Та өвчнөөс сэргийлье гэвэл өдөрт 10000 алхаарай
Алхалт нь хүний бие махбодийн үндсэн хөдөлгөөн юм. Алхахад биднээс ямар нэг төхөрөөмж, байр талбай шаарддаггүй, маш энгийн, хялбар. Хүний эрүүл мэндэд эрсдэлгүй, ач холбогдолтой хөдөлгөөн бөгөөд жилийн  ямар
ч улиралд хийхэд тохиромжтой. Алхалтыг тайван удаанаар эхлэн дунд зэргийн эрчимтэй алхах хүртэл өөртөө тохируулж амьсгалын болон зүрхний цохилтын тоог нэмэгдүүлэн, идэвхтэй хөдөлгөөн болгож болно. Та өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөрт 30 минут буюу түүнээс дээш хугацаагаар идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл 10000 алхах шаардлагатай гэж ДЭМБ-аас зөвлөдөг.

Идэвхтэй хөдөлгөөн хийснээр сэтгэл санаа тайвширч, стресс, бухимдлаас сэргийлэх, биеийн жинг хэвийн хэмжээнд байлгах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, цусны даралт ихсэхээс сэргийлэх, үе мөчний хөдөлгөөн сайжрах ач холбогдолтой юм. Алхаж байгаа хүний биед ямар үйл явц өрнөдөг вэ. Зүгээр л нэг газраас нөгөө хүртэл жолоо барих, автобусанд суух биш алхахыг сонгосныхоо хүчинд хэн нэгэн өөртөө ямар их тус хүргэдгийг хүргэж байна.

1. АЛХАЖ БАЙГАА ХҮНИЙ ӨӨХ ШАТНА

Хүний бие гэдэг яг л хоёр “банк”- тай машин гэсэн үг. Эхний банкинд өөхлөг эдүүд байдаг бол, хоёр дахь банкинд нүүрс ус бий. Алхах, сэлэх, йог хийх гэх мэт бага эрчимт дасгалуудаар хичээллэх үед бидний бие энерги үйлдвэрлэлдээ өөхлөг эдийг ашигладаг. Эсрэгээрээ, суниах, гүйх, дээсдэх гэх мэт өндөр эрчимт дасгалыг (илүү их хүч зарцуулж, илүү их хөлс урсгадаг) хийх үед бидний бие энерги үйлдвэрлэлдээ нүүрс усыг ашигладаг юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи жин хаяхаас илүү өөхөн давхаргаасаа салахыг хүсч байгаа бол спортоор хичээллэхийн оронд өдөр бүр удаан хугацаагаар, хол зайд, тогтмол хэмнэлээр алхах нь илүү үр дүнтэй.

2. АЛХАЖ БАЙГАА ХҮНИЙ ЯС НЬ БЭХЖДЭГ

Дасгал хийдэг хүний булчингууд идэвхитэй ажиллах явцдаа эргэн тойрондох ясандаа даралт үзүүлж, шинэ эсүүдийн үйлдвэржилтийг нь өдөөж өгдөг. Ингэснээр яс илүү бат бэх, нягт, залуу хэвээрээ удаан байх боломжтой гэсэн үг. Хүний биеийн ясны жин 30 насанд дээд цэгтээ хүрдэг. Түүнээс хойш нимгэрч эхэлдэг. Харин биеийн ясны жин багасах тусам гэмтэл, бэртэлд өртөмтгий болж ясны сийрэгжилт болон үе мөчний өвчин ойртдог билээ. Азаар өдөр бүр алхахыг зуршил болговол ирээдүйд үе мөчний өвчинд ороогдох магадлалаа 40 болон түүнээс дээш хувиар бууруулж болно.

3. АЛХАЖ БАЙГАА ХҮНИЙ ХӨЛ НЬ БУЛЧИНЛАГ, ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БОЛНО

Шилбэ, гуяндаа чанга булчингүй бие хэчнээн гоолиг байгаад ч “нэг л юм дутуу” харагддаг. Харин тогтмол алхдаг бүсгүйчүүдийн хөл хэчнээн үзэсгэлэнтэй. Зөвхөн хөл ч биш, алхах нь хэвлийн булчинг ч бага багаар хөгжүүлж байдаг тустай. Мөн алхах явцдаа цэх байдлыг баримталж чадвал нурууны болон аарцагны булчингууд ч давхар хөгжиж нуруу өвдөх зовиурыг багасгадаг.

4. АЛХАЖ БАЙГАА ХҮНИЙ БОДИСЫН СОЛИЛЦОО ИДЭВХЖИНЭ

Харин бодисын солилцоо сайн байна гэдэг бол бид идэж буй хоол хүнснээсээ авах ёстой шим тэжээлээ “тултал” нь авч, хэрэгтэй газруудад нь “тултал” нь зөөвөрлөж, гаднаас авсан хорт бодисуудаа “тултал” нь гадагшлуулж, хөнгөн шингэн байна. Өдөрт нэг цаг алхахад бодисын солилцоо сайтар эрчимждэг болохыг судлаачид тогтоогоод байна.

5. АЛХДАГ ХҮНИЙ ХООЛНЫ ШИНГЭЦ САЙН БАЙДАГ

Энэ нь мөн л бодисын солилцоо идэвхждэгтэй холбоотой. Алхсанаар хүний хоол боловсруулах систем идэвхжиж, хоолны шингэц сайжирдаг. Өөрөөр хэлбэл, хоол бүдүүн нарийн гэдэсний замыг илүү түргэн хугацаанд туулах юм. Тиймээс өтгөн хаталт, цээж хорсолт болон бусад төрлийн хоол боловсрүүлалттай холбоотой бүх өвчнийг мартаж болно.

6. АЛХДАГ ХҮНИЙ БИЕ ЧИЛДЭГГҮЙ

Биеэ байнгын нэг байрлалд нь барьсаар байгаад бид нуруу, мөр, хүзүү гэсэн хэд хэдэн газартаа булчингийн зангирлыг бий болгосон байдаг. Үүний уршгаар чилж өвдөхөөс гадна яаж ч хичээгээд биеэ бүрэн суллан, алжаалаа тайлж чадахгүйд хүрдэг билээ. Харин алхах нь булчингуудыг халаахаас гадна, хөдөлгөөн бүрийн тоогоор зөөлөн гэгч нь сунгаж чилээ, зангирааг нь гаргаж байдаг. Алхах нь хүний хийж чадах хамгийн энгийн сунгалтын дасгал гэж ойлгож болно.

7. АЛХДАГ ХҮН ИЛҮҮ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДАГ

Алхах нь нэг төрлийн бясалгал мэт. Алхаж буй хүний тархинаас аз жаргалын гармон эндорфин их хэмжээгээр ялгарч, уур бухимдал, цухалдал суларч, хүн байгалийнхаа жамаар тайвшран амардаг. Үүний зэрэгцээ зарим нэг өвдөлтүүд ч арилдаг байна. Өглөө, оройдоо тогтмол алхдаг хүн амьдралын талаар илүү өөдрөг бодолтой, өөртөө итгэлтэй байдаг.

8. АЛХДАГ ХҮНИЙ ЗҮРХ ЭРҮҮЛ БАЙДАГ

Алхах нь аэробикийн дасгалын нэг төрөл учраас зүрхний хэмнэлийг идэвхжүүлж, биеэр гүйх цусны эргэлтийг сайжруулснаар зөвхөн зүрх биш бусад эрхтэнд очих хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлдэг. Даралт ихтэй хүн өдөрт 3-4 цаг алхахад даралтынхаа хэмжээг 10-аар бууруулж чадна.

9. АЛХДАГ ХҮН ШӨНИЙН НОЙРОО САЙН АВДАГ

Алхах нь мелатонин хэмээх нойрны гармоны үйлчлэлийг сайжруулдаг. Мөн тайвшруулагч гармон серотонины үйлдвэржилтийг ч нэмэгдүүлдэг. Алхах үед стресс арилж, бие сулран, бодол цэвэрлэгддэг тул унтах цаг болоход толгой өвтгөсөн асуудлууд орж ирэх нь багасаж, дэрэн дээр толгой тавингуут унтдаг зуршилтай болно.

10. АЛХДАГ ХҮН ИЛҮҮ ДАРХЛААТАЙ БАЙДАГ

Алхах нь бидний дархлааны нэг хэсэг болох Т-Лимфоцит эсийн үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг. Харин Т эс нь цусанд нэвтэрсэн вирус, нянгуудыг устгах үүрэгтэй дайчин эс юм.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2019-07-22 02:12:16
    Ойролцоогоор 1 цаг 30 орчим түргэн алхана гэсэн үг.
  • MGL 2019-07-22 00:28:55
    Ийм мэдээллийг их нийтэлж байх хэрэгтэй. Сайхан мэдээлэл байна. Монгол хүн бүр эрүүл байг
  • Zochin 2019-07-21 12:21:04
    Ene unen