“Үндсэн хуулийн өөрчлөлт онолд тулгуурлах ёстой”

Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүтэй Үндсэн хуулийн өөрчлөлтийн эргэн тойронд ярилцлаа. 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаа үйл явцыг та хэрхэн  дүгнэж байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлт нэртэй үйл ажиллагаа өрнөөд сүүлийн хоёр сар нэлээн эрчтэй байна. Энэ юунаас урган гарав, яагаад эрх баригчид улайраад байна  гэдгийг улс орны байдал, ард түмний амьдралаас улбаалж тайлбарлах нь зөв байх. Ерөнхийдөө 29 жил, Шинэ Үндсэн хуультай болоод  27 жил явсан энэ нөхцөлд  яг үнэндээ Үндсэн хууль байна уу, үндсэн биш хууль байна уу, ард түмэн зүгээр сайхан амьдрахыг л хүссэн. Төр, засгаас амар амгалан, сайхан амьдралыг бий болгоосой, цалин орлого амьдралд хүрэлцдэг. Илүү дутуу дарамт шахалтгүй, шударга ёс ноёлсон амьдралыг монгол  гэлтгүй дэлхийн ямар ч улс орны иргэд  үеийн үед хүсч  ирсэн. Бүх улс орны ард түмний хүсэл мөрөөдөл, жишиг ийм. Монголын өнөөгийн нөхцөл байдлыг гурван зүйлээр дүгнэхэд,  энэ газар нутгийн, улс орны хувь заяаны эзэн, суурь өгөгдөл, үндсэн эх сурвалж нь болсон ард түмний амьдрал ямар байна вэ. 30 гэр бүлээс бусдынх нь амьдрал  болохоо байж, бүгд өрийн сүлжээнд орсон. Банк, санхүү, эдийн засгийн талаас нь судалж, олон жил үүний эсрэг  тэмцэж ирсэн хүний хувьд хэлэхэд улс орны, ард түмний хувь заяа  харийн мөнгө хүүлэгчдийн гар хөл болсон дотоодын мөнгө хүүлэгч, тэдний эсрэг юу ч хийж чадахгүй төрийн унхиагүй ажиллагаа, дундаас нь ойр зуурын хулгай хийж амьдарч сурсан ноёлог давхаргад эзлэгдчихсэн. Ард түмний амьдрал дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр гарах газаргүй болсон. Нийт ард түмний 80-аас доошгүй хувь нь Монтескогийн онол энэ тэр хамаагүй, эзэнтэй төртэй болохсон, намайг хуурдаггүй хүн гарч ирээсэй, бидний амьдралыг цэгцэлж өгөөсэй гэж байна. Хоёрдугаарт, нийгмийн оюун санаа буюу нийгмийн сэтгэлгээ мөн 29 жил төр гэх нэртэй, түүн доторх хүмүүст итгэж, горьдож янз бүрээр үзээд одоо эднээс юу ч харахаа болиод төр гэж нэрлэгдээд байгаа УИХ, Ерөнхийлөгч гэдэг хувь хүн, институцийн аль нь болох бүтэц, Засгийн газар гээд байгаа хэдэн хүнийг хянадаг, хариуцлага тооцдог болохсон, зүтгэж чаддаг хүмүүсээ олж авахсан гэж байна. Нийгмийн сэтгэл зүй энэ тал руу  бэлэн болжээ. Гуравдугаарт төр гэж өөрсдийгөө нэрлэж, бас  андуурч  яваа хоёр нам зонхилон эрх барьсан, МАНАН гэдэг тогтолцоо, толгойлогч нь С.Баяр байснаа солигдон Ц.Элбэгдорж болж, одоо У.Хүрэлсүх, Х.Баттулга нар болчихоод байгаа, дараа нь  бас солигдож хэн ч юм бэ гарч ирэх  энэ дэглэмээс тэдний хамжлагууд ч гэсэн туйлдаж ядраад салахыг хүсэх болсон. Аргагүйн эрхэнд тэдэнд барьцаалагдсан цагдаа, цэрэг, шүүх, прокурор, төрийн албан хаагчид ч гэсэн ялзарсан толгойноос тусгаарлахыг хүсч байна. Нийгмийн 80-аас доошгүй хувь  шинэчлэлийг  ингэж хүсч байна. Цаг хугацаа, нөхцөл байдлыг харахад, хүн төрөлхтний түүхэнд тохиосон шиг ноёлогч, дарлагч ангийн “Үхэхдээ үхэр буугаа тавих” гэгч  нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үйл явцаас  харагдаж байна.

-Нийгмийн сэтгэлзүйч, системийн аналист хүний хувьд та үүнийг  баттай хэлж байна уу? 

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж нэрлээд байгаа нь  хэлбэр болоод агуулгынхаа хувьд цалин, орлого амьдралд хүрдэг болчихоосой, шударга төртэй болчих юмсан гэж бодоод байгаа, оюун санааны хувьд хэрүүл уруулгүй, амар амгалан амьдрахсан гэсэн ард түмний тэр хүслийг нэг хувь ч биелүүлэх боломжгүй. Харин ч тэдний салахыг хүсээд байгаа зүйлүүдийн насыг уртасгаж, бэхжүүлэх гэсэн ийм л үйлдэл. Тиймээс эрүүл саруулаар сэтгэдэг, эх оронч тэмцэгчид огт дэмжихгүй байгаа. МАНАН-гийн хамжлага болж, гар хөлийнх нь үзүүрт явдаг хүмүүс хүртэл гарцаа байхгүй тайван замаар шийдэгдэх, эцсийн замаасаа хазайж, хурц тэмцлийн хэлбэр рүү явах магадлалтай байгааг хэлэх болсон. Би үг хэлэхдээ, хэвлэлээр ярихдаа “Та нарын дундаас хэн нь ард түмэнтэйгээ, өвгөдийнхөө үлдээсэн нутаг дээр амьдрах вэ” гэж байнга сануулдаг. Үүнийг маань тэд ойлгодоггүй бололтой. Яагаад ойлгодоггүй вэ гэхээр нийгмийн толгойд байгаа хэсгийнхэн том машин унаж, тансаг хаусанд амьдарч, эхнэр хүүхдүүд нь гадаадад сурч, хар тамхи татаж цэнгээд ард түмэн рүү өнгийж хардаггүй.  Өөрсдийгөө ч, үр хүүхдээ ч сөнөөгөөд дуусч байгаа  тэр хүмүүс мөхөхдөө бусдыгаа чирж хорлож, аль болох олон хүнийг авч унадаг шиг байна. Монголын амьдралыг одоо Украинд өрнөж байгаа үйл  явдал, Киргизэд үүссэн байдалтай харьцуулахад харийн дэглэмд орчихсон, тэгээд өөрсдөө төр, засаг барьж байгаа мэт дүр үзүүлсэн байдал юм. Тэд 20 гаруй жил хямралаа шийдэж чадахгүй байгаа  нь манайхтай яг адил. Тэгэхээр бид  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж байхаар үндсэндээ 2000 онд “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийг дутуудуулалгүй хийчихсэн бол өнөөдөр байдал арай өөр байх байсан. Нэгэнт 2000 дутуу хийсэн юмыг өнөөдөр дахиад бүр муутгаж хийвэл  тэрнээс дор,  бүр  гайтай юм болно. Энэ бол гэмт хэрэг.

-Хэлбэр талаас ч гэсэн хууль зөрчсөн гэсэн шүүмжлэл байна.  Та санал нийлж байна уу?

-Хуулиа сахина гэж сайхан ярьчихаад, анхнаасаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Журмын тухай хуулиа зөрчөөд явчихсан байгаа шүү дээ. Өөрсдөө тэр хуулиа баталсан, гол хүн нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан. Тэгсэн атал өөрөө тэр хүмүүстэйгээ нийлээд Тамгын газраасаа “Хууль зөрчөөгүй” гэх тайлбар гаргуулж, гишүүдээрээ яриулаад зүтгүүлж яваа нь үйл явцын хувьд хулгайч хүн засрах бүү хэл дахиад хулгай хийж байгаатай адил. Үндсэн хуульд Журмын тухай хуулиараа гурван шатны хэлэлцүүлэг явах ёстой. Эхний шатанд төслүүдийг хүлээн авч олон нийт, улс төрийн намууд гээд бүх талын оролцоотой  ярьж, нэгийг нь гол болгож  зайлшгүй авах ёстой санаа оноог нийлүүлэн төсөл боловсруулах ёстой. Түүнийгээ хэлэлцэхийн өмнө Цэц, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн үндэсний хороо, Үндсэн хуулийн интитуцээс саналыг нь авч өргөн барьдаг. Гэтэл 62 гишүүний өргөн барьсан төсөл ард түмнээс сонгогдож мандат авсан Ерөнхийлөгчөөс саналыг нь аваагүй  учраас мордохын хазгай болсон.Хоёр төсөл ирсэн учраас өгөөгүй гэдгээ Ерөнхийлөгч өөрөө хэлсэн. ЕТГ-ын  дарга З.Энхболд ч тийм зүйл болсныг баталгаажуулсан. Эхний шатны хэлэлцүүлэг агуулга хэлбэр,  үйл явцын хувьд ийм зөрчилтэй. Хоёрдугаар шатны хэлэлцүүлэгт   Журмын тухай хуулиар дахин  нэг ч санал авахгүй зөвхөн редакцийн засвар маягийн зүйлүүд яриад  явахаар хуульчлагдсан байдаг. Гэтэл эхний шат дуусч, хоёрдугаар шатны хэлэлцүүлэг эхлээд  байхад Ерөнхийлөгч  хуулийн төсөл өргөн барьсан. Тэрийг нь нөгөөдүүл зальдаад “Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, санал” гэж нэрлээд булхайцаж байна. Энэ бол Д.Лүндээжанцан, З.Энхболд нарын өнгөрсөн 20 гаруй жил сурсан, хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарладаг мэх.

-Журмын тухай хуулиар Үндсэн хууль хэлэлцэж эхлэхэд өөр ямар нэг асуудал хэлэлцэх ёсгүй. Тэр нь маш яаралтай нэгхэн удаагийн үйлчилгээтэй олон улсын гэрээ, хэлцэл биш  бол өөр асуудал хэлэлцэхгүй хуультай гэж та хэлж байсан?

-Наадах чинь дараагийн төслийг хүлээн авч болохгүй гэсэн бас нэг санаа. Үндсэн хуулийг хэлэлцэх явцад зөвхөн тухайн төслийг ард түмэнд хэлэлцүүлэхээр завсарлага авах талаар зааснаас биш УИХ-ын чуулган тасалдаж болохгүй гэж  хуульчилсан. Гэтэл хоёрдугаар хэлэлцүүлэгт  Ерөнхийлөгчөөс төсөл орж ирэнгүүт “санал” гэж аваад чуулганаа зогсоосон, энэ нь дахиад Журмын тухай хуулиа зөрчсөн. Үйлдэл болгон хуулиа зөрчөөд байгаа нь тэр хүмүүс болохгүй юм руу зүтгээд байна гэдгийн  баталгаа. Журмын тухай хуулиар хэлэлцэж байгаа бүх асуудал ард түмэнд ил тод байх ёстой. Олон нийт, төрийн болон ТББ, намуудтай анхны хэлэлцүүлэг дээр хэлэлцэх ёстой атал тоолгүй басамжилчихаад, Ерөнхийлөгч төсөл өргөн барингуут  өөрөөр нь толгойлуулсан ажлын хэсэг байгуулан нэрийг нь ашиглан хуулиа зөрчөөгүй юм шиг дүр эсгэж, залилан хийж тав хоногийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд хийж байна. Хэлэлцүүлгийг даргалагч С.Бямбацогт гишүүн үүнийгээ “Улс төрийн намуудтай хийж байгаа  зөвшилцөл ч мөн, хэлэлцүүлэг ч мөн” гэсэн. Энэ хоёрыг нэг дор хийж байна гэдэг нь гөрдлөг. Зөвшилцөл юм бол бид асуух эрхгүй зөвхөн  үүрэгтэй, тэд хариулж болно, хариулахгүй байж ч болох эрхтэй. Асуултад онож хариулж болно, онохгүй байсан ч болохоор дархлагдсан. Бас “доромжилж болохгүй” гээд байгаа. Юм асуухыг доромжлох гэж өөрсдийнхөөрөө томъёолчихсон. Тэгээд гүйцэтгэх эрх мэдэл, Засгийн газар, төр засгийн эрх гэж яриад байхаар нь хоёр өөр ойлголтыг нийлүүлж ярьж болохгүй тул С.Бямбацогтоос “Би юуны тухай, яаж асуух ёстой вэ, тэр нь миний эрх үү, үүрэг үү. Үүнийгээ эхлээд тодруулъя. Дараа нь саналаа хэлье” гэхэд “Би чамд байцаагддаг хүн биш” гээд микрофоноо салгачихсан. Төр, засгийн эрх гэж ярих ёсгүй. Эрх бол ард түмнийх, ард түмэн тэднийг  сонгосны  дараа төр, засгийг үүрэгжүүлдэг. Төр, засгийн хувьд үүрэг нь ямагт урдаа байж, эрх нь дагалдаж үүсдэг. Гэтэл манайхан зорилгоо эрх гэж томъёолон  үүргийг орхидог  учраас би асууж тайлбар авъя гэсэн ч  чадсанүй. Асууж байгаа хүнд 2-4 минутын хугацаа заасан, хариулж байгаа өөрсдөдөө хэдэн ч цаг байж болохоор зохицуулсан.Тэгээд Үндсэн хуулиа таван бүлэг болгож задалчихаад, өнөөдөр энэ сэдвийг л ярина гэж байгаа нь учир дутагдалтай. Жишээ нь, Баярхүү гэдэг хүн байхад өнөөдөр зөвхөн гарных нь тухай, маргааш зөвхөн зүрхнийх нь талаар, нөгөөдөр тархиных нь тухай  ярина гэсэнтэй адил байгаа биз. Би саарал ордныг урвагч, хулгайчдаар дүүрч бузар голомт гэж үздэг учраас жигшиж  олон жил тийшээ зүглээгүй. Үндсэн хууль ярина гэхээр нь аргагүй очтол ийм хөгийн зүйл ярьж байсан учраас эхний хэлэлцүүлгээс хойш дахиж очоогүй. Намын дарга, олон нийтийн байгууллагыг оролцуулан хэлэлцүүлэг хийж байгаа нь тэдний буруу бусармаг үйлдлээ хаах, бусдад  нялзаан түүхэнд үлдээх гэсэн оролдлого.

-Үндсэн хуулийн 35 хувьд өөрчлөлт оруулбал нэмэлт, өөрчлөлт, 45 хувь бол шинэчилсэн найруулга болно гэх юм. Энэ зөв үү?

-Аливаа зарчмын суурийг харж чадвал энгийн. Монтескогийн онол ч ийм. Хүн байгальтайгаа яаж зохицон амьдрах вэ, дэлхийн ээжийг өгч буй шимийг яаж хүртэж хайрлаж  амьдрах вэ.Үүний тулд төрөө яаж байгуулах вэ гэдэг асуудал юм. Монтескогийн онолыг энгийнээр тайлбарлахад хууль тогтоох нь зүрх, гүйцэтгэх засаглал нь гар, шүүх засаглал нь тархи бөгөөд эзэн болсон ард түмнийхээ төлөө тус, тусдаа ажиллах ёстой болохоос гурван эрхтэн биш юм. Тиймээс Н.Энхбаяр даргын асуугаад  байгаа “Та нарын хийсэн нэмэлт, өөрчлөлт дотор “Ард түмэн, ард түмний эрх ашиг гэдэг үг хэдэн удаа орсон бэ” гэдэг зөв. Харамсалтай нь “ард түмэн” гэдэг үг нэг ч байхгүй байгаад байна шүү дээ. Миний хэлсэнчлэн “Зүрх”, “тархи”, “гар” гурав буруу ажиллаад байгаа учраас эзэн болсон ард түмэн болохгүй болж сэхээнд орчихоод байна. Биологийн хувьд харагдаж байгаа юмыг статистик тоогоор хувилах  нь гажигтай. Үндсэн хуулийг хувилж байгаа тэнэг зүйлийг би анх удаа харж байна. Хэрэв тоогоор үзвэл зүрх нэг эрхтэн, их,бага,бор гэж гурван тархи байдаг. Хүний гар  гэхэд 10 хуруутай.Хооронд нь нэмбэл 14 болно. Гэхдээ эдгээрийг процентолж болохгүй. Үндсэн хууль үүнтэй адил. Тиймээс би ийм тэнэг, марзан зүйлийн тухай юу хариулах билээ. Гүйцэтгэх засаглал, шүүх засаглал, хууль тогтоох талаар ямар байр суурьтай байна гэвэл угаасаа тэдний хийж байгаа бүтэхгүй. Саяын хэлсэнчлэн гурван эрхтэн рүү дуслын гурван зүү хатгасан, ингэхдээ эм тариаг нэгэнд нь их, нөгөөд нь бага өгч байгаа. Иймд гар руу нь буюу шийдвэр гүйцэтгэх рүү их эмчилгээ хийх бололтой. Уг нь гарыг удирдаж үйлдэл хийлгэх ёстой зүрх, тархи хоёр руу эмчилгээ хиймээр. Иймээс Н.Энхбаяр дарга “Цөмөөрөө  онолынх нь дагуу хийе. Хууль тогтоох байгууллагаа ч, гүйцэтгэх засаглал болон шүүх засаглалаа онолынх нь дагуу байгуулъя” гэж хэлээд байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэ гурвыг онолынх нь дагуу байгуулж байж л сонгодог болно. 1992 оны Үндсэн хуулиар энэ гурвыг ард түмэн сонгож чадахгүй, зөвхөн хууль тогтоох байгууллагыг л сонгодог. Ингэхдээ ард түмэн шууд сонгохгүй, нэр тавиад хүчээр сонгуулж байгаа. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль ийм л байна. Монтескогийн онолоор зүрх хэзээ ч тархины үүргийг эсвэл гар зүрхний үүргийг гүйцэтгэхгүй учраас ард түмэн гурвууланг нь шууд сонгох ёстой. Ингэж чадвал ард түмэн эрхээ бодитоор эдэлнэ.

-Энэ УИХ-ыг ёс суртахууны эрхгүй гэж олон хүн хэлдэг. Та юу гэж бодож байна?

-Үнэн. Эдний хийж байгаа юм Зайсанд байгаа байрныхаа өрийг төрийн мөнгөөр төлөөд мултарчих юм сан, “570” машин аваад уначих юмсан, улсаас концесс нэрээр мөнгө хулгайлаад эхнэр хүүхдийнхээ нэр дээр тав арван юм өндөр хүүтэй хадгалуулчихаад үлдсэнээр нь яаж ийж байгаад УИХ-ын гишүүн болохсон гэсэн жижиг гарын луйварчин хулгайчид л байгаа шүү дээ.  Одоо яарч адгаад байгаа юм нь суусан онгоцоо живж байгааг мэдсэн, тэгээд яаж аргалж байгаад дараагийн онгоцонд суух вэ гэж байна. Тэгээд “Шинэ онгоц” зохиосон юм шиг авирлах нь л дээ.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд авах, гээх ямар зүйл заалтууд  байна?

-УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг таван жил болгоё гэж байгаа нь угаасаа тийм байх ёстой гэж миний олон жил ярьсан зүйл учраас санал нийлнэ. Ер нь бол хүний тоо 108, 99 байх хамаагүй төлөөллийн ардчиллаар тоогоо нэмэх нь зөв. Үндсэн хуульд УИХ-ын хугацааг таван жил болгох ёстой. 1992 оноос хойш долоон сонгууль зурхайн 12 ордын ердөө гуравт нь боллоо. Дөрвөн жил гэдэг массончуудын  дөрвөн ордоос гурав дээр нь өөрт нь хэрэгтэй хүнийг гаргадаг сэтгэлзүйн далд удирдлагын ховс юм. Зүй нь 12 ордод ард түмэн сонголтоо хийвэл ард түмэн зөв хүнээ гаргаж ирэх магадлал өндөр. Иймд мөчлөгийг өөрчлөх нь зөв. Таван жилээр явбал, 60 жилд 12 зурхайн ордод 12 сонгууль яваад дуусна. Хүний амьдралын сайхан үе маш зөв таардаг. Сонгуулийг аравдугаар сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 22-ны хооронд намрын дунд сард хийх ёстой. Массончууд мөлжих гэж байгаа улс орондоо сонгуулийг нь дандаа зун хийлгэдэг. Эрс тэс уур амьсгалтай монголчууд зун амарч, найр наадмаа хийх идэвхгүй үеийг тааруулдаг. АНУ, ОХУ-ын сонгууль арваннэгдүгээр сард болдог шүү дээ. Тоог 76 буюу чөтгөрийн долоогоос масоничуудын билэгдлийн зургаа гэдэг тоо руу уруудуулж хураасан  байдлаас салах ёстой. Ядаж 77 болгоход өөрчлөгдөнө. Долоо бол  монголчуудын сайн тоо, зургаа нь  еврей, массончуудын билэгдэл.

Түүнээс гадна Ерөнхийлөгчийн оруулж ирсэн ноцтой гурван заалтыг УИХ-ын гишүүд анхаараасай. Нэгдүгээрт, аливаа байгалийн баялагтай холбоотой асуудлыг хөрөнгө оруулалтын  өртгөө нөхөж аваад, татвараа төлсний дараа 51  хувийг ард түмэн эзэмших ёстой гэсэн заалт орж ирж байна. Энэ бол зүгээр л Оюутолгойн гэрээг баталгаажуулж байгаа заалт. Энэ дэлхийд нефть, алт, зэсийн ордоо ашиг хуваах гэрээгээр өгөөд хөгжсөн улс нэг ч байхгүй. Х.Баттулга Ерөнхийлөгч үүнийг мэдэж байна уу, мэдэхгүй оруулав уу. Эсвэл өдөж, сорьж үзэв үү. Санаатай баталгаажуулах гээд байна уу. Үндсэн хуульд байгалийн баялаг ашиглавал зөвхөн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр, хувийг ард түмнээсээ асууж ашиглана гэж оруулах ёстой. Тэр газар хоосон байна уу, юмтай байна уу хамаагүй. Хоёрдугаарт, нийтийн өмч гэдэг заалт байна. Үүнд олон нийтийн байгууллага, төрийн байгууллагын өмчийг шашны байгууллага өмчлөх эрх нээгдэж байгаа юм байна лээ. Тариалангийн газраас эхлээд гадаадтай хамтарсан байгууллага, шашны байгууллагын мэдэлд очих үүдийг нээснээрээ ноцтой. Гуравдугаарт, хараат бус мөнгөний бодлого гэж заалт байна. Тэртэй тэргүй Монголбанк өнөөдөр хараат бус статустай, хуультай. Ийм байдлаар 29 жил Монголын ард түмнийг хорлоод байж байгаа. Гэтэл яагаад харийн мөнгө хүүлэгчид, тэдний дэглэмийг Монголд хэрэгжүүлдэг Монголбанк, тэдэнтэй хуйвалддаг хувийн банкуудыг Үндсэн хуулиар баталгаажуулах гээд байгаа юм бэ. Үүнийг хэрхэвч хүлээж авч болохгүй. Иймд Ерөнхийлөгчийн оруулж ирсэн энэ гурван саналыг Монголын ард түмэн ч, МАН-ын 64, АН-ын долоо, ШИНЭ-ийнх гээд байгаад байгаа Ж.Батзандан нар ч онцгой анхаарах ёстой. Үүнийг архивлаж аваад түүхэнд үлдээх ёстой. Энэ өөрчлөлтийг хийвэл Монгол Улс гарцаагүй  хувьсгал руу явна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-07-28 04:57:04
    Аналитик гэж яридаг юм аа,аналист гэвэл нь хошногоддог хүн гэж л ойлгогдоно доо, сэтгүүлч минь дээ мэдэхгүй байж гадаад үг бүү хэрэглэ ээ
    202.126.88.237
    Мэдэгдсэн Хариулах
  • Mingol 2019-07-27 04:47:56
    Mundag bna shuu
    103.212.117.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Чёрт!!! 2019-07-27 04:31:38
    Энэ нөхөр 1990-ээд оны эхээр овоо гайгүй сэтгэдэг хүн шиг байсан, одоо бүр хачин болчихжээ!!! Цаадуул нь ч энэнээс дээрдэх юмгүй шавжнууд!!!
    66.181.161.77
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2019-07-27 03:55:11
    Ene yamar aimaar tsaraitai hun be.
    66.181.165.161
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-07-27 03:02:45
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.42.66
    Мэдэгдсэн Хариулах