Монгол соёлыг дархлаач буюу уран дархан О.Эрдэнэчулуун

Манай сонин “Амьдралын тойрог” булангийнхаа энэ удаагийн зочноор Монгол Улсын урлагийн гавьяат зүтэлтэн, нэрт уран дархан Очирын Эрдэнэчулууныг урьсан юм. Уран бүтээлч хүн өөрийн ертөнцтэй байдаг гэдэг. Тэгвэл монгол дархчуулын дунд очлон гялалзан яваа энэ хүний ертөнц гэж их содон байхын учрыг нээхээр зорилоо. Бэсрэгхэн хөрөг нийтлэлээ чухам л эрхэм зочиндоо зориулах минь.

“ЭРДЭНИЙН ӨРГӨӨ”-НД БОЛСОН ЯРИА ХӨӨРӨӨ

Саяхан болж өнгөрсөн дөө “Монгол дархан-2019” гэж уран бүтээлийн хосгүй том үзэсгэлэн. Энэ үеэр уран дархан О.Эрдэнэчулуун гэж хүний гурван шавь нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагнал гардаж байхыг харсан юм. Тэгээд уг дархантай уулзах болзоо тавьсансан. Ингээд болзсон цагтаа тэднийд очлоо. Таван давхар харшийн нэгэн хаалгаар орсноо санаж байна. Гэтэл би тавилга бүхэн нь ур ухааны туйл шингэжүү гэмээр гэрт байж байх юм. Уучлаарай цочирдсоноос биш би алмайрч маяглаагүй юм шүү. Энэ гэрийн хойморт сүм дуганы дүрсээр гүнгэрваалсан бурхад, эргэн тойронд нь угалз чимэглэл нь учир бүхнийг агуулсан арслантай бэсрэг авдар, ширээ сандал хийгээд тооно голлон байрласан хасаг ган тулга жинхэнэ монголоо. Өөрөөр хэлшгүй. Эд зүйлийн чимэглэл бүхнийг ажаад л байх нээ амьдралын хамгийн нандин утга уянгатай бүхэн цогцолсон мэт. Яг л музей шиг. Энэ гэрт орж ирсэн сүсэгтэй хүн бол сөгдөж мөргөмөөр, сэтгээд ойлгосон нэгэн бол монголоо биширч дархан хүний бурхан ухаанд шүтмээр ийм л юм санагдвай.

Тэгээд бидний яриа энэхүү гэрийнх нь тухайгаас эхэлсэн юм.
 

-Та сайхан зусч байна уу. Уран бүтээл өндөр биз гэх гэсэн чинь энэ гэрт чинь орж ирээд асуултгүй боллоо. Харин ийм содон сайхан гэр хэзээ бүтээчихсэн юм бэ?

-Хүмүүс янз бүрийн гэр бүтээсэн байх юм сийлбэртэй голдуу. Тэгэхээр нь юуны төлөө олон арван жил алх, дөш нийлүүлж амьдарлаа гэж бодохоор сэтгэлд багтаад ийм  нэг гэртэй боллоо. Яг бүрэн төгс болоогүй л байгаа юм.

-Гэрийн нэр юу билээ?

-Нэр өгч амжаагүй ээ. Өөрөө бодохдоо “Эрдмийн эрдэнийн өргөө” гэсэн талын нэр өгөх санаа бий. Найз нөхөд минь ирж үзэж л байна. Санаагаа ч хэлдэг.

-За би орж ирээд эхлээд самбар хаалган дээрх хээ хуарыг харлаа. Миний мэдэх тумбааш буюу эвтэй дөрвөн амьтан л лав харагдлаа?

-Айлын өнгө үүднээсээ гэдэг дээ. Тэгэхээр орох хаалга гол нь гэж бодсон. Эвтэй дөрвөн амьтан буюу зааны сүргээр эрдэнэ үүрүүлсэн чимэглэл хийсэн юм. Заан чинь дөрвөн хүчтний нэг гэдэг ч их уян зөөлөн эв эеийг хичээсэн сайхан амьтан шүү дээ. Тиймээс билгэдэл болгож авсан. Ер нь бидний монголчуудын уламжлалт өлзийгөөс эхэлсэн хээ угалз ч тэр чигээрээ билгэдэл байдаг. Энэ харахгүй юу гэрийн хос багана яг адил жаргал дуудахыг билгэддэг найман морь чимэгтэй. Доор нь уул, ус, байгаль дэлхийн яруу сайхан өнгө төрх байгаа.

-Бас бидний мэдэхээр зоосны дүрс байна даа?

-Тиймээ бид зоос гээд нэршүүлчихсэн юм. Уг нь зоос биш Монголын уламжлалт хээ чимэглэлийн нэг. Нэг ухаалаг залуугийн судалж тайлснаар “Таван нүдэн” гэх чимэг юм. Дээр үед язгууртан хүмүүс хаад ноёдын энгэрт “пүс” гэх дөрвөлжин зүүсгэл, түүн дээр нь зоос харагддаг. Тэрнээс нь уг хүний зэрэг дэв мэдэгддэг жишээний тэгэхээр зоос буюу таван нүдэн нь Монголын уламжлалт нэг хээ, чимэглэл юм л даа.

-Энэ таван нүдэн зөвхөн багана дээр биш өөр эдлэлүүд дээр ч харагдаж байна даа?

-За тийм ээ. Гэрийн хана, унь хаа л бол байгаа. 12 жил, дөрвөн хүчтэн, найман тахил гэхэд олон давтамжтай орсон бий. Өлзий хээ гэхэд 4-16 нүдтэйгээр харагдаж байгаа. Монгол хээ тэр дотор өлзий чинь өлзийжаргал гэсэн утгатай “уншиж” дуусашгүй чимэг юм шүү дээ. Хас хээ л гэхэд бат бөхийн билгэдэл хийгээд амьдрал үйл төгсгөлгүй гэсэн санаа байдаг даа.

-Бид хээ чимэглэлийн тухай яриад байвал үнэхээр дуусашгүй юм байна. Гэрийн эд хогшлийн чимэглэлд бас өөр олон үнэт эрдэнэ оржээ дээ. Харахад?

-Тэгэлгүй яахав, алт, мөнгө, шүр сувд гээд есөн эрдэнэ багтсан юм шүү. Тиймээс эрдэнийн гэсэн үг гэрийн нэрэнд зайлшгүй орох байх л даа. Билгэдлийн юм бүхэн уран бүтээл болоод ирэхээр уламжлалаа хадгалсан өөр өөрийн өнгө төрхийн илэрхийлэл болдог гэж болох биз ээ. Энэ бүхнийг жинхэнэ Буддын ухааны талаас тайлбарлах юм бол бүр ихийг хэлэх болж таарнаа даа.

-Бидний ар талын хананд эвтэй дөрвөн амьтан, нөгөө талд “Цагаан өвгөн”-ий зургийг эрдэнийн чимэглэлтэй жаазанд байрлуулжээ дээ?

-Эвтэй дөрвөн амьтны тухайд дээр товчхон хэлчихсэн байх. Тэр монголчууд хүндэтгэн үздэг Цэрэндүг хэмээх цагаан өвгөний зураг бол байгаль дэлхийн билгэдэл юм л даа. Эх дэлхийгээ энэ сайхан буурал өвгөнөөр төлөөлүүлэн ертөнцийн уул усны эзэн гэж гөрөөс, тогос шувуу гэсэн олон ан амьтан хад ууландаа байгаагаар дүрсэлсэн. Ер нь энэ гэрийг бүтээх зорилго маань хийц урлалын хувьд бусдынхаас өөр, бүхэлдээ ондоошилтой болгож орж ирсэн хүнд өөдрөг сайхан билгэдэл төрүүлдэг байгаасай гэсэн чин санаа юм.

Ийм гэрт тэгээд урлаж бүтээсэн эзэнтэй нь ярилцаж суухуйд нэг их амирлангуй хийгээд тийм нэгэн гүн гүнзгий учир шалтгааныг тайлмаар бодол төрж уран дархан О.Эрдэнэчулуун гэдэг хүнтэй бүр сайн танилцах хүсэл намайг эзэмдэв. Халхын хавтгай дээр ямар их баялаг, ямар олон авьяастан төрсөн, төрсөөр байгаад ч бахархсан минь бас л хязгааргүй гэхээр.

О.ЭРДЭНЭЧУЛУУН: БИ БУДДИСТ УДАМТАЙ НЭГЭН

Эрхэм зочин О.Эрдэнэчулууны аав ижийгийнх нь нутаг Булган аймгийн Хангал нэгэн үеийн Халиун сум, бүр тодруулбал, өнөөгийн Амарбаясгалантын хийд орчмын сайхан хангай. Аав Очир нь Амарбаясгалант хийдэд гэсгүй лам явж. Тухайн цагийн учир явдлаас шалтгаалан хар болж бичиг үсгийн боловсролтой нэгэн байсны улмаас ард олныг соён гэгээрүүлэх ажилд оролцож бичиг үсгийн багш, хэвлэх үйлдвэрт үсэг өрөгч сүүлдээ цаасны, бас бэлэн бүтээгдэхүүний нярав байж л дээ.

Тэгвэл өвөө нь “Цагаан гэлэн” хэмээн түмэндээ нэрлэгдсэн Гомбожав гэх бас л санваартан хүн байсан гэдэг. Энэ тухай О.Эрдэнэчулуун ярихдаа миний удам бүгд шашны зүтгэлтэн гэж хэлэгдэх хүмүүс байсан болохоор би буддист талын хүн болно биз дээ. Олон арван бурхан дархалж бүтээсэн нь ч удамтайгаа холбоотой гэсэн үгийн илэрхийлэл болов уу гэсэн юм. Харин яагаад уран дархны мэргэжил зэзэмшсэн бэ гэвэл тэр ямар нэг сургууль соёлд сурсангүй аяндаа олж авсан эрдэм нь тэр болов. Аяндаа гэдгийн учир бас ихээ. Хүүхэд байхад нь эргэн тойронд нь олон зураач урчууд байж. Ахынх нь гэргий З.Цэцгээ гэж удам дамжсан зураач. Түүний аав Зундуй нь шаазан баарын үйлдвэрийн хэдэн бурхан зураач өвгөдийн нэг байсан юм билээ. Бас залуудаа лам байгаад Эрдэнэчулууны аавтай адил тэр бариа тавианы үеэр  шар шувталж ур ухааныхаа хүчээр амьдралаа авч явсан хүн гэх. О.Эрдэнэчулууны төрсөн ах О.Отгонпүрэв гэж мэргэжлийн зураач хүн бий. Ийм л хүмүүсийн дэргэд өсч хүмүүжсэн Монголын алдар нэртэй урдаа барьдаг уран дархан гэгдэх нэгэнтэй өнөөдөр бид ярилцаж бүтээлийг шимтэн байх учиртай байжээ. Эрхэм зочин О.Эрдэнэчулуун зөвхөн зураач биш уран дархан болсон нь бас нэгийг “хэлнэ”.

Тоолж барамгүй, үзэж ханамгүй олон бүтээлийнх нь дийлэнхийг бурхан шашны сэдэв голлоно. Алтаар, мөнгөөр өвөрмөц нарийн нийцтэй бурхан олныг хийжээ. Бас монгол ур ухаан шингээсэн ахуйн хэрэглээний гэх томоохон цогц бүтээл зөндөө. Тэр бүхнээ багцалж хийсэн “Монголын дархны уламжлалт урлал” гэдэг томоохон зурагт ном байна. Бас цомгууд бий. Түүнийг нь үзэхэд тэр олон бурхдыг, тэр олон уламжлалтай эд зүйлд хэчнээн их хүч хөдөлмөр зарцуулаа бол гэдэгт гайхмаар л санагдсан. Зочин маань зүгээр нэг хүний хэрэглээний юмс хийдэг төдий дархан биш, хойч үедээ Монголын уламжлалт ур ухааныг шингээсэн бүтээл хийж үлдээхийн төлөө яваа хүн юм л даа. Орчлонд ааваараа өөрийгөө бүтээлгэчихээд өсгөж хүмүүжүүлчихээд бас дээр нь Монголын уламжлалт ур ухаан, шашны философийн эх суурийг нь тавиулчихаад сурсан мэдснээ баяжуулж уран дархан гэх ховор хүний нэг болоод яваа нь азтай хийгээд бодол ухаанаараа том яваа хүн юм энэ Эрдэнэчулуун. Бас ардын ухаантай гэдгээ уран бүтээлээрээ харуулж чадсан эрдэмтэй нэгэн. Хэн ч бай уран бүтээлээ төрсөн түүхийг нь хэлэх дуртай байдаг.  Тэгвэл О.Эрдэнэчулуунд омогшиж ярих юм бас зөндөө. Түүний 10 кг цэвэр алтаар урласан нэгэн бурхан Монголд бий. Энэ бол ёстой мөнхийн бүтээл шүү гэж хэлнэ лээ. Тухайн үед улсаас хаалттайгаар шилдэг гэх есөн дарханыг тендерийн журмаар уралдуулахад есөн хүний загвараас түүнийх түрүүлсэн юм билээ. Тэгээд урласан гэх. Энэ тухай сонсоход 10 кг алтаар зөвхөн нэг бүтээл хийсэн түүх дуулаагүй ээ. Дэлхийд ч байсан эсэхийг мэдэхгүй. Харин Эрдэнэчулуун гэх дарханд тийм ховорхон хувь заяа тохиожээ. Бас 10 кг цэвэр мөнгөөр бүтээсэн “Мөнгөн мод” гэдэг бүтээл 1996 онд болсон уран дархчуулын төрөлжсөн үзэсгэлэнгээс шалгарч Монгол Улсын 15 дахь шилдэг зохион бүтээгч болсон түүх бас түүнийх.

МОНГОЛД О.ЭРДЭНЭЧУЛУУН ГЭДЭГ УРАН ДАРХАН БИЙ ГЭЖ ДЭЛХИЙ МЭДНЭ

Ингэж хэлэхийн учир бас бий. Тэр төр, засгийн захиалгаар бэлэг дурсгалын маш нандин зүйлүүд хийсэн юм билээ. Тэр бүхэн Ази, Европ болон алс холын Америк орны хилийн дээс алхаж, дэлхийн нэртэй удирдагч нарын нэр дээр бэлгийн хадаг болж очсон байх юм. Эд зүйлийг нь нэрлэбэл мөнгөн сэлэм, монгол шатар, хэт хутга, мөнгөн аяга тэргүүнтэй байх. Энд бас нэг сонирхолтой дурсамж дамжуулан хэлэхээс өөр арга алга. О.Эрдэнэчулуун эхнэр уран хатгамалч О.Эрдэнэчимэгтэйгээ хамтарч урласан 1.2 х 0.8 метр хэмжээтэй, мөнгө болон үнэт чулуугаар чимэглэсэн “Цагаан дарь эх” бурхан АНУ-ын ерөнхийлөгч Ж.Бушд бэлэг болж очсон байдаг.  Түүнийг тэр эрхэм хүн маш таашааж бүр өөртөө өндөр үнэлж авсан гэдэг. Үүний дараа Засгийн газраас удаа дараагийн захиалгын дагуу ур хийц монгол ухаан шингэсэн бэлгийн зүйлүүд хийж өгсний шанд 80 кг цэвэр цагаан мөнгө биетээр олгож байж.

Энэ тухай О.Эрдэнэчулуун хэлэхдээ тэр мөнгө миний уран бүтээлийн хөгжилд их нөлөө үзүүлсэн дээ. Харин би надад олгосон шагнал төдий биш монгол дархны авьяас чадварын үнэлгээ гэж ойлгосон гэж байлаа. О.Эрдэнэчулуун бурхан ухааныхаа тайланг олон удаа тавьсан хүн. Бие даасан үзэсгэлэнгээ дөрвөн ч удаа гаргасан. Тэр нь зөвхөн өөрийнх нь санаа байсангүй хэн нэг Элчин сайд, Монголд суугаа аль нэг улсын төлөөлөгчийн газрын захиалга байж. Энэ тухай нэгийг өгүүлбэл Тайваньд нэг сүрхий тоогджээ. Гадаад, дотоодод урилга хүлээлгүй бүтээлээрээ оролцох нь О.Эрдэнэчулуун гэдэг дархны нэг зуршил нь. Тайваньд нэг удаа үзэсгэлэнд оролцож явахдаа Вандана гэдэг том хийдийн хамба ламтай танилцаж улмаар тэр хийдийн анхны ширээт ламын хөрөг дүрийг бүтээх болж. Сэтгэлд нь багтаад байсан болохоор захиалгыг нь авч ирээд Ж.Төмөрбагана багштайгаа хамтарч уг захиалгыг биелүүлж л дээ. Тэр нь Тайванийн талынханд ихэд таалагдаж. Тэндээс манайд бие даасан үзэсгэлэнгээ гаргаарай гэсэн урилга өгсөн байдаг. Энэ дагуу 2010 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, тухайн үеийн Гадаад хэргийн сайд С.Оюун болон нэрт зохиолчид, дотнын нөхөд, уран бүтээлчдээ дагуулан ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлагийн ая дуутайгаар Тайваньд очиж хэд хэдэн газарт Монголоо сурталчилжээ. Ийм дурсамжууд уран дархан О.Эрдэнэчулууны амьдралд дэндүү олон бий. Тэр монгол дархны урлалд 30 гаруй жил зүтгэхдээ мөн ч олон удаа манлайд нь явж дээ. Заримаас нь хэлэх юм бол Монголын соёлын сангаас 1992 онд зохион байгуулсан “Монгол увидас-92” үзэсгэлэнд оролцохдоо алтан шармал “Бодь суварга” бүтээлээрээ хоёрдугаар байрын шагнал авснаас хойш 1995 онд “Ногоон дарь эх”, 2000 онд хэт хутганы хослол бүтээлээрээ тэргүүн шагнал хүртсэн юм билээ. Түүнээс хойш Монгол Улсын үе үеийн гурван ч Ерөнхийлөгчийн ивээл дор явагдсан “Монгол дархан” үзэсгэлэнд мөн л түүний болоод хамтран ажилладаг багийнхны бүтээл шалгарсан байна. Уран дархан О.Эрдэнэчулууныг монгол дархны урлах эрдмийг чадамгай эзэмшиж бурхан шашны зан үйлийн холбогдолтой олон арван шилдэг бүтээл урлаж, Монголын уламжлалт шашны соёлыг сэргээн хөгжүүлэх, дархныхаа эрдмийг хойч үедээ сургаж өвлүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоор шагнажээ. Тийм ээ. Ийм нэр алдар хүртэх ёстой нэгэн О.Эрдэнэчулуун мөнөөс мөн. Тэр байтугай төрийн шагналд ч дүйхээр олон арван бүтээл түүнд байгаа юм шүү. Тэр нэг сэтгэл сэрдхийлгэсэн үг хэлсэн нь хүн гавьяа шагнал, нэр хүндийг хүсч хүлээж байж авдаг юм биш хийсэн ажил мэргэжилдээ үнэнч байсан цагт аяндаа ирдэг хайр хүндэтгэл шүү дээ гэж…

О.ЭРДЭНЭЧУЛУУН ГЭЖ ЧУХАМ ХЭН БЭ?

Нийтлэлийн маань баатрыг зөвхөн алх, дөш нийлүүлж суудаг жирийн дархан гэж ойлговол алдас болно. Тэр урлахуйд суралцахын гадна нийгмийн зүтгэлтэн, томоохон сурган хүмүүжүүлэгч юм. Үүнийг ШШГЕГ-ын албан хаагч, хурандаа цолтой нэгэн гэдгийг мэдлээ. Тэгвэл голдуу бурхан бүтээдэг уран бүтээлч хүн яахаараа хурандаагийн буурь сууринд ажилладаг байна гэж гайхах хэрэггүй. Уг албанд 20 гаруй жил юу хийсэн бэ гэвэл хүнд ялтай амьдралаа цэглэхэд хүрсэн тийм хүмүүстэй л тэр ажиллажээ. Хаа ч амьдрал байдаг юм шүү гэдгийг тэдэнд ойлгуулж чадсан. Яаж гэвэл өөрийн сурсан дархны эрдмээ зааж. Дархны эрдэм гэдэг маш нарийн ухаан шаардсан түвэгтэй ажил. Асар их тэвчээр хэрэгтэй болно. Энэ чанар нь хүнийг хүмүүжүүлэх, хүн болгоход чухал гэдгийг О.Эрдэнэчулуун биечлэн үзүүлжээ. Хорь гаруй жил 60-70 хүн дархны үйлд тийм л хүмүүсийг сургаж л дээ. Тэднээс жинхэнэ дархан болж чадсан нь цөөн ч бүгд амьдралаа аваад явахтай болсон аж. Торгон гэхээр уран дархан ч төрсөн. Одоо О.Эрдэнэчулууны нэг гар нь болоод ажиллаж байгаа хүн ч бий. Дээр гэрийн тухай ярианд энэ тухай хөндөгдөж байсан. Дархан л гэхээр бүхнийг хийдэг гэсэн үг биш. Тиймээс баг хэрэгтэй юм байна л даа. Дархан маань одоо үнэнч гурван шавьтай. Түүнээс гадна халамжит хань О.Эрдэнчимэг нь хамгийн гол түшиг нь. Сайн хатгамалчин энэ эмэгтэй алтны дэргэдэх гууль шарладгийг харуулж нөхөртэйгөө суусны дараа л тэр уран хатгамалч гэдэг ховорхон урлаач болсон гэнэ. Өөрөө угаас тийм авьяастай байсан уу гэхэд тэр “Наад хүний чинь ач гавьяа л даа” гэж товчхон хариулна лээ. Тэгээд л урлаач хосын гар нийлж бүтээл ундруулсаар байна. Нэр нь Эрдэнэ гэсэн адилтгалтай. Хувь заяа нь тэднийг түшиж бас хүү Э.Мөнх-Эрдэнэ нь аавтай ижилсэн уран дархан болж явна. Тэгэхээр Эрдэнэ нэртэй гурван урлаач нэгэн бүлд цогцолсон гэж болно. О.Эрдэнэчулууныг бас хүмүүнлэгийн үйлстэн гэхэд огтхон ч ташаарахгүй байх. Яагаад гэхээр олон хүнийг дархны эрдэмд сургаж амьдралын замыг нь тэгшилж өгсөн хүн. Тэгвэл одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд дархны сургалт хийе гэсэн санаагаа дэвшүүлээд байна. Хариуцсан яам, тамгын газар дэмжих юм бол нийгэмд хязгаарлагдмал амьдардаг тэр хүмүүсээс алс нь уран дархан олон төрөх ч юмсан уу.

О.Эрдэнчулуун дарханд шүүмжлэлтэй ханддаг зарим зүйл бий. Тухайлбал, дархчуулын бүтээлд тавих үнэлгээнд алдаа гардаг гэх. Энэ нь хэрэглээний ээмэг, бөгж, мөнгөн аягахан хийдэг бусдын бүтээлийг хуулбарлан би чадлаа гэдэг хүн олширч. Нөгөө л хэдэн дуу дуулсан бүхэн өөрийгөө дуучин гэдэг шиг. Бас хүнээсээ бус өнөөгийн нийгмээс шалтгаалж монгол соёлын хэм хэмжээ алдагддаг тухай ч ярьж байна лээ тэр. Юм хөгжих ёстой ч уламжлалт соёл тэр дотор Монгол дархны урлах гэдэг өвгө дээдсээс минь үлдээсэн өв гэж байна. Үүнийг алдах асгах учиргүй гэж зочин маань дахин давтан хэлж байна лээ. Мөнгө бодсон энэ зах зээл гэдэг юм монгол уламжлалт уран дархны соёлын нарийвчлалыг алдагдуулж байна гэсэн үг дайж байсан. Өөрөө бол хажуугийн ямар ч нөлөө салхи шуурганд автахгүй болсон бүр хатаагдсан уран бүтээлч юм л даа. Ер нь хүн өдөр тутмын талхны төлөө гэж ажиллах юм бол монгол өв уламжлалд хортой гэж хэлнэ лээ.

О.Эрдэнэчулуун гэдэг төрмөл дархны нэг нандин гэхээр чанар нь ямагт “галзуу” уран бүтээлийн эрэл хайгуулд хатаж явдаг нь. Сайн уран бүтээлч хүн хэр хэмжээндээ таарсан аархал, бардамналтай байдаг. Ийм байдал түүний ярианаас мэдрэгдэж л байна лээ. Басхүү удмаараа Буддагийн их ухаанд шимтэн суралцаж ирсэн уран бүтээлч нэгэн ам бүлийн амьдралын зах зухаас өнгөцхөн хэлэхэд ийм л. Зочин маань ч сэтгэлдээ хадагдсан нандин бүхнээ сэрээж, сөхөн дурсах аз завшаан таарлаа гэж бодсон шиг санагдсан юм.

*   *   *

Өргөөнд үүд гэж буй, бас хоймортой. Өргөө гэр дугуй, ертөнц өөрөө бөөрөнхий, түүн лүгээ хүмүүний амьдралын тойрог ч бас бөөрөнхий. О.Эрдэнэчулуун ертөнцийг шив шинэхэн өргөөндөө шингээж насаа элээж намтар түүхээ бичин явнам. Түүний урлан бүтээх үйлс далай шиг арвин байх болтугай.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Цэрэннадмид
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.