигласан. Хоёр орны төрийн тэргүүний уулзалт энгийн, нээлттэй болсныг хэвлэлүүд онцолсоор байна. Д.Трамп манай Ерөнхийлөгчийг өөрийн биеэр угтаж аваад Цагаан ордны “Зууван” танхим руу дагуулан явах үедээ сэтгүүлчдэд хандан “Монголчууд гайхалтай тэмцэгч улс. Би Японд айлчлах үеэрээ сүмогийн ертөнцөд энэ улсын дөрвөн аварга байдаг гэдгийг мэдсэн. Тэдний нэг нь энд ирсэн байгааг сонссон. Бидэнд дайчин аваргууд хэрэгтэй. Бахархаж байна” гэж хэлсэн. Энэ айлчлалд зориулж түүний хүү …..-д Монголын Ерөнхийлөгчөөс морь бэлэглэсэн бөгөөд “Бэлгэнд авсан морио харсан уу. Нэр өгсөн үү” гэсэн сэтгүүлчийн асуултад Д.Трамп “Зургийг нь харсан. Их сайхан адуу байна лээ. Ялалт гэж нэрлэхээр болсон” гэж хариулсан юм.

Хоёр ерөнхийлөгчийн ганцаарчилсан уулзалт хөтөлбөрийн дагуу таван минут үргэлжлэхээр байсан ч 40 орчим минут болсон. Энэ үеэр Монголын ноолууран бүтээгдэхүүний талаар урт яриа өрнүүлсэн аж. Уулзалтын дараа тэд албан ёсны хэлэлцээ хийсэн. Хэлэлцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улс батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт нягт хамтран ажиллаж байгаа хэдий ч худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа муу байгаад онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Мөн анхны дипломат харилцааны түүхийн талаар яриа өрнүүлжээ. Мөн энэ үеэр АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс АНУ нь Монгол Улсын гуравдагч түнш байгаад, мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин Афганистан улсад энхтайван тогтоох үйлсэд гар бие оролцож байгаа явдалд онцгойлон талархал илэрхийлсэн байна. Албан ёсны хэлэлцээнээс дараах чухал шийдвэрүүд гарсан юм.

Жил хүрэхгүй хугацаанд шат ахисан нь буюу Стратегийн түншлэл

Х.Баттулга, Д.Трамп нарын уулзалт, албан ёсны хэлэлцээнээс гарсан чухал шийдвэр бол хоёр орны харилцааг дээд түвшинд хүргэсэн буюу Стратегийн түншлэлийн тунхаглалыг зарласан явдал байлаа. Энэ тунхаглалыг зарласнаар хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах гэсэн суурь зарчмуудыг тууштай хамгаалах, аюулгүй байдал, энхийг сахиулах чиглэлээр хамтрах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлэх гээд маш өргөн хүрээнд буюу бүх салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх болно гэсэн эрмэлзлэлийг дэлхий нийтэд сонордуулсан гэсэн үг.

АНУ нь дэлхийн улс орнуудаас зөвхөн 16-тай нь стратегийн түншлэлийн түвшинд хамтран ажилладаг бол манай улс ийнхүү 17 дахь улс нь боллоо. Энэ нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд өргөсөн үйл явдал болсныг судлаачид хэлсээр байна. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчлах үеэр Стратегийн түвшний өмнөх үе шат буюу “Өргөжүүлсэн иж бүрэн түншлэл”-ийг зарлаж байсан. Тэгвэл ердөө ганцхан жилийн дараа ийнхүү нэг шат ахиж дээд түвшинд хүрсэн нь маш ховор тохиолдлын нэг болж байгаа юм байна. Манай улсын хувьд стратегийн түншлэл бүхий тав дахь нь улс нь АНУ болж байна. Бид Хятад улстай стратегийн иж бүрэн түншлэлтэй. Тун удахгүй болох Халх голын 80 жилийн ойн баярын үеэр ОХУ-тай байгуулсан стратегийн түншлэлийн гэрээг бүхэлд нь шинэчилж, иж бүрэн гэсэн үг нэмэхээр төлөвлөж байгаа юм.

Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль ирэх сард батлагдаж магадгүй

Айлчлалын бас нэг том зорилго нь Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн төсөл байсан. Энэ төслийг тус улсын Конгресст Тэд Иохо тэргүүтэй 40 гаруй гишүүн өргөн барьсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаа гэдгээ, мөн хоёр талын Төрийн тэргүүн нарын зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа ерөнхийлөгч Д.Трамптай уулзах үеэр илэрхийлсэн. Д.Трампын зүгээс энэ хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа хэлсэн байна. Тэгэхээр хуулийн төсөл ирэх сард батлагдах магадлал өндөр байгаа юм байна. Учир нь Конгрессын доод танхимд 40 гаруй гишүүн, дээд танхимд 10-аад сенатын гишүүн манай хуулийг дэмжиж гарын үсэг зурсан. Дээрээс нь Гүйцэтгэх засаглалын дэмжлэг байгаа гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэллээ. Хэрэв хууль батлагдвал Монголын ноос, ноолууран эцсийн бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүйгээр экспортлох  боломжтой болбол мал аж ахуйгаар амьдардаг 200 мянган өрхийн орлого баталгаажиж, 40-50 мянган ажлын байр шинээр бий болох боломжтойг онцолж байна. Энэ нь зөвхөн уул уурхайгаас хамааралтай Монголын эдийн засгийг солонгоруулах бодит гарц болно гэдэгт тэд итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монголын 30 мянган иргэн АНУ-д амьдарч байна

Өнөөдрийн байдлаар 30 мянга гаруй монгол иргэн АНУ-ын 200 орчим хотод ажиллаж, амьдарч , суралцаж байна. Тухайлбал, Зүүн эргийн Вашингтон хот орчимд 6000, Төвийн бүсийн Чикаго хот орчимд 8000, Баруун бүсийн Лос Анжелест 2000, Сан Францискод 4000, Сиатльд 1500 орчим иргэн амьдарч байгаа аж. Мөн монгол иргэдийн санаачилсан 58 холбоо, төрийн бус байгууллага АНУ-д үйл ажиллагаа явуулдаг аж. Тэдний төлөөлөл болсон 180 орчим иргэнтэй Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлалын үеэр уулзаж, санал бодлоо солилцсон билээ. Мянганы сорилтын сан, Дэлхийн банк, Боинг, Монсүүн Блокчайн, Вүүд Капитал партнерс гэсэн Америкийн томоохон бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй уулзах үеэр Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес эрхлэх боломж өргөн байгааг Ерөнхийлөгч хэлсэн юм. Тэр дундаа технологи нэвтрүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулахад онцгойлон анхаарах хэрэгтэйг тодотголоо. Мөн Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн төслийг өргөн барьсан Конгрессын гишүүн Тэд Иохо гэсэн бусад төлөөлөгч Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан. Монгол эмэгтэйг сансрын нисгэгчээр “Наса”-д сургах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газарт зочлох үеэрээ “НАСА”-гийн дарга Ж.Брайданстанд илэрхийлж, Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урьсан. Хоёр улсын хууль зүйн салбарын хамтын ажиллагааг зузаатгаж, АНУ-ын талаас оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, илрүүлэх зэрэг хүсэлтийн дагуу хурдан шуурхай ажиллаж Монголын талд туслалцаа үзүүлэхээ АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уйльям Барр Ерөнхийлөгчэй уулзах үеэрээ илэрхийлсэн гээд энэ удаагийн айлчлалын хамрах хүрээ маш өргөн боллоо.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Солонго
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2019-08-06 04:01:33
    otgoo said ajlaa sain hiijee. bayar hurgie
    203.217.139.225
    Мэдэгдсэн Хариулах