С.Арслан: Төмрийн нөөцтэй улс л хөгжиж баяждаг

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буланд Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер С.Арсланг урилаа.

-Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбоонд хэчнээн компани нэгдээд байна вэ. Төмөрлөг үйлдвэрлэл гэхээр ган бөмбөлөг гээд эхэлнэ байх. Харин Монголд машин үйлдвэрлэнэ гэхээр санаанд нэг л буухгүй байна?

-Манай холбоо 2010 оны хоёрдугаар сард байгуулагдсан. Металл боловсруулах салбарын үйлдвэрүүдийг төрөлжүүлэх, олшруулах, гадаадаас импортолж буй өндөр үнэтэй сэлбэгийг дотооддоо үйлдвэрлэх зорилготой. 40 орчим компани, үйлдвэр, аж ахуйн нэгж бий. Төмөр­лөг, машин үйлд­вэр­лэл гэхээр ерөөсөө дөрвөн дугуйтай автомашин л бодоод байдаг.

Гэтэл нисэх онгоц, хөдөө аж ахуйн техник хэрэгсэл, тэр ч байтугай оёдол, сахлын машин болоод түүний эрэг боолт, араа цөмийг хийхийг машин үйлдвэрлэл гэдэг. Дарга нар хүртэл “Монголд машин үйлдвэрлэх боломжгүй. Юун машин үйлдвэрлэл яриад байгаа юм бэ” гэсэн хандлагатай байдаг. Машин үйлдвэрлэх үйл явцыг эхлээд сайн ойлгох ёстой. Хадаас, эрэг боолтоос эхлээд машинд ордог бүхий л бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь үүнд хамаатай. Социализмын үед машин үйлдвэрлэл, металлургийн салбар нэлээд төрөлжсөн, баруун, зүүн, төв гээд бүсчлээд байгуулчихсан байлаа. Тэр байтугай бид эрэг боолт, зарим автомашины сэлбэгийг гадагш нь гаргаж байсан. Тухайлбал, эрэг боолтоор Дорнод Сибирийг хангаж байсан шүү дээ. Гэтэл зах зээлд шилжсэнээс хойш ихэнх үйлдвэрийнхээ хаалгыг бариад, тоног төхөөрөмжийг нь металлын хаягдал болгоод урагш нь гаргачихсан.

-Нэг ёсондоо үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг хүртэл хаягдал болгоод аччихсан. Үүний хор уршиг нь өнөөдөр “Монголчууд хадаасаа ч хийж чаддаггүй” гээд шүүмжлэлийн бай болж байна шүү дээ?

-Тухайн үед хувьчлал зөв явж чадаагүй. Зарим нэг зээл авсан нөхөд “Би хөрөнгө мөнгөтэй хүн” хэмээн цээжээ дэлдэн бүхэл бүтэн үйлдвэр худалдаж аваад л хурдан баяжихын тулд үйлдвэрээ удирдан ажиллуулах биш тоног төхөөрөмжөө зарчихсан. Жилдээ 1000 машинд их засвар хийж, шинээр чиргүүл үйлдвэрлэдэг байсан мэргэжлийн ажилчдаа хувьчлалын алдаанаас болоод ажилгүй болгосон. Зах зээлээс өмнө ДНБ-ий 2.3 хувийг металлургийн салбар үйлдвэрлэж байсан. Гэтэл одоо статистикийн үзүүлэлтэд ийм нэр томъёо ч байдаггүй. Манай улс жилд 7.5 сая ам.долларын үнэ бүхий ган бөмбөлөг гадаадаас импортолдог. Гэтэл дотооддоо ган бөмбөлөг үйлдвэрлэх боломжтой нэлээд олон компани байна. Манай улсад шахааны бизнес хөгжсөн учраас үйлдвэрлэгчдээ дэмждэггүй. Өөрөөр хэлбэл, энэ салбарт төрийн бодлого алдагдсан. Тиймээс бид 2010 онд нэгдэж энэ холбоог байгуулан металлургийн салбарыг бүсчлэн хөгжүүлье, хоорондоо хоршиж нэгдэе, хийж чадаж байсан зүйлээ дахин сэргээе гээд байгаа юм.

-Технологийн хөгжлөө дагаад сүүлийн үеийн үйлдвэрүүд дээр үеийнх шиг нүсэр байхаа больжээ. Компьютер дээрээс л бүхэл бүтэн үйлдвэрийг удирдаж байна шүү дээ. Гэтэл түүн дээр ажиллах мэргэжилтнүүд хаана байна вэ?

-Тийм шүү. Зарим талаараа мэргэжилтний дутагдал байгаа. Гэвч бид металлургийн салбарын мэргэжилтнүүдээ тасралтгүй бэлтгэж байсан туршлагатай. Одоогоор 500 гаруй дээд боловсролтой инженер, техникийн ажилчид бэлтгэгдээд байна. Тэднийхээ хүчээр металлургийн салбарыг хөл дээр нь босгож ирэх боломжтой.

-Тэгвэл металлургийн салбарынхан өнөөдөр яг юу хийж байна вэ?

-Машин үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд тоног төхөөрөмжтэй байх хэрэгтэй. Металлаар хийдэг тоног төхөөрөмжийг манай улсад үйлдвэрлэх боломжтой шүү дээ. Тухайлбал, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж хийдэг дөрөв, таван үйлдвэр байна. Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж хийдэг гурав, дөрвөн үйлдвэр бий. Ган бөмбөлөг хийх мэтийн жижиг цутгуурын үйлдвэр 10 орчим, барилгын арматур тасдаж, тайрдаг, металл хийц үйлдвэрлэдэг долоо, найман үйлдвэр байна. Зарим нь хөл дээрээ босчихсон. Томоохон барилгын арматур, металл хийцүүдийг үйлдвэрлэж байгаа. Жишээлбэл, БҮК-1 өндөр барилгын металл хийцийг үйлдвэрлэдэг. Зарим гүүрийн төмөр эдлэлийг хийж байна. Саяхан бид гадаад зах зээлтэй холбоо тогтооход Японы Нийгата мужийн Металлургийн үйлдвэрийн мэргэжилтнүүд ирсэн. Тэднийг Монголын үйлдвэрүүдтэй танилцууллаа. Японы өндөр технологийг эх орондоо нутагшуулах талаар харилцан санал солилцож, цаашид санамж бичиг байгуулахаар төслөө явуулчихсан байгаа. Дараа нь Монголын инженер, техникийн ажилчдыг тэнд сургана.

-Үйлдвэрлэгчидтэй уулзахад тоног төхөөрөмжөө гадаадаас импортолно. Тэгээд дараа нь түүхий эдээ бас л гадаадаас авна гэж ярьдаг. Төмөрлөг, машин үйлдвэрлэгчид түүхий эдээ мөн гадаадаас импортлох уу. Монголоос нийлүүлэх боломж нь хэр бол?

-Эхний үед Дарханы металлругийн үйлдвэрийг өргөтгөнө гэж ярьсаар олон жил боллоо. Тэгээд Сайншандын цогцолбор байгуулна гэдэг яриа л байдаг. Ийм нөхцөлд металл түүхий эдээ гадаадаас импортлохоос аргагүй. Хамгийн гол нь бид нэг санал тавьж байгаа. Үйлдвэрийн тоног төхөөрөмж хийж байгаа үйлдвэрүүдэд импортоор авч буй металл хийцийн түүхий эдийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлж өгөөч. Ингэвэл бидний хийж буй машин, тоног төхөөрөмж, жижиг хийцийн үнэ хямдрах боломжтой. Дарханы металлургийн үйлдвэрийг түшиглээд хадаас, нарийн төмөр утас, булангийн болон хавтгай, гурвалжин, дөрвөлжин, зургаан талт төмөр хийгээд эхэлчихвэл бид түүнийг ашиглах боломжтой юм. Энэ нь одоохондоо яриа төдий л байна. Тиймээс ихэнх тохиолдолд түүхий эдээ гадаадаас авч байгаа.

-Алс хэтдээ том бизнес хийж л байж амжилтад хүрэх нь гарцаагүй. Гэтэл Монголд ийм боломж ний нуугүй хэлэхэд байна уу?

-Төмөртэй улс л баяжиж хөгждөг. Монгол Улс дэлхийн талыг эзэлсэн гэдгийг бид бүгд мэднэ. Тухайн үед хөө хуяг, илд бамбай, жадаа өөрсдөө хийсэн байдаг. Европ руу 400 мянган цэргээ хөдөлгөхдөө бүх зэвсэг техникийг өөрсдөө хийсэн. Үүнийг гадаадаас хэн ч хийж өгөхгүй шүү дээ. Тиймээс манай улсад металлургийн салбар маш их хөгжсөн байгаа биз. Тэр байтугай МЭӨ 2000 жилээс төмрийн хүдэр хайлуулж, ган гаргаж аваад түүгээрээ сэлэм, илд бамбай, хөө хуяг хийж байсан түүхтэй. Түүний дараа МЭ V зуунд Монголын ган, төмөр Хятад руу орж эхэлсэн. Хятадын түүхийн сурвалж бичигт “Дэлхийн нэг номерийн ган төмөр бол Монголынх” гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, манай гангийн хувьсгал Хятадад нэвтэрсэн юм билээ. Гэтэл одоо Хятад ган хамгийн сайн гэж яриад байдаг. Үнэндээ уг угшил нь Монголоос гаралтай.

-Түүх ярихад сайхан л байна. Гэхдээ бид одоо яах ёстой юм бэ. Тухайлбал, манай улсад төмрийн хүдрийн нөөц хангалттай бий юу?

-Манай улсын төмрийн хүдэр дэлхийн төмрийн хүдрийн нөөцийн нэг хувьд ч хүрэхгүй. Илрүүлж тогтоосон нөөц нь ийм л хэмжээтэй байгаа юм. Гэтэл манай улс сүүлийн жилүүдэд маш эрчимтэйгээр төмрийн хүдрээ урагш нь зөөсөөр байна. Манай холбоо үүнтэй нэлээд тэмцдэг. Жилд 7.5-8 орчим сая тонн төмрийн хүдрийг урагш нь зөөвөрлөж байгаа.

-Төмрөө түүхийгээр нь гаргахаар үнэ ханш хямд. Ингэхээр эдийн засагт ямар үр ашигтай байх вэ. Нэг ёсондоо алдагдал, бас дахиад алдагдал юм биш үү?

-Тэгэлгүй яахав. Нэг тонн төмрийн хүдрийг дэлхийн зах зээлд 150-200 ам.доллараар үнэлж байна. Гэтэл бид 56-хан ам.доллараар, цаана нь үсрээд 60 ам.доллараар өгч байгаа.

Эргүүлээд Хятадаас нэг тонн металл 1200-1800 ам.доллараар авч байна шүү дээ. Маш их зөрүү байгаа биз. Гурав, дөрөв дахин хямд үнээр гаргачихаж байгаа нь эхний асуудал. Хоёрдугаарт, төмрийн хүдэр экспортлоход гаалийн татвар байхгүй. Төмрийн хүдрийг урагш нь зөөвөрлөх эрмэлзлэлтэй өмнөд хөршийнхөнтэй нийлсэн маш олон компани байна. Зарим компани манай улсын экспортын төмрийн хүдрийн 70 орчим хувийг гаргадаг. Тэд хутгаж аваад л шууд аччихаж байгаа юм. Жилд зургаа орчим сая тонн төмрийн хүдрийг ачиж байна шүү дээ.

-Төмрийн хүдэр гаргаад ирлээ гэхэд түүнийгээ борлуулах хэрэгтэй шүү дээ. Энд ч бас бизнес явж байгаа. Хамаг хөрөнгө мөнгөө шороо болгочихсон хүмүүс чинь гаргаж ирсэн бүтээгдэхүүнээ зарж л таарна. Гэтэл Монголын үйлдвэрлэгчдэд түүнийг нь авах мөнгө байна уу. Өөрөөр хэлбэл хоорондын уялдаа холбоогоо яаж зохицуулж хамтарч мөнгө босгох вэ?

-Үүн дээр төрийн нэгдсэн бодлого л үгүйлэгдэж байгаа юм. Хэдий хэмжээний төмрийн хүдэр олборлох вэ. Түүнийгээ яаж баяжуулах вэ. Баяжуулсан төмрийн хүдрээ ангижруулах хэрэгтэй. Төмрийн хүдрийг ядуу, хэвийн, баян хүдэр гэж ангилдаг. 25 хувиас доош төмрийн агуулгатай нь ядуу, 50 хүртэлх хувийн төмрийн агуулгатай нь хэвийн, 50 хувиас дээш төмрийн агуулгатайг нь баян хүдэр гэдэг юм.

Манай Дархан, Сэлэнгийн бүсээс гаргаж байгаа хүдэр бүгд баян гэдэг ангилалд ордог шүү дээ. Хятад дэлхийн төмрийн хүдрийн нөөцийн 10 хувьтай тэнцэхүйц хэмжээний нөөцтэй. Тэгсэн мөртлөө манайхаас төмрийн хүдэр импортлоод байдаг. Заримыг нь газар булж хадгалж байна шүү дээ. Улсын бодлого ингэж явж байна. Мөн Энэтхэг улсаас жилд 100 сая тонн ядуу хүдэр авдаг. Түүнийг манай баян хүдэртэй холиод дэлхийн зах зээлд гаргаж байна шүү дээ. Энэ бодлогыг ухаарч ойлгон, биднийг дэмжих төрийн хүмүүс үнэхээр ховор байна.

Зууны мэдээ
Г.Ганчимэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tumen 2014-09-17 05:26:12
    berleliigheden bankuud in dollariin chenj hiih sonirholtoi.uild
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-17 02:15:36
    Монгол орон монгол хүнд их нөөц боломж, хүч чадал бий ганц түүнийг нь огт дэмжихгүй ашиг хонжоо бодсон эрх мэдэлтэнүүд саад тотгор болж байгаа нь тодорхой. Улс орон алс хэтээ боддог төрийн бодлоготой бол амархан хөгжихөөр байна. Машин ч угсарч бас хийж ба
    112.72.13.222
    Мэдэгдсэн Хариулах