Х.Баттулга: Намуудыг төлөвшүүлэхэд анхаарахгүй бол мафийн зарчмаар Монголын төрийг удирдсаар байх болно
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр 10 цагаас Төрийн ордонд эхэллээ.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үг хэллээ.

 - “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах” чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт, өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш, өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 гаруй жилийн турш өрнөж буй иргэдийн санал, шүүмжлэлд үндэслэсэн бодлого гэдгийг давтан хэлэхийн зэрэгцээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн зүйл, хэсэг, заалт бүрээр нийгэмд тодорхой хэлэлцүүлэгүүд өрнөж эхэлсэнтэй холбогдуулан нийтийн анхаарлыг татсан зарим асуудлаар мөн товчхон тайлбар өгье:

Нэгдүгээрт, Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлага нь парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлд баримталж буй дэлхий нийтийн жишигт нийцсэн бодлого гэдгийг юуны түрүүнд анхаарах нь зөв. 

Хүн амын өсөлт, улс орны байршил, баялагийн нөөц, хөгжлийн түвшин зэрэг онцлогоо харгалзан Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв гэдгийг сүүлийн 10 жилд өрнөсөн хэлэлцүүлэг, бүх төрлийн судалгаанууд нотолсоор ирлээ. Дэлхийн жишгээс доогуур, хэт цөөхөн гишүүнтэй байгаагаас улбаалсан уршигт байдал Улсын Их Хурлын нэр хүндийг улам бүр доройтуулж, засаглалын бүр ч ноцтой хямралд хүргэж мэдэх аюул ойрхон байна. Тиймээс улс орныхоо ирээдүйг боддог, хэтийн хөгжил болон үндэстнийхээ аюулгүй байдлыг бататгах эрмэлзэлтэй монгол хүн бүрийн дэмжвэл зохих өөрчлөлт энэ мөнөөс мөн юм.

Хоёрдугаарт, Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор тогтвортой явуулж байх шаардлага нь цоо шинэ бодлого, зарчмын асуудал огт биш гэдгийг анхаарах нь зөв.

Эрх барьж буй улс төрийн хүчин ээлжит сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуулийг өөрчилж, өөрт ашигтай сонгуулийн тогтолцоог ард иргэд болон өрсөлдөгч улс төрийн намууддаа тулгадаг гаж байдал зүй тогтол мэт хэвшсэн бөгөөд энэ нь  Улсын Их Хурал, түүний гишүүдийн нэр хүнд, үнэлэмжийг нийгэмд унагах нэг том үндэслэл, бодит шалтгаан болж байна. Учир нь бусдын хууль ёсны ашиг сонирхлыг үл тоомсорлсон, шударга бус, хүч түрэмгийлсэн байдлаар сонгуулийн тогтолцоог тухай бүр өөрчилдөг энэ зүй бус үйл ажиллагаа нь засгийн бүх эрхийг мэдэх, сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэ эрхээ хэрэгжүүлэх ард түмний Үндсэн хуулиар баталгаажсан засаглалын эрхийг хөндөж, хөсөрдүүлдэгт оршиж байна. Тиймээс сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд нэг мөр зааж, ард түмний засаглах эрхийг ханган, өрсөлдөөний тодорхой, тогтвортой нөхцөл бий болгох шаардлагатай юм.

Гуравдугаарт, Иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого, хуйвалдааныг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэгт хамааруулах шаардлага санаандгүй зүйл биш гэдгийг хэлэх нь зүйтэй.

Ард түмний засаглах эрхийн баталгаа болж буй чөлөөт сонгуулийн зорилго гажиж, утга учир нь бүрэн алдагдах тийшээ хазайлаа. Сонгуульд нэр дэвшигч хүмүүс иргэдийн санал, дэмжлэгийг мөнгө, эд зүйл, бэлэг, сэлт аливаа хэлбэрийн тусламж, үйлчилгээгээр татах, иргэд үүнд нь автах, улмаар санал худалдах буюу санал худалдан авах хууль бус үйл ажиллагаа өргөн хүрээнд нарийн зохион байгуулалттайгаар явагдан хэвшил болж байна.

Иргэдийн саналыг мөнгө, эд зүйлээр худалдан авах энэ хууль бус үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэснийг зөрчиж буй гэмт үйлдэл, хэрэг мөнөөс мөн юм.
Гэтэл Эрүүгийн хуулиар энэхүү гэмт хэргийг “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн хэмжээнд бус “Хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг”-ийн хэмжээнд авч үзсэн нь бодит нөхцөл, улс орны аюулгүй байдал, язгуур эрх ашигт огт нийцэхээргүй болж байна. Ард түмний засаглах эрхэд халдаж, иргэдийн саналыг худалдан авах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авч буй энэхүү бусармаг үйл ажиллагааг зөвхөн албан тушаалд дурлагчдын болчимгүй үйлдэл гэж үзэх нь хэтэрхий гэнэн хэрэг гэдгийг онцлон тэмдэглэе. 

Дөрөвдүгээрт, Улс төрийн намыг тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах, намын гишүүний бүртгэл, өөрчлөлт болон намын удирдлага, удирдах дээд байгууллагын дотоод сонгуулийг сонгуулийн төв байгууллага, дотоод бусад сонгуулийг холбогдох сонгуулийн байгууллага хариуцах, нам өмчгүй байх, намын орлого, зарцуулалт нийтэд ил тод байх зэрэг шаардлага нь санаандгүй зүйл биш гэдгийг мөн Та бүхэндээ анхааруулъя.

Улс төрийн нам бол хэдийгээр олон нийтийн байгууллага мөн боловч иргэдийн сонголтоор төрийн эрхийг барьж, иргэдийн өмнөөс төрийн бодлого, шийдвэрийг тодорхойлон, баялагийн хуваарилалтыг хийдэг онцгой институци юм. Нөгөө талаас улс төрийн намын оролцоогүйгээр төр, засгаа  эмхлэн байгуулах оновчтой арга, хэлбэрийг ардчилсан дэглэмтэй улс орнууд одоогоор олж чадаагүй байна. Тиймээс улс төрийн намын асуудалд нийтээрээ анхаарч, дотоод ардчилалтай, хариуцлагатай, санхүүжилтын ил тод тогтолцоотой бодлогын намуудыг төлөвшүүлэх чиглэлд дорвитой өөрчлөлт хийх зүй ёсны шаардлага тулгарч байна. Ингэж чадаагүй тохиолдолд нам гэдэг нэрийн дор хувийн ашиг сонирхлоор хэлхэлдсэн хүмүүс мафийн зарчмаар Монголын төрийг удирдсаар байх болно. Энэ байдлаас гарах, ирээдүй хойч үедээ шударга нийгэм үлдээх нь Та бидний үүрэг гэж үзэж байна. 

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийн дэгийг танилцуулав. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслүүдийн талаарх танилцуулга, мөн Ардчилсан намын саналыг танилцуулах юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-07-23 11:53:40
    Өөрөө Мафийн толгойлогч байж битгий хуц, нүдний булай минь.
  • Ард 2019-07-23 07:57:58
    Нам анхаарах гэдэг юу вэ? бөөцийлөх үү, бид тийм толгойтой болмооргүй байна, тэргүүлэх гэж байгаа бол өөрөө хийдэг нь хорвоогын хууль байлгүй ,,,
  • зочин 2019-07-23 06:31:14
    Мөнгө, эд зүйлс тараалаа гээд л шуугиад байдаг. Тэгээд хариуцлага хүлээлдэг зүйл байна уу?
  • Бат 2019-07-23 06:17:48
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • !!!??? 2019-07-23 05:20:30
    Парламентыг 2 танхимтай болгохгүй бол та нарын энэ яриад байгаа ийм өнгө заслын (косметик) төдий хуурамч өөрчлөлт нэмэргүй л дээ!!!
  • Мэйжээ  2019-07-23 04:55:34
    ӨӨрөө мафиар улс төрд яваа биш шш