Бодлогын хүүг 11 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хурлаар Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Эдийн засгийн гадаад орчин, дотоод идэвхжилийг харгалзан үзэхэд инфляци зорилтот түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Жилийн инфляци 2019 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 7.9 хувьтай гарлаа. Инфляцийн хэлбэлзэл нь газрын тосны дэлхийн зах зээлийн үнийг дагасан шатахууны үнэ, нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалсан махны үнийн огцом өөрчлөлтөөр тайлбарлагдаж байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци тогтвортой байна.

Уул уурхайн салбарын өсөлт энэ оны эхний улиралд хүлээлтээс давж, бизнесийн зээл тогтвортой өсч, хөрөнгө оруулалт, төсвийн зардал нэмэгдсэнээр эдийн засаг өсч байна.

Өнгөрсөн сараас дэлхийн худалдааны сөргөлдөөн гүнзгийрч, АНУ, БНХАУ импортын зарим барааны тарифыг харилцан нэмэгдүүлсэн нь дэлхийн эдийн засгийн өсөлт, түүхий эдийн үнийн цаашдын төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож, гадаад орчны тодорхой бус байдлыг нэмэгдүүллээ. Цаашид гадаад худалдааны нөхцөл муудаж болзошгүй байгаа нь уул уурхайн томоохон төсөл хэрэгжиж дуусах, гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлт эхлэх хугацаатай давхцаж байна. Иймд макро эдийн засгийн бодлогыг дотоод, гадаад тэнцвэрийг хадгалахад чиглүүлэх, улс орон, аймаг, орон нутаг, байгууллага, өрх гэр, хувь хүн хуримтлал, санхүүгийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлага эн тэргүүнд тавигдаж байна.

Гадаад орчны болзошгүй эрсдэлийг хохирол багатайгаар даван туулж, эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад төсвийн сахилга бат, банкны салбарын эрсдэл даах чадвар, төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх нь чухал байна.

Макро эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, гадаад дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг энэ удаад хэвээр хадгалахаар шийдвэрлэв. Уг шийдвэр нь инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулах, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцэж байгаа болно.

Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Бусдад түгээх
  • gplus