''Эрх мэдэлтэнд үйлчилдэг цэцтэй байсан цагт Үндсэн хуулиа өөрчлөөд нэмэргүй''

Монголын Хуульчдын холбооноос Хуульчдын форумыг “Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо” сэдвийн хүрээнд гурав дахь жилдээ зохион байгууллаа.  Энэ үеэр хуульчдын нийгэмд хүлээх үүрэг хариуцлага, хувь нэмрийг дээшлүүлэх боломж, цаашдын чиг хандлагыг хэлэлцэхийн зэрэгцээ хуульчдын мэргэжлийн ур чадварыг дэмжих, нийгэмд тулгамдаж буй асуудлуудаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлдэг онцлогтой. Энэ удаагийн форум Эрхзүйн шинэчлэл ба хуульчийн бие даасан, хараат бус байдал нэгдсэн хуралдаанаас гадна арав гаруй  салбар хуралдаанаар үргэлжиллээ. Тухайлбал, Авлигын хэргийг хянан шийдвэрлэхэд хуульчдын хараат бус байдлыг хамгаалах, Төрийн өмчийн удидлага, хувьчлал засаглал, эрхзүйн зохцуулалт, Хүүхдийн эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал, “Шүүгчийн томилгоо” зэрэг салбар хуралдаанд мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонсч,гарц гаргалгааг ярилцлаа. Салбар хуралдааны сэдвүүдийн хүрээнд өрнөх хэлэлцүүлгүүд  оновчтой эрх зүйн зохицуулалтуудыг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэж буйг оролцогчид онцолж байв. Хуульчдын индэр болдог энэхүү форумд 400 гаруй хуульч хүндэт зочдоос гадна УИХ-ын гишүүд, Элчин сайдын яамдын төлөөлөл оролцож санал бодлоо хуваалцлаа. Хуульчдын форумын гол сэдэв болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар зарим төлөөллийн байр суурийг хүргэе.
 

Хуульзүйн ухааны доктор Т.Мэндсайхан: Үндсэн хуулийн цэц мэргэжлийн түвшинд ажиллаж чаддаггүй 


-Одоогийн Үндсэн хууль  муу хууль биш. Гол нь хуулиа хэрэгжүүлэхгүй байна. Үндсэн хуулийн цэц маш муу ажиллаж байна. Үндсэн хуулийг өөрчлөхөөр бол хамгийн түрүүнд энэ хуулийг хамгаалах үүрэгтэй цэцийн асуудлыг нухацтай ярих хэрэгтэй. Үндсэн хуулийн цэц улс төрөөс хараат бус, мэргэжлийн түвшинд ажиллаж чаддаггүй. Үндсэн хуулийн хэрэглээг янз бүрээр тайлбарладаг. Жишээлбэл, Үндсэн хуулийн 52.2-т шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулах холбоотой заалтыг цэц огт өөрөөр тайлбарладаг. Жирийн иргэд шүүгчтэй хамт хэрэг шийдвэрлэж болохоор заалтыг эсрэгээр нь ашигладаг цэц ажиллаж байхад хэчнээн сайхан хууль гаргаад нэмэргүй. Цэцийн гишүүн мэргэшсэн хүн байх ёстой. Мөн олон дахин томилох хэрэггүй. Дахиж сонгогдох боломжгүй хүн хараат бус ажиллаж чадна. Маргаан гарахад эрх мэдэлтэй, эрх барьж байгаа намд ашигтайгаар шийддэг энэ байдал хэвээрээ байвал Үндсэн хууль өөрчлөөд нэмэргүй. Үндсэн хуулийн цэц эхлээд холимог тогтолцоогоор сонгууль явуулж болно гэсэн. Гэтэл яг сонгуулийн өмнө болохгүй гэж шийдсэн нь улс төрийн дарамтанд ажилладгийг нь харуулсан. Үндсэн хуулийг өөрчлөхдөө цэцийн томилгооны заалтуудыг илүү тодорхой болгох хэрэгтэй. Шүүн таслах ажиллагаанд иргэдийг оролцуулдаг ойлголтыг тодотгомоор байна.
 

Хуульч Н.Туяа: Ард түмэнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар өнцгөөс нь танилцуулж байгаа нь чухал

-Үндсэн хуулийн өөрчлөлт бол хүн бүхэн сэтгэлээ чилээж, саналаа хэлэхийг хүсч байгаа сэдэв. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь цаг үеийн шаардлага байж болох ч хэрхэн өөрчлөх вэ гэдгийг маш сайн бодож тунгаах ёстой. Улс орны эрхзүй, нийгмийн тогтолцоог зохицуулдаг бүхний эх сурвалж болсон эцэг хуульд гар хүрэхдээ хянамгай хандах хэрэгтэй. Улс орон ямар замаар хэрхэн хөгжих, ямар шүүх прокурортой байх, засаг захиргааны нэгжийг Үндсэн хуулиар зохицуулж байгаа учраас нэмэлт өөрлөлт оруулахдаа олон талаас нь хэлэлцэж, болгоомжтой хандах учиртай. Ард түмнээр хэлэлцүүлэх нь зөв. Гэхдээ ард түмэнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар өнцгөөс нь танилцуулж байгаа нь чухал. Улс төрийн намуудын янз бүрийн эрх ашгийн үүднээс танилцуулж дэмжүүлэх юм бол хэрэггүй. Олон талаас нь судалж, шинжилж мэргэжлийн үүднээс олон нийтэд зөв мэдээлэл өгөхийн тулд хуульчдын үүрэг, хариуцлагатай байх ёстой. Хууль болоод эрхзүйт тогтолцооны амин сүнс нь шударга ёс, эрх мэдэл хуваарилах зарчим байдаг. Эрх мэдлийн зарчим алдагдсанаас янз бүрийн гажуудал үүсч байна. Эрх мэдлээ зөв хуваарилах л чухал юм. УИХ, Засгийн газрын харилцаа ямар байх, “давхар дээл”-ний асуудал хүндрэлтэй санагддаг.

Хуульч Ж.Эрдэнэбаатар: Үндсэн хууль боловсруулах технологи хуулийн дагуу явагдахгүй байна

-Үндсэн хуульд тодорхой хэмжээний өөрчлөлтийг хийх шаардлага бий. Гэвч Их хурал дээр одоогийн хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн хувьд цаг хугацаа, боловсруулж байгаа технологи учир дутагдалтай. Нэгдүгээрт, нэг нам дангаар парламентад 65 суудалтай нөхцөлд сөрөг хүчин, бусад намуудын дуу хоолойг сонсохгүйгээр хүчээр батлуулж болохгүй. Улс орны хөгжлийн тулгуур болсон хуулийг цаг хугацаа шахаж хүчээр батлуулах ёсгүй. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг өөрчлөхөд Ерөнхийлөгчийн саналыг аваагүй. Хамгийн чухал нь ард түмний саналыг сонсох ёстой. Зөвхөн УИХ, намын бүлгээс томилогдсон ажлын хэсгийн гишүүдийн санал, үзэмжээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь маш их хор нөлөөтэй, цаашлаад энэ байдлаар хөнгөн хуумгай шийдвэр гаргах боломжгүй юм. Хууль боловсруулах технологи хууль журмын дагуу явагдахгүй байна гэж үзэж байгаа. Ард түмнээс санал асууж, Ерөнхийлөгчийн институци бусад нам бүлэгтэй зөвшилцөх зайлшгүй шаардлагатай. Энэ янзаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрх баригч нам хугацаа давчуу, хүч түрэн батлах юм бол улс оронд маш их хор хөнөөлтэй.

Хуульч Л.Баярт: Үндсэн хуулийг ард түмнээр хэлэлцүүлэх нь зөв

 

-Одоогийн Үндсэн хуулийг ардчиллыг дэмжсэн хэтэрхий чөлөөтэй, хуучирсан, анхны Үндсэн хуулийн зарчим агуулгыг зөрчиж байна гэж үзэж байх шиг байна.

Уг нь Үндсэн хуульд тэр бүр гар хүрэх шаардлагагүй. Үндсэн хуулийг ард түмнээр хэлэлцүүлэх нь зөв. Түүнээс нэг нам юм уу хуульчдын хүрээнд асуудлыг шийдвэрлэвэл иргэдийн эрх зөрчигдөнө. Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг улсын орныг бүхэлд нь хамарсан өргөн хүрээний асуудал.

Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөхдөө ард түмнээр хэлэлцүүлэх нь зүйтэй. Нийгмийн урсгалын дагуу эрх мэдлийн хуваарилалт яригдаж байгаа болохоос одоогийн Үндсэн хуульд эрх мэдлийн хуваарилалт тодорхой хэмжээнд байгаа.

Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд хэтэрхий улстөржиж байна. Сайн нягталж, хянамгай хандаж, зарчим үндсэн чиглэлд нийцүүлэхгүйгээр  улс төрчид эрх мэдлээ хамгаалахын тулд Үндсэн хуулийг өөрчлөх хэрэггүй.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.