Соёлын наадмаар соёлын биет бус өвийг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, сурталчилан таниулна
 
Монгол түмний их баяр цэнгэл Эрийн гурван наадмын сонирхолтой, сэтгэл татам хэсэг болсоор удаж буй, Хүй долоон худагийн морь барианы газрын ойролцоох “Монгол наадам” цогцолборт 12 дахь жилдээ болох гэж буй Соёлын наадамд их хотын иргэд, эрхэм хүндэт наадамчдаа урин залж байна.

Наадмын өдрүүдэд буюу 11,12-ны алинд ч яваад очиход монгол үндэсний соёлын биет бус өвтэй танилцуулах өртөөнүүдээс бүрдсэн “Монголын нэг өдөр” хотхон та бүхнийг хүлээж байх болно. СУИС-ийн багш, оюутнуудын бэлтгэдэг урлагийн “Сэрсэн тал” тоглолт, “Морьтны гайхамшиг” циркийн үзүүлбэрийг хоёр өдөрт гурав, гурван удаа тоглоно.

Дүрслэх урлагийн музей үзэх, нум, сум харвах, монгол үндэсний соёлын өвөрмөц тал, ёс заншлаас тусган урласан аварга баримлуудын хажууд зургаа авахуулж, хүүхдүүд нүүрэн дээрээ уран зураг зуруулах, хөгжөөнт тоглоомд оролцох гэхчлэн наадмын хөтөлбөрийн хүрээн дэх арга хэмжээнүүдэд оролцон, баярлаж, наадангаа, монголчуудынхаа соёлын үнэт өвтэй танилцан, суралцах орчин бүрдүүлсэн тус соёлын наадмыг СУИС, МУЗ хамтран зохион байгуулдаг. Өдгөө 12 дахь жилдээ наадамчдаа урин залж буй тэд энэ удаагийн соёлын наадмын онцлогийн талаар ямар мэдээлэл өгснийг хүргэж байна.
 
Соёлын наадам гурван хэсгээс бүрдэнэ

Монголын урлагийн зөвлөлийн (МУЗ)гүйцэтгэх захирал О.Одгэрэл: Энэ жилийн соёлын наадмыг СУИС, Монголын урлагийн зөвлөл(МУЗ), улсын баяр наадмын комисс хамтран зохион байгуулж байна. Соёлын наадам маань он жил улирах тусам үйл ажиллагааны хувьд өргөжиж, наадамчдын сонирхлыг татдаг, хүсэн хүлээдэг арга хэмжээ болж байна. Үүнд бид баяртай байгаа. Соёлын наадам гэж байдаггүй байхад наадамчид зөвхөн морины уралдаан үзээд буцдаг байсан бол 2008 онд бид соёлын наадам зохион байгуулж эхэлснээс хойш наадамчид морь ирэх хооронд соёлын арга хэмжээнд оролцож, соёлын биет бус өвөөсөө суралцаад, бусад үзмэртэй танилцаж, мэдээлэл авч, мэдлэгээ нэмдэг болсон.

Энэхүү наадмыг санаачилсны, жил алгасалгүй, тогтвортой зохион байгуулж ирсний үр, өгөөж энэ юм. Наадам гурван хэсгээс бүрддэг. Нэг нь нүүдэлчдийн соёлын, гар урлал болон соёлын биет бус бусад өвтэй танилцуулах өртөөнүүдээс бүрдсэн “Монголын нэг өдөр” хотхон юм. Хоёр дахь нь СУИС-ийн багш, оюутнуудын бэлтгэдэг урлагийн “Сэрсэн тал” тоглолт.  Гурав дахь нь наадамчдын ихэд сонирхдог “Морьтны гайхамшиг” циркийн үзүүлбэр байдаг. “Соёлон харж, соёлоороо бахархая” уриатай энэхүү соёлын наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр соёлын өвийг дэмжигч “Рио Тинто” компани гурав дахь жилдээ ажиллаж байна. Бусад дэмжигчид, тэр дундаа нийслэлийн ЗДТГ, “Номадик эскпедишн” компани болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад  талархсанаа илэрхийлж, сайхан наадахыг ерөөе.
 
Жуулчдад нүүдэлчдийн соёлын өв гэж юу байдгийг харуулна

СУИС-ийн Соёлын сургуулийн захирал Б.Баяраа: Монголын урлагийг төлөөлүүлж болох үзүүлбэрүүдийг багтаасан “Сэрсэн тал” хэмээх сайхан тоглолтыг СУИС-ийн хамт олон жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тоглолтын найруулагчаар манай СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийн багш Б.Отгонбат, туслах найруулагчаар тус тэнхимийн багш Дэлгэрбуян нар ажиллаж байна. Энэ удаагийн тоглолтод СУИС-иас Монголдоо ч, дэлхийд ч урлагаа таниулсан шилдэг номер, үзүүлбэрүүдээ багтаая гэсэнгол зарчим баримталсан. Тиймээс МҮОНТ-ээс зохион байгуулсан уралдаанд тэргүүн байр эзэлсэн СУИС-ийн дэргэдэх “Бадмаараг” лицей сургуулийн найрал дуугаар тоглолтоо эхлүүлэх юм.

Бас нэгэн заавал мэдэж байвал зохих номер бий. Наадмын эхний өдөр (11-нд) орой 20:00 цагаас “Хөмөргөн гурвалжин” хэмээх этно бүжгэн жүжгийг толилуулна. Энэ жүжиг нь ирэх есдүгээр сард Парис хотод ЮНЕСКО-гийн байранд тоглох, тийм нэр хүндтэй бүтээл юм. Манай их сургуулийн Бүжгийн урлагийн сургууль монголчуудынхаа соёлын эртний өвийг “амилуулах” талд идэвхтэй ажилладаг бөгөөд хадны сүг зургаас сэдэвлэсэн гурамсан этно балет бүтээсний эхнийх нь энэ жүжиг бөгөөд наадамчин олонд сонирхуулах гэж байгаагаар онцлог.

Түүнчлэн цагдаагийн “Сүлд” чуулга тоглолтод оролцоно. Бас Монгол, БНСУ-ын хөгжимчдийн хамтарсан “Салхийг мэдэр” гэсэн тоглолтыг наадамчдадаа зориулан бэлтгэлээ.

Нүүдэлчдийн соёлын өвийн талаарх мэдээллийг залуустаа, ард түмэндээ, жуулчдад хэрхэн хүргэх тал дээр бид идэвхтэй ажиллаж байгаа. Энэ хүрээнд Соёл судлалын тэнхим буюу соёл судалдаг мэргэжлийн багш нар бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа нь бас нэгэн онцлог, давуу тал.
 
Наадамчин олон үндэсний өв соёлоороо бахархана
 
 
СУИС-ийн Соёлын сургуулийн багш, доктор Б.Мөнхбадрал:

-Соёлын наадмын үндсэн зорилго нь монгол үндэсний соёлын биет бус өвийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, баяр наадмын үеэр монголчууддаа үндэснийхээ соёлоор бахархах боломж олгох зорилготой. “Соёлон харъя, соёлоороо бахархая” гэдэг уриатай. Эндээс юу харагдаж байна гэхээр, монголчууд маань наадмаар уламжлал ёсоор морио уралдуулж баярлахын зэрэгцээ үндэсний өв соёлоороо бахархаж, цугтаа байя гэсэн санал, санаачилгаар энэ наадмыг бий болгосон. Уламжлалаа сайтар хадгалсан арга хэмжээ гэдэг нь ч харагддаг.

Энэ жилийн зохион байгуулалт нэг зүйлээр онцлог. НҮБ-ын соёлын асуудал эрхэлсэн байгууллага ЮНЕСКО-гоос гаргасан соёлын биет бус өвийн үндсэн таван ай савыг үндсэн чиглэл, агуулгаа болгож, “Монголын нэг өдөр” хотхоны өртөөнүүдээ байгуулсан. 

Эх хэл, аман уламжлал, үндэсний гар урлал, зан үйл, баяр ёслол, ардын язгуур урлаг болон ардын мэдлэг, ухаан гэсэн таван ай савд түшиглэж нүүдлийн соёлын өртөөнүүдээ ажиллуулахад бэлэн болоод байна. Монголын өв соёл агуу, их учир бүгдийг хоёр өдрийн арга хэмжээнд багтаах аргагүй. Тиймээс аль болох олон нийтэд сонирхолтой байх, хийж сурахад дөхөм байхыг нь бодож сонгосон. Монгол адуу, монгол морь гэдэг сэдвийг онцолж байгаа.

Наадамчид өртөөнүүдээр зочлохын цаад утга санааг баярлаж наадангаа өв соёлын талаар анхан шатны мэдлэг олж авах, танин мэдэх, түүнд суралцах гэж харж байгаа юм. Суралцаж авсан бол өвлөн уламжлагчийн түвшинд үргэлжлүүлэн суралцах сэдэл наадамчин олонд маань төрөөсэй гэж хүсэж байна. Үргэлжүүлэн суралцах сэдэлтэй болж, тодорхой хэмжээнй ур чадварт суралцсан бол түүнийгээ амьдрал ахуйдаа хэрэглэж, монгол үндэсний соёлын дархлаагаа өөрөө өөрсдийн хувьд бэхжүүлэн дэмжээсэй. Соёлын наадам зохион байгуулж байгаагийн утга учир үүнд оршиж байгаа болов уу.
Хүй долоо худагт “Сэрсэн тал” сэрнэ
 
“Сэрсэн тал” урлагийн тоглолтын найруулагч Б.Отгонбат:
-Ард түмний зан заншил, баяр баясгалан, аз жаргалтай амьдрал, сайн сайхан бүхний дээд хэлбэр болдог монгол наадмын үеэр СУИС, МУЗ хамтарч соёлын наадмыг зохион байгуулдаг болоод 12 жил болжээ. Энэ соёлын наадмын өнгө төрхийн нэгээхэн илэрхийлэл нь ирээдүйн Монголын соёл, урлагийн өнгө төрхийг авч явах уран бүтээлчдийг бэлтгэдэг СУИС-ийнхны нэгдлийн талбар байдаг. Монгол адуу, монгол морь гэдэг агуулга дор 2018-2019 оны хичээлийн жилд СУИС-ийн оюутнууд, тэднийг удирддаг багш нарын хамтарч гаргасан, амжилтын нэрийн хуудас болж буй бүтээлүүдээс “Сэрсэн тал” тоглолтоо бүрдүүлсэн.

Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, С.Цогтсайхан гээд улсын Төрийн концертын ачаанаас үүрэлцдэг уран бүтээлчид оюутан залуустайгаа хамтарч дуулж, хөгжимдөн, хөөмийлж, уртын дууны шуранхай хадаана. Мөн СУИС-ийн эрдэмтэн багш нарын бүтээлч эрэл хайгуулын үр дүнд бий болсон бүтээгдэхүүнээр ч хөгжимдөж сонирхуулах болно.
 
Устаж үгүй болсон хөгжимүүдийг сэргээн тоглоно

СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, доктор, профессор Ц.Цэвэгсүрэн: Одоогоос 12 жилийн өмнө Хүй долоон худагт олсоор хүрээ татаж, гэрийн хана дугуйлж байгаад соёлын наадмаа эхлүүлж байсан бол өнөөдөр агуулгын хүрээнд ч, багтаамжийн хувьд ч бүхэл бүтэн цогцолбор болж өргөжлөө. Энэ наадмыг зохион байгуулдаг хамт олон бол маш их тэсвэр, тэвчээртэйгээр ажилласны үр дүн өнөөдрийн амжилтуудаар харагдаж байна. Сүүлийн жилүүдэд манай сургуулийнхан устаж үгүй болсон хөгжмийн зэмсгүүдийг сэргээн тоглож байгаа. Түүний нэг нь хурган чих юм. Мөн төрийн их ятга бий.

Эдгээр хөгжмийн зэмсгийг соёлын наадмын талбайд эгшиглүүлэх болно. Тиймээс наадамчдад энэ содон, сонин хөгжмийн зэмсгүүдтэй танилцах, дуу эгшгийг нь сонсох боломж бүрдэж байна. Хурган чихийг сэргээн урлаад хоёр, гуравхан жил болж байгаа ч бид нийслэлийн ерөнхий боловсролын арваад сургуулийн 300 гаруй сурагчдад зааж сургаад байна.

Тэгэхээр олон нийтийн хүртээл болгох, түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байгаа энэ хөгжимтэй танилцах, дуугаргаж үзэх, өөртөө ийм хөгжимтэй болъё гэвэл худалдаж авах боломж бүрдэж байгаа юм.
Соёлын наадмыг санаачлагч, зохион байгуулагчид ийнхүү ярьж байна.

Наадамчин олон та бүхэн тэртээ 2008 оноос эхтэй, дэлхийд хосгүй монгол соёл, уламжлалынхаа давтагдашгүйг өөрийн биеэр оролцож мэдрэх, ойлгон бахдах Соёлын наадамдаа өргөнөөр оролцоорой.

Хүүхэд багачуудаа хөтлөөд очоорой. Хол, ойрын зочдоо хүндлэн залаарай. Гадаадын жуулчид, аянчин гийчиддээ гайхуулан үзүүлээрэй. Дэлхийд ганц монгол наадамдаа дэнж хотойтол дэлгэр наадахын ерөөл өргөе.



О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.