Си Зиньпин торгоны замын асуудлаар Шри Ланка улсын ерөнхийлөгчтэй ярилцлаа
БНХАУ-ын дарга Си Зиньпин Шри Ланка улсад зочилж, тус улсын Ерөнхийлөгч Махинда Ражапаксатай уулзжээ.  Өмнөд Азийн орнуудаар айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Си Зиньпин Энэтхэгийн далайд орших арлын орон Мальдив улсад  ажлын айлчлал хийснийхээ дараа Шри Ланка улсад зочилсон нь энэ юм. Си Зиньпин даргын хувьд 28 жилийн дараа тус улсад ажлын айлчлал хийж байгаа аж.

Түүнийг Шри Ланка улсад газардах үед нисэх онгоцны буудал дээр хэдэн мянган хүүхэд, 40 гаруй заан угтан авсан байна. Үүний дараа тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Махинда Ражапаксатай уулзаж, далайн аюулгүй байдлыг хамгаалахаас эхлээд далай тэнгисийн салбар дахь хамтын ажиллагааг дэмжих хамтарсан форумыг явуулж,  чөлөөт худалдааны гэрээг яаравчлан үзэглэх асуудалд тохиролцоонд хүрсэн бөгөөд дэд бүтцийн салбарт дэмжлэг үзүүлэх бодолтой байгаагаа ч илэрхийлсэн аж.

БНХАУ нь Энэтхэгийн далайн Шри Ланка улсын өмнөд хэсэгт шинэ нисэх онгоцны буудлын барилгын бүтээн байгууллалтын ажил зэрэг дэд бүтцийн шинэчлэлтэд хувь нэмрээ оруулж байгаа юм. Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Си Зиньпин дарга эдийн засгийн дипломат худалдааны замын аюулгүй байдлыг хангахыг санал болгосон бөгөөд “21-р зууны торгоны замыг бий болгохоор төлөвлөж буй миний хүсэл болон  Шри Ланкаг далайн болон агаарын тээврийн гол төв болгохыг хүсдэг Ерөнхийлөгч Махинда Ражапаксагийн бодол нэг нэгтэйгээ сайтар уялдан зохицох болно” гэж онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн “Хоёр улс хамтын ажиллагаагаа бэхжүүлснээр “Далайн торгоны зам” маш их ашиг авчирна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хятад улс нь Шри Ланкагийн эрэг хавийн аж үйлдвэрийн парк, далайн аюулгүй байдал, далайн эдийн засгийн хөгжил, боомтын барилга, байгууламжийн салбарт хамтран ажиллах болно” гэж хэлжээ.  Сүүлийн жилүүдэд Хятад улс олон улсын далайн худалдааны стратегийн чухал бүсэд орших Шри Ланка улстай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа билээ.

Тиймээс ч усан боомт, онгоцны буудлын барилга зэрэгт их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд эхэлчихсэн бөгөөд Шри Ланка улсын хамгийн том хөрөнгө оруулагч улсаар нэрлэгдээд байгаа юм. Өчигдөр БНХАУ-ын дарга Си Зиньпин Хятадын Засгийн газраас 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөөр Шри Ланка улсын хамгийн том хот Колонбод баригдах нисэх онгоцны буудлын шав тавих ёслолд оролцсоныхоо дараа Энэтхэг улс руу хүлгийн жолоо залсан байна.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.