Москвагийн тэнгэр дор ундарсан амжилт, амьдрал

Энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийн зочноор Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн дэслэгч, самбо бөхийн ОУХМ Г.Гантулгыг урьсан юм.

Улсын сүр цэрэгтээ байдаг гэдэг. Эх орондоо үнэнч байх тангараг өргөсөн олон цэрэг эрийн нэгэнтэй  болзсон ч уулзаж амжихгүй удсан юм. Уулзаж амжихгүй байсан гэдэг нь бас шалтгаантай. Тэрээр оюутан насаа өнгөрүүлсэн Москва хот руу гэр бүлийн хамт  явчихсан учраас уулзах нөхцөл боломж бүрдээгүй хэрэг. Харин саявтар зочин маань утас цохисноор гэрийг нь заалгаж, уулзахаар очлоо.

Тэр бол эзэмшсэн мэргэжлээрээ бахархдаг, оюутан ахуй цагтаа спортод гаргасан амжилтыг нь үнэлж хэр баргийн аавын хүүд хүртээгээд байдаггүй ОХУ-ын спортын мастер цолыг хүртсэн Г.Гантулга гэдэг жинхэнэ гүндүүгүй монгол эрийн төрхтэй  яривал ярьчихдаг ч, нөхөрсөг нэгэн ажээ. Өөрөөр хэлбэл цэргийн хүн үг дуу цөөтэй байх болов уу гэж бодож төсөөлж очсоноос минь өөр нэгэн байлаа.
 

Г.Гантулга эцэг эхээс тавуулаа. 1992 оны дөрөвдүгээр сарын 11-нд Архангай аймгийн Өгийнуур суманд  хэл, уран зохиолын багш Д. Галсандовжоогийн тав дахь хүү болон  мэндэлжээ. Харин ах нар нь  аав ээжийнхээ ажиллаж байсан Түвшрүүлэх суманд, хуучнаар Түвшрүүлэхийн сангийн аж ахуйд төрсөн  байна. Дараа нь Өгийнуур суманд очиж ажиллажээ. Төрсөн сумандаа Г.Гантулга хүү сургуулийн босго алхав. Сургуульд сурахын хажуугаар зуныхаа амралтаар ахынхаа янзалж өгсөн ширээнд билъярд 200 төгрөгөөр тоглуулж наймаа эрхэлж үзсэн сүйхээтэй эр.Олсон орлогоороо намар сургуульдаа очихдоо дугуй унаж, тухайн үедээ мооданд ороод байсан пүүз өмссөн гэдэг. Гантулга хүү 2005 онд сургуулийнхаа билъярдын аварга болжээ. Гэхдээ дан ганц билъярд тоглоод байсангүй.  Арван жилд байхын спортлог хүү байжээ. Гэвч суманд нь спорт заал гэж байдаггүй учраас Соёлын төвд бэлтгэл хийнэ. Мөн хоёр шон татаад волейбол тоглож сурсан төдийгүй аятайхан тоглочихдог болжээ. Улмаар аймгийн төвд болсон волейболын аварга шалгаруулах тэмцээнд багаараа оролцож.  Бас 2006 онд аймагтаа болсон дүрслэх урлагийн олимпиадад хайчилбараар  оролцож түрүүлснээр алтан медаль авч байжээ.Тухайн үед Ойдов аваргын чөлөөт бөхөөр авчирсан хүрэл медалиас өөр шагналгүй сумандаа анхны алтан медалийг авчирсан нь энэ байлаа. Олимпиадад оролцчихоод аймгийн төвөөр явж байсан түүн рүү багш нь залгаад Гантулгаа олимпиадад оролцсон газраа яваад оч. Чи нэг байр эзэлсэн юм шиг байна гэснээр очиж. Тэгээд  миний түрүүлэх гэж юу байхав. Хоёр, гуравдугаар байрт орвол боллоо гэж бодож. Тэрээр ахлах ангид байхдаа бөх барилдаж байжээ. Ийнхүү сургуулиа төгсөөд их сургуульд суралцахаар Улаанбаатар хотыг зорьсон байна.

ГАЛТ ТЭРГЭЭР ТАВ ХОНОГ МОСКВА РУУ АЯЛАВ

Хуучнаар Батлан хамгаалах их сургуулийн Төрийн захиргааны танхимд анх орж хоёрдугаар курс хүртлээ суралцжээ. Хотод ирээд сурахын хажуугаар нэг байгууллагад хамгаалагч, менежерээр ажиллаж үзсэн гэдэг. Тиймээс сургуулиасаа гаръя гэж хүртэл  боджээ. Гэвч хүний хувь тавиланг таах биш. Өгий нуурт өсч, суралцаж, спортоор хичээллэж явсан хүү ОХУ-д сургуульд явах шалгалт өгсөн байна. Ингээд 2011 онд  Москва хотын Цэргийн их сургуульд сэтгэлзүйч мэргэжлээр сурахаар  ОХУ-ыг зорьжээ. Улаанбаатар хотоос 40 гаруй хүүхэд алтан Москваг зорьжээ. Тухайн үед аав нь бөх болгохыг хүсч байсан хүү нь  хүний нутагт очиж эрдэм ном сурах гэсэн хүслийг нь хэрхэн хүлээж авах бол гэж эмээж явжээ. Учир нь тухайн үедээ буюу 2011 онд үндэсний бөхөөр чамгүй амжилт гаргачихсан. Бас ч үгүй нутгийнхаа хамгийн том цолтой бөх Өсөхбаяр аваргын ахалсан наадмын галд  Налайхын нэг амралтад гарч, бөхийн гал гэдэг зүйлийг мэдэрчихсэн сумын начин байжээ. Тухайлбал, цэргийн арслан, Ч.Санжаадамба аварга, аймгийн хурц арслан байсан Р.Пүрэвдагва  гээд олон сайхан бөхтэй нэг гал болж гарч байсан үе. Түүнд н.Нямсүрэн хэмээх найз нь нөлөөлснөөр бөх болох гараагаа эхэлжээ.

Ингээд  Москвад дөнгөж ирсэн хүүхдүүд маргааш нь сургуультайгаа танилцаад Улаанталбай орохоор явцгаав. Түүний сурсан сургууль манай МУИС, СУИС-тай адилхан хотын төвд байдаг учраас Улаанталбай руу 15 минут алхаад очих газар байж. Ингэж анх тэр их гүрний цэргийн парадаа хийдэг талбайд хөл тавьсан гэдэг. Улаанталбайд хөл тавьсан анхны алхмаас эхлээд олон удаа очиж. Сургуультай нь ойрхон,найз нөхөдтэйгээ уулздаг, спортын тэмцээнд оролцдог байсан учраас энэ талбайд байнга очдог байжээ. Тодруулбал, 2013 онд Москвагийн Улаанталбайд болсон  бух барилдаанд  үндэсний бөхийн иж бүрэн өмсгөл, монгол гуталтай барилдаж түрүүлж байжээ. Монгол гуталтай барилддаг нь бас учиртай. XIII  зуунд монголчууд Оросыг эзэлж явахдаа монгол гуталтай байсан байж таарна гэж бодож үндэсний бөхийнхөө бүх өмсгөлийг өмссөн аж. Харин эрчүүд цугласан казармд янз янзын юм их гарна. Эрчүүд цугласан тэр тусмаа цэргийн сургууль шүү дээ.  Тэр болгонд хүн нэрээ тогос өдөө гэдэг шиг эх орныхоо нэрийг бодож тулгарсан асуудлыг шийддэг байж.Ийнхүү цаг хугацаа өнгөрсөөр.

ҮСЧИН БОЛСОН НЬ

2013 онд  гуравдугаар дамжаанд ороод сургуульдаа байгаа олон үндэстний оюутан хариуцсан группийн дарга болж. Мөн ОХУ-д сурч байгаа оюутнуудыг хооронд нь танилцуулах, амралт чөлөөт цагийг нь зөв зохистой өнгөрүүлэхэд нь туслах урлаг соёл, спортын арга хэмжээг зохион байгуулдаг Монголын оюутны холбооны дэргэдэх Москвагийн оюутны хөгжлийн төвийн зөвлөлийн гишүүнээс тэргүүн болжээ. Гэвч оюутан хүнд шалгалт шүүлэгтээ бэлдэх, хичээлдээ явах гээд  олон асуудал байсан учраас энэ албаа хүлээлгэж өгсөн аж.  Москвагийн цэргийн сургуульд сурч эхэлснээр өөр нэг эрдэм сурсан нь үсчин. Анх найзынхаа үсийг засах гэж үзээд болохгүй болохоор нь хусчихаж. Дараа нь бусад цэргийн үсийг жил үнэгүй засав. Улмаар энэ ажилдаа дадлагажин туршлагатай үсчин болж хүссэнээр нь засч чаддаг болсон гэнэ. Цэргүүд ч Гантулгаар засуулах тул хөлсөнд нь сникерс, тараг авдаг болсноор шүүгээ нь энэ хоёр зүйлээр дүүрээд ирж. Түүгээр нь нутаг нэгт оюутнуудаа дайлдаг байснаа нэг өдөр би энэ их сникерс, таргаар яахав. Ер нь зохих хөлсийг нь аваад засч байя гэж шийдээд 50 рубль өгч бай гэж нөхөддөө хэлж. Ийнхүү засдаг болсон нь өөрт нь хөөрхөн орлого оруулдаг боллоо. 2014 онд Сочи хотод өвлийн олимпийн наадмын кёрлингийн тэмцээн болох гэж байгааг мэдсэн Д.Гантулга сурч байгаа орондоо зохиож байгаа олимпийг үзэх завшааныг алдаж болохгүй гэж шийдэж.  Ингэснээр хоёр хромон гутлыг тухай үеийн ханшаар 6000 рублиэр авч Монгол руу явуулсныг  найз нь зарж өгөөд Монголоос iphone 5 өгч явуулсныг борлуулснаар олимп үзэх бэлтэй болов. Гэтэл Сочи руу явах тасалбар байсангүй. Тиймээс Москвагаас Ростов хот руу галт тэргээр 13 цаг явж хүрээд тэндээсээ Сочи руу гурван цаг автобусаар явж олимп, кёрлингийн тэмцээнээ үзсэн байна. Харин түүнийг цэргийн хүн болох алхмыг  ээжийнх нь ах хурандаа Б..Энхжаргал гэдэг хүн хөтөлж Батлан хамгаалахын их сургуульд оруулж байжээ.

НЭРТЭЙ АВАРГА БӨХИЙН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ

“Торгууд ван” киноны зураг авалт. Өвөрмонголын Эзний хошуу. 2016 он.

Оюутан хүнд ялангуяа, хүний нутагт сурч байгаа оюутанд гэртээ харих шиг сайхан юм байдаггүй.  2016 онд ОХУ-ын цэргийн сургуулийн сонсогч Г.Гантулга хичээл нь дууссан учраас гэртээ харьж аав ээжтэйгээ золгох гэж яарч явжээ. Цагаан сараар очиж золгож чадаагүйг ч хэлэх үү. Москвагаас Улаанбаатар руу онгоцоор нисэх гэхээр зардал нь өндөр гараад галт тэргээр явахаар тоотой амралтын өдрүүдээс тав нь замд өнгөрчих гээд байдаг. Тиймээс БНХАУ-аар дамжиж харихаар шийдсэн нь түүхэн кинонд тоглох завшааныг хайрлана гэж тэрээр яаж мэдэх билээ. Замд тааралдсан найз нь түүнийг Өвөрмонголын Одон телевизийнхэнтэй танилцуулснаар, Ж.Сэнгэдорж найруулагчаар нь ажилласан түүхэн “Торгууд ван” киноны талбайн зохион байгуулагчаар ажиллах санал тавьжээ. Гэртээ харих гэж явсан сонсогч энэ саналыг хүлээн авчээ. Гэхдээ эхлээд аав ээж, ах дүүстэйгээ уулзъя.Тэгээд буцаад холбогдъё гэж хэлсэн байна. Ингээд нутагтаа ирээд уулзах гэсэн хүмүүстэйгээ уулзаад долоо хоноод кино яаж хийж, бүтээдгийг харъя. Оюутан хүнд бас мөнгө хэрэгтэй гээд найзтайгаа холбоо барьснаар Өмнөговийн Шивээ хүрэнгийн боомтоор дамжиж Өвөрмонголын Эзний хошуу хэмээх газарт очиж киноны багийнхантай уулзжээ. Ингэснээр талбайн зохион байгуулагчаар ажиллав.  Харин манай кино урлагийн  мундаг жүжигчид тоглосон кинонд санамсаргүй байж байгаад нэгэн лут аварга бөхийн дүрийг амилуулсан байна. Нэг өдөр Ж.Сэнгэдорж найруулагч түүнийг дуудсан байна. Яваад очтол үс сахал нь ургасан түүнийг киноны гол дүр Туваанжав ноёнтой барилддаг аварга бөхийн дүрд тоглоно оо гэж. Ингээд тэр хэсэгт тогложээ. Ингэснээр түүнд түүхэн кинонд дүрээ үлдээх завшаан тохиосон хэрэг. Харин ноёнтой таарч барилддаг хэсгийг  бодит явдлаас сэдэвлэсэн аж.Тэр алдарт бөх хэсэг нөхдийн хамт явж байгаад гэрээ буулгаж байгаа нэгэн эмгэнтэй таарч тусалж байтал Туваанжав ноён давхиж ирсэн гэдэг. Та нар юун хүмүүс вэ гэхэд эмгэнийг гэрээ нүүлгэхэд нь туслалцаж байна гэж хариулсан байна. Ноён ийм бяртай хүнтэй нэг барилдъя гэснээр ноёнтой барилдаж давжээ. Ийнхүү талбайн зохион байгуулагч, аварга бөхийн дүрийг бүтээсэн кинонд хоёр сар  ажиллаад сургууль руугаа буцсан ажээ.

ОХУ-ЫН СПОРТЫН  МАСТЕР БОЛЛОО


Москва хот Ялалтын талбай, Сурхарбаан барилдаанд Тувагийн бөх Монгушийг давж түрүүлж байв. 2014 он.
 

Түүний насны ханиараа сонгосон бүсгүйг  Б. Намуун гэдэг. Унаган орос хэлтэй, ОХУ-ын Москва хотод биотехнологич мэргэжлээр төгссөн байна. Монголд ирээд “Талх чихэр” хувьцаат компанид жирэмсний амралтаа авах хүртлээ мэргэжлээрээ  ажилласан ажээ. Харин залуу хосууд 2015 онд Москвад болсон монгол оюутнуудын урлагийн наадмын үеэр тайзан дээр анх нэгнээ харж танилцсан байна. Тэр үед Г.Гантулга шүлгээр, эхнэр  нь морин хуур, хөөмийн үзүүлбэрээр оролцож байжээ. Эмэгтэй хүн урлагийн наадамд морин хуур, хөөмийн үзүүлбэрээр оролцож байгаа нь хүмүүсийн анхаарлыг татсан аж. Наадмын хоёрдугаар шатанд шалгарсан 20 гаруй хүний дунд тэр хоёр багтсан байна. Урлагийн наадмаар анх  нэгнээ харж танилцсан хоёр найз нөхдийн журмаар нэгэндээ тусалсаар хоёр жил сайхан найзалж. Харин Г.Гантулгыг их сургуулиа төгсөх жил 2017 онд албан ёсоор  дотносож хосууд болсон аж. Зочны маань хэлснээр урлагийн тайзнаас амьдралын тайзан дээр гарсан хосууд өнөөдөр долоон сартай хөөрхөн охинтой болжээ. Хүнийг төрөхөд бурхан хувь тавиланг нь зурж өгдөг гэлцдэг. Тэгвэл дугаарын маань зочныг бөхөөс салгалгүй зурсных ч юм уу тэрээр таван жил байлдааны самбо, буриад, кураш гэсэн бөхийн төрлөөр барилдаж амжилт гаргасныг нь ОХУ-аас үнэлж спортын мастер цол хүртээжээ. Тухайн үед түүнд 144 сая хүн амтай орны спортын мастер болно гэдэг  хүндэдмээр санагдаж байсан гэдэг. Анх энэ цолыг авахад нь түүний  найз, хуурай ах дуурийн дуучин Ч.Бадрал “Чи хийх юмаа хийчихсэн. Олон тэмцээнд оролцож олон ялалт байгууллаа.Чи энэ цолонд хөлс хүчээ дуслуулан байж хүрсэн. Үүнийг чинь үнэлж чамд энэ цолыг хүртээлээ.Чи энэ хэмжээнд хүрсэн хүн шүү” гэж хэлж байж. Үнэхээр ч түүний хөлс хүчээ дуслуулан байж авсныг гэрчлэх сагс, волейбол, бөх, хүндийн өргөлт, тамирчны алдар гээд олон медаль, үнэмлэх жуух бичиг гэрийнх нь нэг өрөөний хананд өрөөстэй.  Г.Гантулга тэдэн дундаас цэргийн хүний хувьд бахархдаг нэг зүйл нь ангийнх нь даргын тушаалаар өнгөрсөн жил олгосон цэргийн шүхэрчний үнэмлэх юм байна. Тэрээр үнэмлэхнээс гадна нэгэн зүйлийг сонирхуулсан нь харахад энгийн уяа шиг боловч шүхэрчин хүний амь нас түүнээс хамаардаг шүхэр эвхэх зориулалттай шнур хэмээх оосор ажээ. Шүхэрчин хүний амь нас шүхэрнээс хамаардаг учраас өөрөө эвхэх ёстой. Тэгэхгүй бол онгоцонд суучихаад шүхрээ задрахгүй бол яах вэ гэж бодогддог. Хүнээр шүхрээ эвхүүлчихээд юу бодохов. Оосрыг нь хийсэн болов уу гэж бодож болохгүй шүү дээ гэж байлаа. Тиймээс энэ оосор нь шүхэрчин хүнд заавал байх ёстой эд ажээ. Түүний шагнал, медаль дотроос алд дэлэм хэрийн урттай, чамбай хийцтэй хоёр ташуур хараа булааж байлаа. Тэрээр нэгийг нь “Сурхарбан” хэмээх бух барилдаанд гурван жил дараалан түрүүлээд авч байсан. Нэгийг нь 2014 онд Санкт-Петербург хотод болсон Буддын шашны дацангийн нэрэмжит барилдаанд түрүүлснээр Баясгаланов гэдэг буриад дархны урласан ташуурыг хоёр дахь удаагаа бэлэг болгон авч байжээ. Бөхөөр хичээллэж, барилдаж явдгийн хувьд хамгийн дурсгалтай,  тамирчин хүний тэвчээр хатуужил чухал болохыг 2016 онд Москва хотод болсон орос үндэсний бөхийн тэмцээнд оролцож бэртэлтэй байсан ч барилдсаар түрүүлэхдээ ойлгож авчээ. Мөн Бээжингийн олимпод Н.Түвшинбаяр аварга бэртэлтэй байсан ч барилдаж түрүүлэхдээ мэдэрсэн мэдрэмжийг тэр үед санаж зоригжсон гэх. Түүний барилдахаар дэвж байгаа зургийг харахаар “Эр бор харцага жигүүрхэндээ хүчтэй дээ” гэсэн дууны үг өөрийн эрхгүй санаанд орно.  Ийнхүү харийн нутагт Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж Улаанталбайд үндэснийхээ бөхийн бүрэн өмсгөлтэй зодоглож, буриад барилдаанд гурван жил дараалан түрүүлж явсан, Москвагийн тэнгэр дор амжилт нь ундарч, амьдрал, албаны гараагаа эхлүүлсэн энэ дэслэгч, спортын мастер,сайхан бүсгүйн хань өнөөдөр эр цэргийнхээ албанд зүтгэж явна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-06-25 05:47:06
    москвадаа л байг. Бат хааны сүнс монгол хүнээ харж байжээ.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах