Дэлхийн нүүдэлчдийн V наадмыг Монгол Улсад зохион байгуулна

Ерөнхийлөгч Х.Баттулгын Киргиз Улс дахь албан ёсны айлчлал үргэлжилж байна.  Тэрээр өнгөрсөн лхагва гаригт  Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтай албан ёсны хэлэлцээ хийсэн.  Түүнчлэн Киргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ажиллагаанд оролцсон юм. 2017 онд Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын тогтоол гарсан байдаг.  Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьж, ийнхүү нээлтээ хийсэн байна.   Харин тус улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтай хийсэн албан ёсны хэлэлцээрийн тухайд терроризмтой тэмцэх, цэргийн салбарт хамтран ажиллах, боловсрол, аялал жуулчлал,  худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай гэрээ, хэлэлцээнд гарын үсэг зурсан байна.

Харин өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад тус улсын  Ерөнхий сайд М.Д.Абылгазиев бараалхлаа. Тэд Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгох талаар ярилцаж, ирэх намар Ерөнхий сайд М.Д.Абылгазие Монгол Улсад айлчлахаар тохирчээ.  Мөн  Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн дэлхийн нүүдэлчдийн V наадмыг Монгол Улсад зохион байгуулах саналыг хүлээн авсан байна.

Мөн тус улс жилд таван сая орчим жуулчин хүлээн авдаг тул энэ талын туршлагаа харилцан солилцох, Монгол Улсаас мах импортлох, Монгол Улсад жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн экспортлох зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж тодорхой шийдлүүдэд хүрсэн байна.

Харин өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар үргэлжлэнэ.  Тус өчигдрийн байдлаар уулзалтыг сурвалжлахаар 500 гаруй сэтгүүлч Киргизэд хүрэлцэн иржээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын дарга Ши Жинпиний Киргизэд хийх төрийн айлчлал, Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендро Моди нарын албан ёсны айлчлал болно. Уулзалтаар ШХАБ-ын банк байгуулах, байгаль орчин, эдийн засгийн 20 гаруй асуудлыг хэлэлцэнэ.  Аюулгүй байдлыг Киргизийн Дотоодыг хамгаалах хүчний 5000 ажилтан хангаж ажиллана.  ШХАБ-ын бүрэлдэхүүнд ОХУ, Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Пакистан, Тажикистан, Узбекистан улсууд багтдаг. Харин Афганистан, Беларусь, Иран, Монгол ажиглагчаар оролцдог билээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Сайхан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.