Б.Одонтунгалаг: Шилдэг түншлэл шагнал авахад нөлөөлсөн амжилт бол хамтын ажиллагаа байлаа

Манай улсад хэрэгжиж буй Олон нийтийн санхүүгийн боловсролын хөтөлбөрийн хэрэгжилт  өндрөөр үнэлэгдэж, Олон улсын хүүхэд, залуучуудын санхүүгийн байгууллагын нэр хүндтэй шагналыг 171 оронтой өрсөлдөж авчээ. Энэ тухай бид тус хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буй Монголбанкны ОНБМТ-ийн захирал Б.Одонтунгалагтай ярилцлаа.

Юуны өмнө баяр хүргэе! Эхлээд шагналынхаа талаар танилцуулна уу?

Олон улсын хүүхэд, залуучуудын санхүүгийн байгууллагаас 2011 оноос эхлэн Дэлхийн 170 орны 24 000 гаруй байгууллагыг нэгтгэн хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсрол, санхүүгийн хүртэмж болон санхүүгийн бодлогын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Дээрх ажлын хүрээнд 2012 оноос эхлэн улс орнуудын хүчин чармайлтыг үнэлэн “ Олон улсын хүртээмж” шагналд тодорхойлох болсон. Ингээд дээрх шагналын эзэд нь Олон улсын түвшинд үнэлэгдэн, улс орныхоо нэр хүндийг  тухайн чиглэлүүдэд дээшлүүлж ирсэн юм.

Шагналын хувьд бол үндсэн 2 төрөлтэй. Үүнд, Улс орны шагнал мөн Дэлхийн мөнгөний долоо хоногийн  гэсэн ангилалтай байдаг. Монгол Улсын хувьд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Ази & Номхон далайн бүсийн санхүүгийн хүртээмжтэй байдал  шагналыг 2016 онд авч байсан. Харин энэ жилийн хувьд бид амжилтаа ахиулан ШИЛДЭГ УЛС-2019 ангилалд “ Шилдэг түншлэл улс-2019”  шагналыг хүртлээ. 

Манай гаргасан амжилтыг тодотгоно уу?

Монголбанк нь “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг санаачлан Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУСЯ-тай хамтран 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр баталсан. Энэ хугацаанд хөтөлбөрийг манлайлан оролцож олон талт хамтын ажиллагааг үүсгэж чадсан. Дээрх бодлого тодорхойлогчдоос гадна Монголын банкны холбоо, арилжааны банкууд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Бичил санхүүгийн хөгжлийн сан, Багшийн хөгжлийн ордон, төрийн болон төрийн бус байгууллагууд, түүнчлэн их дээд сургуулиуд гэх мэтчилэн олон байгууллагууд хамтран нэг бодлого нэг чиглэлд хандсан ажлуудыг хийцгээсэн. Мэдээж олон улсын байгууллагуудыг ч бас дурдах хэрэгтэй, үүнд Дэлхийн банк, ХБНГУ-ын Шпаркассе банкны сан,  Эдийн Засгийн, Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын Олон улсын санхүүгийн боловсролын сүлжээ, Олон улсын хүүхэд, залуучуудын санхүүгийн байгууллага, Азийн хөгжлийн банк зэрэг болно.

Манай Улс шагнал авахад нөлөөлсөн амжилт бол хамтын ажиллагаа байлаа.

 

Ер нь та бүхний үзэж байгаагаар манай улсын иргэдийн санхүүгийн боловсрол ямар түвшинд байна вэ?

Бидний үзэж байгаагаар Санхүүгийн боловсрол олгох бодлого нь олон улсын хэм хэмжээнд хийгдсэн байна. Үндэсний хэмжээнд зорилтод бүлгүүдэд хүрэх системд нэвтэрч чадсан гэж үзэж байгаа. Харин хүртээмжийн хувьд мэдээж хүн нэг өглөө босоод эсвэл нэг сургалтад суугаад санхүүгийн мэдлэг, боловсролтой болно гэж байхгүй хугацаа шаардагдана.

Энэ дан ганц Монголбанкны анхаарах асуудал уу.  Бүх нийтийн боловсрол гэж үзэн өргөн далайцтай эхлүүлэхэд хэрхэн анхаарч байна?

Санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн сахилга батыг өндөржүүлэх, шударга өрсөлдөөнийг бэхжүүлэх зорилгоор санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртэж байгаа харилцагчдын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх шаардлага нэмэгдсээр байна. Төв банк боловсролын байгууллага биш учраас санхүүгийн мэдлэгийн талаар ярихаар яагаад гэж гайхах, эсвэл үндсэн ажлаа хийгээч гэж шүүмжлэх хүн цөөнгүй.  Гэхдээ Төв банк эдийн засгийг тогтвортой байлгах гол зорилгоо амжилттай биелүүлэхийн тулд санхүүгийн боловсролд анхаарахаас өөр аргагүй болдог. Учир нь хүн бүр л мөнгө, санхүүтэй холбоотой шийдвэрийг өдөр тутам гаргаж, эдгээр шийдвэрүүдийн үр дүнд эдийн засаг маань бүрэлдэн тогтож байна. Тэгэхээр иргэдийн санхүүгийн мэдлэг сайжирснаар илүү оновчтой шийдвэр гаргах боломж нь нэмэгдэж, улмаар эдийн засаг маань тогтвортой байхад нөлөөлнө гэсэн үг. Түүнчлэн, Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогыг илүү сайн ойлгох нь эргээд мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнтэй байдалд эерэгээр нөлөөлж буй. Иймд Төв банкууд санхүүгийн боловсролд анхаарч буй нь боловсролын байгууллагуудын урдуур орж ажлыг нь хийх гээд байгаа зүйл биш, харин мөнгөний бодлогынхоо нөлөөллийг дээшлүүлэхийн тулд хийж буй зүйл юм. Тийм ч учраас дэлхийд тэргүүлэх гол Төв банкууд бүгд санхүүгийн боловсролын хөтөлбөрийг манлайлан оролцдог. Төв банк нь олон нийтийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн.   

 Ярилцсанд баярлалаа

Бусдад түгээх
  • gplus