Манай оронд гүүний айраг үйлдвэрлэх явдал олон зуун жилийн түүх уламжлалтай юм. Гүүний айргийг БНМАУ – аас гадна Бүгд Найрамдах Казах ба Киргиз улс, Автономит Башкир мөн Халимаг улсад хийдэг. Монгол оронд айраг бол өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булган,Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь аймгууд айраг үйлдвэрлэдэг гол нутаг юм. Гүүний айргийг зун, намрын улиралд хийдэг уламжлалтай боловч гүүг нэмэгдэл тэжээлээр тэжээсэн нөхцөлд жил тойрон сааж айраг исгэж болно. Гүүний айраг бол манай хүн ардын зун цагт өдөр тутмын хэрэгцээт хүнсний чухал зүйл болохоос гадна эмчилгээ сувилгааны чанартай бүтээгдэхүүн болдог. Ер нь адуун сүрэг сүрьеэ, бруцеллёз, дэлэнгийн үрэвсэл зэрэг саалийн бусад төрлийн малд өргөн тохиолддог өвчнөөр өвчилдөггүй учир сүү шим нь энэ талаар харьцангуй ариун гэж үзэж болох юм.
Айргийн найрлаганд хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй бараг бүх витамин агуулагдаж байдаг. Айраг А, С, В витаминаар маш баялаг байдаг. Нас гүйцсэн хүний биед өдөрт А витамин 1 мг, Д витамин 0.002 мг, С витамин 50-75 мг, В витамин 2-3 мг, РР витамин 20 мг гэх мэт витаминууд шаардлагатай байдаг гэсэн норм байдаг. 1л айрагт 0.3-0.4 мг А витамин, 95-100 мг С витамин, П.Берлиний тодорхойлсноор 250-330 мг, Казахстанд хийсэн судалгаагаар 100-200 мг аскорбины хүчил байдаг ажээ. Айраг бол Д витамин ихтэй бүтээгдэхүүн юм. Үржийн витамин болох Е витамин 1л сааманд 0.65-1.05 мг байна. Холестриний солилцоонд ордог F витамин линолийн, линолеиний, арехидоны, зэрэг үл ханасан өөхөн хүчлийн хэмжээнээс хамаардаг тул айраг бас энэ витаминаар баялаг. Айрагт В – гийн төрлийн витамин байдаг.
Айргийн шимт чанарыг түүний бүтээгдэхүүн дэх эрдэс бодисуудтай холбож үзэх ёстой. Айраг бол кальций, фосфор, кобальт, зэс зэрэг эрдсээр үхрийн сүүнээс давуутай. Айраг нь ялзруулагч бактер, гэдэсний савханцар, стафилококк зэрэг хөнөөлт болон сүрьеэ, хижиг, балнад, иж балнад мэт халдварт өвчний үүсгэгчийн өсөлт, үржилтийг саатуулах, гэдсэн дэх ялзралын процессийг зогсоох, гэдэсний рH –ийг хүчиллэг орчинд байлгах үйлчилгээтэй. Айргийн энэхүү сувилал эмчилгээний чанар нь нэг талаар хөрөнгийн бичил биетүүдийн ялгаруулдаг антибиотик бодис, нөгөөтэйгүүр исэлтийн үр дүнд бий болдог үлэмж хэмжээний сүүний хүчлийн хэмжээтэй шууд холбоотой. Ийм учир айргийн хөрөнгө бэлтгэхэд антибиотик идэвх сайтай, хоорондоо харилцан нийцэл чанартай сүүнхүчлийн бактер, дрожжийн өсгөврүүдийг шилэн сонгож хамсгах нь чухал юм. Гүүний сүүнд 6.5-7.0% сүүний чихэр-лактоза байдаг.
Эх сурвалж: Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас