Ж.Хажидсүрэн: Бидний маш сайн эзэмшсэн нэг л чадвар ирээдүйд улсын минь хөгжлийн эх үндэс болно
Монголчуудыг Хөххотод аялал зугаалгаар болон ажлаар очихоор хөтөч хийж өгдөг нэг оюутан охинтой танилцсан билээ. Монголоос тэнд суралцаж байгаа өчнөөн олон  оюутан дундаас ажил мэргэжлээрээ ялгарч чаддаг Ж.Хажидсүрэнтэй ярилцахад их аятайхан санагдаж байсан юм. Түүний хувьд мэргэшил дээшлүүлж хөдөө аж ахуйн чиглэлээр магистр сурч байгаа нэгэн билээ. Залуу хүүхэд гэхэд нямбай, чамбай, буурьтай суурьтай, мэдлэг мэдээллийн төлөө хичээж мэрийж байгаа нь илт. Залуу хүний хувьд алсын бодол, холын зорилго, хүсэл мөрөөдөл түүнтэй ийнхүү ярилцлаа.

-Өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байна уу? Намайг Жамсранжавын Хажидсүрэн гэдэг.

-Хөх хотод ямар чиглэлээр сурч байгаа билээ, мэргэжил нь?

-ӨМӨЗО-ны Тариалангийн их сургуулийн Ойн сургуульд Ойн менежментийн чиглэлээр суралцаж буй судлаач оюутан.

-Монголд ямар мэргэжлээр сурч төгссөн билээ. Эх нутаг, эжий ааваа санаж байна уу?

-Би Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро-Экологийн сургуулийг  Ой инженер мэргэжлээр дүүргэсэн. Миний төрсөн нутаг бол Баянхонгор аймгийн Гурванбулаг сум. Мэдээж ар гэрээ, аав ээжээ саналгүй яах вэ. Би өөрөө их нутаг амьтай хүн болоод ч тэр үү, эсвэл багаасаа өссөн болохоор ч юм уу төрсөн нутгаа маш их санаж бас өдөр бүр бодож явдаг. Заримдаа нутгаа зүүдлээд нойроо харамлан сэрэх үе байдаг. Аав ээжтэйгээ өдөр бүр холбоотой байдаг болохоор тийм ч их санах нь бага байдаг юм шиг ээ.

-Хэзээ Монголдоо ирэх бэ?

-Нэг жилийн дараа очно.

-Манай хүүхдүүд урд буюу Хятадад мэргэжил дээшлүүлж сурдаг болжээ. Үүнийг юу гэж боддог вэ?

-Тиймээ, сүүлийн жилүүдэд маш их нэмэгдэж байгаа. Бас дан ганц сурах гэж биш ажиллах зорилгоор ирдэг залуучууд олон байдаг юм билээ. Ерөнхийдөө энд сурч байгаа оюутнуудыг харж байхад заримынх нь хувьд зөв, заримынх нь хувьд буруу юм шиг санагддаг. Гэхдээ энэ бол хувь хүмүүсийн хувийн зохион байгуулалт болон ухамсартай холбоотой. Мэдээж ирсэн хүн бүр өөр өөрийн гэсэн зорилго, хүсэл мөрөөдөлтэй түүний төлөө сурахад маш их хичээл зүтгэл гаргаж байгаа.

Тиймээс өөрийнхөө амин бодлоор тэдгээр оюутнуудыг тийм ийм гэж дүгнэн ярих нь буруу гэж бодож байна. Энд ирсэн хүн бүрээс маш их тэвчээр хатуужил нөр их хөдөлмөр шаардагддаг. Үнэхээр сурах чин хүсэл эрмэлзэлтэй өөрийгөө дайчлан суралцаж байгаа оюутнууд маш олон байдаг. Мөн энд сурч байгаа оюутнууд ихэнх нь Монголд огт байхгүй зарим нэг мэргэжлээр  мэргэжил дээшлүүлж суралцдаг юм билээ. Тэгэхээр эндээс бид одоо суралцаж байгаа мэргэжлээрээ маш сайн мэргэшсэн боловсон хүчин болоод эх орондоо буцах нь хамгийн чухал гэж бодож байна.



-Газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлээр Монголдоо юу хийнэ гэж боддог вэ?

Мэдээж эзэмшсэн мэргэжил маань хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжил байгаа. Сүүлийн жилүүдэд өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийн үнэ цэнийг мэдэрч ойлгосон болоод ч тэрүү эсвэл газар тариалан эрхэлдэг олон жилийн туршлагатай, бүтээгч үйлдвэрлэгч оронд суралцаж байгаа болоод ч тэр үү ер нь маш олон зүйлийг хийж хэрэгжүүлнэ гэж зорьж бодож явдаг. Ингэхийн тулд эхлээд өөрийн эзэмшсэн мэргэжлээр мэргэшсэн мэргэжилтэн болж өөрийгөө бэлтгэх чухал үүрэг миний өмнө гарч ирж байна. Одоогоор энэ үүргээ ухамсарлаж сурах хүслээр жигүүрлэн явна. Анх энд ирээд ойлгосон зүйл маань би оюутны  4 жилийн тэр цаг хугацааг хий урсгаж үр дүнгүй өнгөрүүлснээ ухаарсан. Хүн ямар нэгэн зүйлийг сурахаар эхэлсэн л бол түүний төлөө тууштай мэрийж, цаг гаргаж уншиж, судалж, сууж сурах хэрэгтэй юм билээ. Тэгж байж л улс орны жинхэнэ боловсон хүчин болж чадна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрсэн. Газар тариалангийн ажил бол ярихад биш хөдөлмөрийн хүчээр бий болдог учир хэний ч нүдний өмнө тухайн тариаланд ажил эрхэлж байгаа хүмүүсийн хэрхэн ажиллаж байгаа нь шууд мэдрэгддэг онцлогтой. Тиймээс хийнэ бүтээнэ гэж ярихаас илүү эхлээд өөрийгөө маш сайн бэлдэж, бага багаар урагшилж бодитоор хөдөлмөрлөх нь чухал гэж бодож байна.




-Алс холын хэтийн зорилго юу байна?

-Залуу хүний мөрөөдөл хязгааргүй. Өдөр бүр толгойд минь шинэ бодол шинэ санаа эргэлдэж байдаг. Бас өдөр бүр харилцаж буй хүмүүс, очиж үзэж буй газар бүрээс шалтгаалж олон зүйлийг таньж мэдэж бага ч болов туршлага өөртөө хуримтлуулж байна. Энэ маань ирээдүйд хийх бүтээх зүйлд маань маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж боддог. Би анх бага сургуульд орсон тэр үеэс эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй суралцаж байна. Энэ хугацаанд ямар ч хүнд байх ёстой боловсролоос илүү үнэ цэнэтэй зүйл бол ёс суртахуун гэдгийг ойлгож ухаарсан. Тиймч учраас бүх амьдралдаа зөв ёс суртахуунтай хүн болох гэсэн сэтгэлээр   хандаж, түүнийхээ төлөө өөрийгөө зөв удирдан чиглүүлэхийг зорьж явдаг. Мөн миний гишгэсэн газар бүрд дүү нар болон ирээдүйн үр удам маань алхах учир үг, үйлдлээ нэг байлгаж зөв зүйлийг хийж бүтээнэ гэсэн тасралтгүй, туйлын зорилготой байдаг.

-Ер нь залуусын мэдлэг болоод боловсролын талаар залуу хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Ямар нэгэн зүйлийг сурч мэдэхийн хэрээр мэдлэг чадвар улам бүр нэмэгдэж, түүний хэрээр тухайн хүний нийгэмд үнэлэгдэж эзлэх байр суурь нь баталгааждаг болов уу. Тиймээс залуу хүн бүр ямар нэгэн зүйлийг сурахын тулд өөрөөсөө цаг бүү харамлаасай. Харин ч сурахын төлөө уйгагүй хичээл зүтгэл гаргаж, түүнийгээ өөрийн болгож мэргэших нь чухал гэдгийг ухамсарлаасай. Чиний маш сайн эзэмшсэн нэг л зүйл ирээдүйд эх орны хөгжлийн эх үндэс болно гэдгийг үргэлж санаж, одоо сурч магадгүй сонирхож байгаа зүйлийнхээ талаар илүү их судалж, илүү олон зүйлийг мэдэж таньж, бусдадаа зааж сургах нь маш чухал гэдгийг үе тэнгийнхэндээ болон хойч үеийн дүү нартаа дахин дахин сануулахыг хүсэж байна.

Бакалаврын 4 жил сурчихаад өөрийгөө улс оронд хэрэгтэй мэргэшсэн боловсон хүчин болчихлоо гэж бүү андуураарай. Яг үнэндээ ажлын байранд гарахад мэргэжлийн маш олон ур чадварууд дутагддаг. Тиймээс тасралтгүй өөрийнхөө мэргэжлийн чиглэлээр сурч, бусдаас суралцаж байх нь маш чухал юм. Манайхан ярьдагдаа хүн бүр олон талын мэдлэг чадвартай байх ёстой гэж. Яг үнэндээ хүн олон зүйлийг мэддэг чаддаг байх нь сайн боловч тэр бүгдийг яг ижил хэмжээнд төгс мэргэшилтлээ эзэмшиж, өөрийн болгож чадаж байна уу гэдэг асуудлыг хойш тавиад байгаа юм шиг санагддаг. Бусад улс орны оюутан, залуусыг харж байхад тэр хүн заавал олон талын зүйлийг мэдэх албагүй ч өөрийнхөө хамгийн дуртай эсвэл сонирхдог зүйлийнхээ талаар тасралтгүй судалж гүнзгийрүүлэн таньж мэдэж өөрийн болгож байгаа нь маш их сонирхол татсан.   Тиймээс олон зүйлрүү тэмүүлж тэдгээрийг чанар муутай эзэмшсэн мэргэжилтэн байснаас нэг л зүйлийг гаргууд сайн мэддэг мэргэжилдээ төгс мэргэшсэн боловсон хүчнийг олноор бэлтгэх нь улс орны одоо, ирээдүйн хөгжилд хамгийн чухал анхаарах ёстой зүйл болоод  байна.

-Монголд ажиллаж, амьдрахад нөхцөл боломж хэр гэж хардаг вэ?

-Монголд амьдрах боломж байгаа гэж харж байгаа. Гэхдээ хотод биш хөдөө орон нутагт боломж маш их байна. Орчин үед хүмүүс хотын түгжрэл утаанаас болж эстрестэж бас эрүүл мэндээрээ маш их хохирч байна. Мэдээж хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэвч энэ эрх нь хотод амьдардаг бидний хувьд зөрчигдсөөр л. Утаа хэмээх аюулын манангаас болж өвөлжин л ханиасан найтаасан, уурлаж бухимдсан хүмүүс энд тэнд үүнийг яах вэ гээд л явж байдаг боловч улирал солигдох үед бүгд мартдаг. Манайхан нүүдлийн соёл иргэншлээс суурьшмал соёл иргэншилрүү алхам алхмаар магадгүй маш хурдацтай шилжиж байна гэж харж байгаа. Тиймээс энэ суурьшмал амьдралд хэрхэн шилжхийн хамт ямар гэр, орон сууцанд амьдрах вэ гэдэг зүйл хамгийн чухал асуудал болоод байна. Мөн бүх хот, аймгийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажил суурьшмал амьдралд маш чухал үүрэгтэй. Өдөр ирэх тусам хүн ам маань нэмэгдэж, тэр хэмжээгээр төв суурин газар байрших сонирхолтой айл өрхийн тоо хэд дахин илүү нэмэгдсээр л. Хэн ч байсан тохилог аюулгүй амар тайван орчинд амьдрахыг хүсдэг.

Тиймээс хамгийн түрүүнд шийдэх ёстой зүйл бол шинэ хот төлөвлөлтийн асуудал юм. Зүгээр нэг хэдэн давхар байр бариад орхидог биш хамтад нь ногоон байгууламжаа шийдэж хүмүүсийн ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн орон сууц хорооллуудыг улсын бодлогоор барьж байгуулаасай гэж хүсдэг. Худалдан авч байгаа иргэд маань ч гэсэн энэ шаардлагыг тухайн барьж байгаа кампаниудад тавьж худалдаж авдаг болох хэрэгтэй. Ингэж чадвал бид эрүүл орчинд, байгальдаа ч ээлтэй амьдарч чадна шүү дээ. Мөн иргэдийн маань хандлага ч орчин нөхцөлөө дагаад эерэгээр өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Хотын төвийн жаахан газарт олон давхар байр баридаг биш зүлэг, мод таридаг болчихвол маш их баярлана.



-Манай монголчуудын давуу болон сул тал юу гэж хардаг вэ?

-Бид нараас авах зүйл бол маш сайн аж ахуйч хүмүүс. Нэг хийнэ бүтээнэ гээд зүтгэвэл эцсийг нь үзтэлээ хойшоо болохгүй хөдөлмөрч хүмүүс гэж боддог. Ямар нэгэн зүйлийг хийхдээ ямарч алдаагүй, дахин хийх шаардлагагүйгээр хийх гээд байдаг сэтгэлгээтэй хүмүүс. Заримдаа яг 4 улирал шигээ зан араншинтай болчихдог. Сүүлийн үед бид хэт тааваараа байх хандлагад автаад байна уу эсвэл угаасаа ийм тааваараа байх дуртай хүмүүс юмуу. Заавал улс төрд сонгогдож гарсан хүмүүс улс орныг хөгжүүлэх ёстой гэж өөрөөсөө энэ улсын иргэн хүнийхээ үүргийг холдуулж бусдад наагаад байгаа юм шиг санагддаг. Яг үнэндээ ямарч улс орон хөгжихөд иргэн бүрийн санаачлага, оролцоо  хамгийн чухал үүрэгтэй. Нэг нь шинэ санаачлага гаргаад бүтээх гээд зүтгэж байхад нөгөө хэсэг нь яагаад дэмжиж болдоггүй юм бэ.

Уг нь нэг нэгнээ дэмжээд хамтдаа бүтээвэл бидний хийж чадах зүйл маш их байгаа гэдэгт би итгэдэг. Хийхээсээ илүү ярих нь маш их. Яриаг нь сонсохоор агуу юм хийж бүтээсэн эсвэл их зүйлийг ирээдүйд хийчхээр сайхан зүйлсийг ярьдаг боловч цаг хугацаа өнгөрөхөд яг л нөгөө ярьдаг хэвээрээ л байгаад байдаг хийсэн ажил байхгүй байгаа нь огт таалагддаггүй. Бидэнд нэг муухай зан байгаа. Тэр нь өөрийн бурууг бусдад дохож өөрөө нэр цэвэр үлддэг тогтолцоо нийгмийн аль ч давхаргад байгаа. Энэ муухай занг үндсээр нь авч хаях хэрэгтэй. Бид бусад орны хүмүүсийг бодвол өдөр шөнөгүй уйгагүй хөдөлмөрлөдөг хүмүүс гэхдээ яагаад улсын хөгжил нөгөө л нэг хэвэндээ байгаад байдгийг би ойлгодоггүй. Мэдээж улс орны хөгжилд хүн амын өсөлт чухал боловч улс оронд бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэж байгаа хувь хүний ухамсар, байгууллагын дотоод зохион байгуулалт хамгийн чухал юм. Жишээ нь дотооддоо зам барихдаа өөртөө мөнгө санхүү талаас ашигтай биш, ирээдүйд хэр удаан хугацаанд хэрэглэгдэх вэ гэдгийг нарын тооцоолж бат бөх чанартай өргөн зам барьж чадаж байвал ирээдүйд гарах зарлагаа хэдэн хувиар бууруулж чадна шүү дээ.

Түүнээс биш нэг чанаргүй зам барьчхаад жил бүр хэдэн зуун саяар засвар хийгээд өөртөө ч улс эх оронд ч хохирол учруулаад явахыг хэнч хүсэхгүй. Тиймээс бүтээн байгуулалт хийхдээ өнөө маргаашийг харж биш алс ирээдүйг бодож хүн бүр сэтгэл гаргаж хөдөлмөрлөж чадвал улсын хөгжил алхам алхмаар урагшилна гэдэгт итгэлтэй байна. Эх оронд маань үнэнч шударга, шаргуу хөдөлмөрч хүмүүс маш их хэрэгтэй байна.

Үүнийг эх орны эзэд болох бид л эхлүүлэх хэрэгтэй. Хэдий болтол өөрсдийн улс орныг бусдынх юм шиг бусад хөгжүүлэх ёстой юм шиг харж суух билээ. Чадах, чадахгүйдээ биш бид нэг л зүйл хийнэ гэвэл хийж чаддаг хүмүүс. Тиймээс тааваараа байх хандлагаасаа салж хөдөлмөрлөх бүтээх хандлагыг дадал болговоос бидний эх орны бүтээн байгуулалт тун удахгүй хурдацтай хөгжинө гэдэгт итгэж байна.

-Монголчууд Хятадаас бараа бүтээгдэхүүнээ оруулж ирдэг. Гэтэл хятад хүнс бол хүнс биш гэсэн хэрнээ хэрэглэдэг?

-Хятад улс өөрөө үйлдвэрлэгч орон. Тиймээс дан ганц Монгол гэлтгүй дэлхийн маш олон орны хүмүүс эндээс бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдаж авдаг. Манайхан хүнсний ногоо болон жимс жимсгэнийнхээ ихэнхийг нь эндээс импортлож оруулдаг гэж сонссон. Мэдээж гадны улсаас оруулж байгаа учир хүнс болон бараан бүтээгдэхүүний чанар хамгийн чухал. Үүнээс гадна тээвэрлэлтийн хугацаа чухал байх. Бидний дунд олонх яригддаг зүйл бол хятад бараа чанаргүй, хүнс нь муудсан орж ирдэг гэсэн яриа байдаг. Тэгвэл тухайн бараа бүтээгдэхүүнийг эндээс худалдан авч хэрэглэгчдэд хүргэж буй хүмүүсийн дотоод ухамсрын асуудал маш чухал байна. Учир нь тухайн хүн өөрөө явж, өөрийн орны ард иргэдэд худалдах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ өөрөө сонгодог.

Тиймээс эндээс очиж буй барааг хөндлөнгийн хүн биш манай улсын иргэн өөрөө сонгож байна. Гэтэл тэр хүн өөрөө бараа бүтээгдэхүүний чанарт бус мөнгөнд гол анхаарлаа хандуулаад байх шиг санагддаг. Тиймээс нэг гутал эндээс аваад Монголд хэн нэгэнд зарлаа гэж бодоход тухайн хүнийхээ ирээдүйн эрүүл мэндэд гарах эрсдэл, өмсөхөд тухтай байдал зэргийг нарын тооцоолж хэт өндөр нугалсан үнээр биш хэн хэнийхээ боломжийг дундажлан тогтоож арай илүү өөриймсөг сэтгэлээр хандаж, бусдад худалдаасай гэж хүсдэг. Хүнсний ногоо авлаа гэхэд замд тээвэрлэгдэх хугацаа, очоод хэр хурдан хугацаанд түгээх вэ гэдгийг нарийн тооцоолж эндээс авдаг байх хэрэгтэй.

Бидний өнөөдрийн олж байгаа мөнгө, өнөөдөр л бидний амьдралд хэрэг болж байгаа юм шиг боловч алс ирээдүйд улс үндэсний өмнө ямар том эрсдэл бий болгохыг бид хэлж мэдэхгүй шүү дэ. Иймээс Монгол хүн бүр одооноос л нэг нэгнээ хайрлаж, нэгнийхээ төлөө жааханч гэсэн сэтгэл гаргах зайлшгүй хэрэгтэй байна. Ингэж өөрчлөгдөхийг бид өөрсдөө маш ихээр хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Залуу хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй байх?

-Мөрөөдөлд хязгаар гэж огт байдаггүй байхаа. Намайг бага байхад лекц уншдаг хүмүүс сайн сайхан зүйл бод, нүдэндээ харагдтал мөрөөд гэдэг байсан. Гэхдээ нэгэн ч мөрөөдлөө биелүүлэхэд маш их цаг, тэсвэр тэвчээр, бодит хөдөлмөр чухал үүрэгтэй байдаг гэдгийг хэлж өгч байгаагүй. Үүнд нь гомддог. Ххэ. Яг бодит амьдрал дээр бодох, хөдөлмөрлөх хоёр 2 өөр зүйл болохыг ухаарсан. Одоо байгаа бүхэн минь миний мөрөөдлийн нэгэн томоохон төлөөлөл. Тийм учраас мөрөөдөл бүрээ алхам алхмаар, нэг нэгээр биелүүлж бодит болгохын төлөө хичээж явна. Мөрөөдлөө дэвтэртээ бичээд түүнийгээ өдөр бүр өөртөө сануулах хэрэгтэй тэгэхгүй бол мартагдаад биелэхгүй үлдчихдэг юм билээ. Мөрөөдөл бол хувь хүн өөрийгөө нээж хөгжүүлэх гол хүчин зүйл юм. Мөрөөдөл нь тасралтгүй үргэлжилж байгаа хүний,  хүрэх амжилтын оргил яг түүн шигээ өндөр бас олон байдаг болов уу. Тиймээс мөрөөд, мөрөөдөл бүрийнхээ хэмжээгээр тасралтгүй хөдөлмөрлө гэж Монгол хүн бүрд зориулж хэлмээр байна.

-Ер нь урд сургуульд сурахад амархан уу, хэцүү юу. Юу гэж боддог вэ?

-Надад бол хэцүү санагддаг. Ер нь ямар нэгэн зүйлийг төрөлх хэлээрээ сурах шиг сайхан зүйл хаана ч байхгүй. Монголд сурч байхдаа багш нарын өгч байгаа бие даалт, араас байнга тийм ийм зүйлээ цаг хугацаанд нь хийгээрэй гэж хэлэхэд нь их л дургүйцдэг байсан. Одоо л тэр хүмүүс оюутнуудынхаа төлөө ямар их цаг гаргаж, юм зааж сургахын тулд ямар агуу сэтгэл гаргаж байсныг ойлгож байна. Магистрт суралцаж буй энэ 2 жил бие даан аливаа зүйлийг судалж мэдэж авч байна. Түүнээс биш сургуулийн хэн нэгэн багш чи энийг заавал уншиж сурах хэрэгтэй гэсэн зүйлийг манайхан шиг хэлж өгдөггүй. Зөвхөн тухайн оюутан юуг сурч мэдэхийг хүсэж байна түүнийгээ өөрөө олж мэдэж авах үүрэгтэй байдаг. Энэ нь ч зөв гэж боддог. Гэхдээ энэ бол зөвхөн гадаад оюутан миний нүдэнд харагдаж байгаа зүйл. Эндхийн оюутнууд өглөө 8 цагаас өдөр 12 цаг хүртэл хичээлтэй, 12-14 цаг хүртэл амраад 14:30-аас эргээд хичээлдээ явдаг. Орой 21 цаг хүртэл хичээлтэй байдаг. Хичээлгүй үедээ сургуулиас гаргаж өгсөн судлаач оюутны тусгай өрөөнд зөвхөн хичээлээ давтаж, өөрийн судалж буй зүйлийнхээ талаар интернетээс мэдээлэл хайж өөрийн мэдлэгээ дээшлүүлдэг. Суралцах хугацаанд оюутныхаа байранд зөвхөн унтаж амрах гэж очдог бол бусад цагт сургууль дээр ирж, судлаач оюутны тэнхим болон номын санд хичээлээ давтаж, түүнийхээ төлөө бүх цаг хөдөлмөрөө зориулдаг. Хөндлөнгөөс харахад тэнэг юм шиг боловч эерэгээр харвал улс орны ирээдүйд хэрэгтэй нэг л зүйлд гарамгай мэргэшсэн боловсон хүчнийг улсын сургууль өөрөө хариуцлагатайгаар бэлтгэхээс гадна тухайн оюутанд өөрөө өөрийгөө ирээдүйд чадварлаг боловсон хүчин болгон бэлтгэх боломжийг олгож байна гэж харж байгаа.  Яг үүн шиг манай улс боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй. Энэ бол улс орны хамгийн нэн тэргүүнд баримтлах зүйл гэж бодож байна.  Мэргэжилдээ мэргэшсэн хүн л улс орны хөгжлийг жинхэнэ урагшлуулагч гол хүч болдог. Түүнээс олон зүйлийг чаддаг мөртлөө ажилдаа дунд зэрэг хийгээд байвал улсын хөгжил аажимдаа удааширч зогсонги байдалд шилждэг юм болов уу?

-Манай оюутнууд хэр байдаг вэ. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ. Хэр гардаг уу чөлөөт цаг?

-Хятад улсад суралцаж байгаа оюутны тоо нэлээд олон. Жил ирэх тусам нэмэгдэж байна. Бараг Хятадын бүх хотод суралцаж байгаа. Томоохон хотуудад Монгол оюутны холбоо, зөвлөл гэж байдаг бөгөөд тухайн хотод суралцаж буй оюутнууд чөлөөт цагаараа тус  байгууллагаар дамжуулан өөрсдөө санаачлан урлаг, спорт, оюуны маш олон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Аав маань анх намайг энд ирэх үед нэгэн зүйлийг аминчлан захиж байсан. Чи энэ улсын хилээр гарсан л бол цаана нь өөр улс орны, өөр өөр үндэстний хүмүүс угтаж авна. Тиймээс чамайг дэлхийн хаана ч явсан Монгол улсын ард иргэд ямар түүх соёл,  зан заншил,  өв уламжлалтай хамгийн гол нь ямар ёс суртахуунтай хүмүүс вэ? гэдгийг ганцхан чамаар л таньж мэдэх учир үг, үйлдлээ ямагт зөв байлгаарай хэмээн хэлж байсан. Үүнийг би өдөр бүр санаж явдаг. Энэ үг миний сэтгэлд гүн шингэж орсон амьдралд маань заавал баримтлах ёстой зүйлсийн нэг болсон. Аливаа зүйлийн саар мууг нь биш сайныг олж хардаг сэтгэлгээ чухал. Тиймээс энд ирээд тухайн оюутан өөрийн биеэ хэрхэн авч явж, улс эх орноо бусад улс орны хүмүүст хэрхэн таниулж ойлгуулах нь тухайн хүний өөрийнх нь ухамсартай шууд холбоотой учраас энд сурч байгаа оюутнууд өөрөө өөрсдийгөө хөндлөнгийн хэн нэгнээр биш зөвхөн хувь хүн өөрөө дүгнэн хараасай гэж хүсэж байна. Яагаад гэвэл энд сурахын хажуугаар Монголд байгаа ар гэрээ авч яваа ухамсартай, зөв ёс суртахуунтай, зорьсон зорилгодоо үнэнч оюутнууд маш олон байдаг.

-Ер нь хятад хэл сурах тал дээр хэр мэдрэмжтэй хүмүүс бэ?

-Манайхан хаана ч ямар ч орны хэлийг хурдан хугацаанд сурчихдаг бусад орны хэлийг сурахдаа гаргууд хүмүүс шүү дээ. Миний бодлоор өөр аль нэг улсын хэлийг сурахын тулд хамгийн түрүүнд өөрийн төрөлх орны хэлээ маш сайн мэддэг байх хэрэгтэй юм билээ. Учир нь би хятад хэл сурах хугацаандаа үүнийг маш сайн ойлгож мэдэрсэн. Аливаа хэлийг сурахад өөрийн төрөлх хэлний шинэ үг, өгүүлбэрийн бүтэц, дүрмээ сайн мэддэг байх хэрэгтэй. Ингэж байж л бусад орны хэлийг маш сайн сурч чадна.

Олон хүмүүс хүүхдэдээ багаас нь гадаад хэл сургаж, гадагш нь явуулж байна. Бага насны хүүхэд гадаад хэлийг ямарч дүрэмгүйгээр автоматаар сурдаг юм шиг санагддаг. Тэд багадаа сурсан хэлээ ирээдүйд хэрэглэхгүй удвал эргэн санахгүйгээр мартдаг гэж сонссон. Тиймээс хүүхдэдээ ирээдүйд гадаад хэл сургая гэж бодож байгаа л бол бүр багаас нь төрөлх хэлнийх нь суурийг маш зөвөөр эзэмшүүлж, шинэ монгол үгээр баялаг яриа хэллэг зааж сургах нь хамгийн чухал. Ингэж чадсан хэн ч байсан аль ч орны хэдэн ч хэлийг амархан сурах боломжтой гэж харж  байна.

Орчин үед гадаад хэлтэй мөртлөө төрөлх хэлээрээ маш муу ярьдаг хүмүүс зөндөө боловч ажил мэргэжил дээр аль ч хэлээ ашиглаж чаддаггүй тохиолдол цөөнгүй байгаа. Иймд хүүхдээ гадаадад хэл сургахаар төлөвлөж байгаа хүмүүс хүүхдийнхээ монгол хэлний мэдлэг чадварыг шалгаж, ирээдүйд эх орондоо эргэн ирж ажиллах боловсон хүчин хэрэгтэйг санан аль аль хэлнийх нь чадварыг маш сайн хөгжүүлэх нь чухал гэдгийг тооцоолж гадны оронд сургадаг байгаасай. Тэгэхгүй бол нэг л гадаад хэлтэй мундаг хүн Монголдоо ирээд ажиллах болсон чинь Монгол хэлний яриа болон бичгийн мэдлэг чадвар муугаас болоод эх орондоо ажиллах боломж багасаад байх шиг санагддаг. Ингээд л манай улс гадаадад мэргэшсэн боловсон хүчнээ, гадны оронд алдаад байгаа нэг шалтгаан болоод байгаа юм болов уу. Гадаад хэлтэй, мэргэжилдээ чадварлаг хэнд ч өндөр цалинтай ажиллах боломж эх оронд маань аль хэдий нь бүрдчихсэн гэж харж байна.

-Залуу хүн мэдлэг мэргэжлээрээ гоёж явах ёстой гэдэгтэй санал нийлдэг үү?

-Санал нийлнэ. Мэргэжилдээ дуртай түүнийхээ төлөө цаг гаргаж хөдөлмөрлөж чаддаг хүн бүр ажилтанд хүрдэг. Бодол биеллээ олдог гэдэг шиг амжилттай яваа хүмүүсийг хараад яг эдгээр хүмүүс шиг болно хэмээн бодож явдаг байсан үе саяхан. Гэвч тэдгээр хүмүүс шиг мэргэжилдээ дуртай бас маш амжилттай байхад, бодохоос илүү бодитоор хөдөлмөрлөх нь ямар чухал үнэ цэнэтэй болохын ухаарсан. Өнөөдөр бидний нүдэнд ардаа ямарч асуудалгүй юм шиг, энэ амьдрал нь дандаа амжилтаар бялхаж явсан юм шиг харагддаг хүмүүсийн жинхэнэ амьдралд ямар их хичээл зүтгэл, тэсвэр хатуужил, уйгүй хөдөлмөр шингэсэн байдгийг хөндлөнгийн бид нар огт мэддэггүй юм билээ.

Тиймээс ажилтанд хүрэхийг хүссэн Монгол хүн бүр  зөв бодлоос эхлэн бодитоор уйгагүй хөдөлмөрлөж түүний үр шимээр өнөөдрийн гоё сайхан зүйлсийг бий болгодог гэдгийг зөвөөр ухамсарлаж, бусдаас зөв үлгэр дуурайлал авч түүнийгээ амьдралдаа бодитоор хэрэгжүүлээсэй. Зөв бодол шинэ  санаачлагын үндэс, шинэ санаачлага бол амжилтын эх үндэс, боловсрол бол амжилтын гүүр, бодит хөдөлмөр бол амжилтын гол хөдөлгөгч хүч мөн.

-Багын хүсэл мөрөөдөл юу байв. Эцэг эхээсээ хэдүүлээ вэ?

-Би 1 ах, эрэгтэй, эмэгтэй 2 дүүтэй. Цаг хугацаа ил бүхнийг далд, далд бүхнийг ил болгодог гэдэг шиг миний багын маш олон мөрөөдөл бодитоор биеллээ олсонч зарим нь тэмдэглэлийн дэвтрийн маань хуудсанд нуугдан үлджээ. Хүний мөрөөдөл хязгааргүй бас тухайн цаг үе, амьдарч буй орчин, хүрээлэн буй хүмүүсийн нөлөөллөөс болоод өөрчлөгддөг юм шиг ээ. Жишээ нь би бага ангидаа багш болохыг мөрөөддөг байсан бол ахлах ангиасаа сэтгүүлч, хуульч болох мөрөөдөлтэй болж монгол хэл, нийгмийн хичээлээ илүү сайн давтдаг байсан. Мөн багаасаа нийгмийн сайн дурын ажилд идэвх санаачилгатай оролцсоор ирсэн. Энэ маань миний хөгжилд маш их нөлөөлсөн гэж боддог.

Баянхонгор аймгийн Эрдэм ахлах сургуульд суралцах хугацаандаа сэтгүүлч болох мөрөөдөлтэй сурагчдыг нэгтгэн анх удаа “Өсвөрийн сэтгүүлч клуб”-ыг байгуулж байсан. Энэ клуб маань өнөөдөр Монгол Улсын өнцөг булан бүрд  байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа нь эргээд бодоход өөрийнхөө мөрөөдөлд хөтлөгдөн санамсаргүй бий болгосон зүйл  маань өнөөдөр болон ирээдүйд маш олон хүүхдийн гэрэлт ирээдүй болж түүчээлж байгаад маш их баярлаж явдаг. Одоо бол өөрөө маш зөв ёс суртахуунтай, зөв хүн болохыг л хүсэж байна. Тэгж байж улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээухамсартайгаар биелүүлж зөв боловсон иргэн хүн болж чадах болов уу.







О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.