Лалын босогчид сирийн цэргийн онгоцыг сөнөөжээ

Сирийн Ракка хот орчимд “Лалын улс” бүлгийн босогчдын байрлалд агаараас цохилт өгч байсан Сирийн армийн нисэх онгоц сүйрчээ. Уг онгоц босогчдын буудалтад өртөж сүйрсэн хэмээн “France Presse” агентлаг Сирийн хүний эрхийн төвийн (Syrian Observatory for Human Rights) эх сурвалжаас иш татан мэдээлэв. Ерөнхийлөгч Башар Асадын дэглэм өнгөрсөн долдугаар сараас хойш лалын дайчдын байрлалыг бөмбөгдөж эхэлснээс хойш армийн нисэх онгоц анх удаа сүйрч буй нь энэ юм. Сирийн хүний эрхийн төвийн тэргүүн Рами Абдель Рахманы мэдэгдсэнээр онгоц тосгоны орон сууц дээр унажээ. Амь үрэгдсэн, шархадсан хүмүүсийн тухай тодорхой мэдээлэл гарсангүй. Сирид иргэний дайн дэгдсэнээс хойш Башар Асадыг эсэргүүцэгчид хэд хэдэн онгоцыг буудаж сөнөөгөөд байна.

Сирийн нисэх хүчин хэд хоногийн өмнөөс лалын босогчдын үүр уурхайг идэвхтэй бөмбөгдөж эхлээд байгаа юм. “Лалын улс” бүлгийнхэн үүний хариуд уржигдар нийслэл Дамаск хот руу 11 пуужин харважээ. Христос, алавит шашинтнууд амьдардаг дүүрэг пуужингийн довтолгоонд өртөж, нэг хүн амиа алдаж хэд хэдэн хүн шархадсан байна.

Сүүлийн үед Дамаск хотын эргэн тойронд Засгийн газрын хүчин болон босогчдын хооронд байнга ширүүн тулаан өрнөх болжээ. Есдүгээр сарын 15-ны үүрээр лалын босогчид усны сувгаар дамжин нийслэл хотын төвд нэвтрэх гэж оролдсон ч Сирийн армийн цэргүүд таслан зогсоожээ. Улмаар ширүүн тулаан болж Засгийн газрын хүчин 11 босогчийг устгасан байна.

Сири дэх Засгийн газрын хүчин болон сөрөг хүчний хоорондох дайн 2011 оны гуравдугаар сараас хойш үргэлжилж бай­на. Лалын талыг ба­римт­лагчид аядуу, тай­ван жагсаал хийж, цаг­даа цэргийнхэнтэй мөргөлд­сөний дараа эсэргүүцлийн жаг­саал хүчээ авч Сирид иргэний дайн эхэлсэн түүх­тэй. Улмаар сөрөг хүч­ний талд радикал, хэт дав­рах үзэл давамгайлах болсноор Сирийн ир­гэний дайн ужгирч, зог­соо­ход тун бэрхтэй болсон аж. Сөрөг хүчний талд дэл­хийн 70 орчим орны дай­чид нэгдэн Дамаскийн Засгийн газрын эсрэг тулал­даж байсан ч яваан­даа хоёр хувааг­дан хагаралдах болсон юм.

Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг тулалдаж байсан сөрөг хүчнийхэн энэ зунаас хойш “Ирак болон Левантын лалын улс” бүлгийн эсрэг бас тэмцэх хэрэгтэй болсон.

Тус бүлэг Сири, Ирак дахь хяналтын газар нутаг дээрээ Лалын халифат улс байгуулснаа зарлаж, олзонд авсан Сирийн цэргүүд болон гадаадын иргэдийг зэрлэгээр хороож, дэлхий нийтэд заналхийлэх болсон юм. АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд “Лалын улс” бүлгийг устгахын төлөө хамтран тэмцэхээр болсон билээ.

Энэ тэмцэлд лалын босогчдыг агаараас бөмбөгдөхөөс гадна газраар цэрэг оруулах талаар ярилцаж байна.


Н.МӨНХЖИН
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.