Хөрсөнд их хэмжээний цианит алдагдсан байх магадлалтай
Байгалийн гамшиг гэдэг хэлж биш хийсч ирдэг аюултай үзэгдэл. Энэ зуны хувьд ихэнх нутгаар хур бороо элбэгтэй, үер усны аюул нүүрлэж магадгүй гэдгийг Ус цаг уурын орчны шинжилгээний газраас анхааруулж, сэрэмжлүүлэг гаргасаар байна.

Энэ сарын 13-наас эхэлж ихэнх нутгийг хамарсан аадар усан борооны улмаас үер бууж, айл өрх усанд урсаж, мал сүрэг устаж, 4 настай хүү эндэж, уул уурхайн талбайг үерийн ус хамж хальсан аюултай үзэгдэл болов.

Тодруулбал, Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт хар зам сэтэрч, автомашин явах боломжгүй болсон юм. Тэгвэл Атрын сангийн аж ахуйд олон айл үерт автжээ.

Өчигдөр нэг эмэгтэй “500 гаруй бог мал, 10 гаруй үхэр маань үерт урсаж үхлээ. Хоёр хүүхдээ эсэн мэнд авч гарсанд аз гэж бодож байна” хэмээн хоолой зангируулан ярьж байв. Ийм аюултай үзэгдэл болов. Өнөөдөр ч үргэлжилж байна, усан бороо.

Мөн түүнчлэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Цогт багт энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө үргэлжилсэн усархаг аадар бороо орсны улмаас тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн нуруулдан уусгах үүрийн хойд хэсэгт уулын үерийн ус орж, 1693 м.кв талбайд үүрийн ёроолын хэсэгт дэвссэн плёнкноос хальж хуримтлагджээ.

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадоржоор ахлуулсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчид газар дээр нь шуурхай арга хэмжээ аван ажиллаж, МХЕГ-аас мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж буй юм байна.

Тус компани цианид ашиглан нуруулдан уусгах технологиор алт олборлодог бөгөөд хуримтлагдсан үерийн усыг хөрсөнд шингээхгүй байх арга хэмжээ авч, насосоор соруулан бусад үүр руу шилжүүлэх ажил хийж байгаа аж. Компанийн олборлолтын үйл ажиллагааг  түр зогсоож, ус хөрс, уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгсөн байгаа аж. Улмаар тогтсон усыг соруулсан байна.

Шинжилгээний хариу энэ долоо хоногт гарах юм байна. Хариугаар цианит алдагдсан эсэх нь тодорхой болно. Хэрвээ цианит алдагдаж, хөрсөнд нэвчсэн бол хөрсийг хуулах ажиллагаа хийгдэнэ гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Урьдчилсан байдлаар, тус компани нь ТЭЗҮ-д тусгагдсан үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан байгуулаагүйгээс тухайн нөхцөл байдал үүссэн. Улмаар нуруулдан уусгах 2, 14, 15 дугаар үүрийн овоолгод хагарал үүсэж нуралт, гулсалт болох эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019 оны нэгдүгээр сард уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлсэн байна.

Тус зөвлөмжийн 9 дүгээр заалтад “Хур тунадас ихтэй газрын уулын овоолгуудад зуны улиралд суулт гулсалт гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, болзошгүй үер, усны аюул бүхий уурхайд хаалт, хамгаалалтын арга хэмжээг урьдчилан хийж, үерийн уснаас хамгаалах суваг, далан хаалт байгуулах, үерийн урсгалыг уурхайд нэвтрүүлэхгүй арга хэмжээг авах” тухай тодорхой заажээ.

Завхан Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанид 2019 оны гуравдугаар сард хийсэн хяналт шалгалтаар тодорхой зөрчлүүд илрүүлж, Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч “Баян Айраг Эксплорэйшн” компаниас албан шаардлагын хариу ирүүлээгүй, үр дүнд хүрсэн ажил зохион байгуулж ажиллаагүй байна.

Өмнө ч “Баян Айраг Эксплорэйшн” компанийнхан нэг бус удаа цианит алдаж, байгаль орчинд хохирол учруулж байсан юм. Тиймээс энэ удаад ч мөн сонор сэрэмж алдав уу.

Үерийн улмаас байгаль орчинд учруулсан байж болзошгүй хохирлын хэмжээг тооцох, хөрсөнд алдагдсан байж болзошгүй химийн бодисыг саармагжуулах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж буй бөгөөд цианидын агуулахыг лацдаж, Зөрчлийн хуулийн дагуу аймгийн Прокурорын зөвшөөрлөөр Улсын байцаагчийн актаар зөрчлийг арилгах хүртэл арга хэмжээ авахаар болсон байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаас ч анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.

Ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллах шаардлагатай байгааг Онцгой байдлын албаныхан анхааруулж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-06-18 01:11:01
    Завхан аймгийн Дөрвөлжин суманд байрлах "Баян айраг" ХХК -ийн алтаны уурхайн цианид ачиж явсан машин дөрвөлжин суманд унаж байсан. тэр явдал таг чимээгүйл өнг...
    183.177.98.182
    Мэдэгдсэн Хариулах