Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Өнгөрч байгаа долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе 
 
Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа

 Долоо хоногийн пүрэв  гарагт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан өргөн барилаа. Тэрбээр энэ үеэрээ “Монгол Улс шинэ Үндсэн хуулиар батлаад 27 жил болжээ. Гэхдээ улс орны хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөөгөө хангахын тулд өөрчлөлт хэрэгтэй болжээ. Улс төрийн намын санхүүжилт, ил тод байдал хангалтгүй, байгалийн баялгийн алс хэтрийг харсан бодлого залгамж муутай, улс  төрийн нөлөөллөөс шалтгаалан төрийн тогтвортой байдал алдагдсан, нутгийн удирдлагын тогтолцоо зохих ёсоор хэрэгжээгүй гэж үзэж байна. Үндсэн хууль өөрчлөлт оруулах нийгмийн захиалаг бий болоод байгааг олон нийт хэлж байна. 
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгааг 2016, 2017 онд судаллаа. Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдын саналыг нягтлан тусгасан. Ард иргэдийн төлөөллийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлдэг парламент, тогтвортой Засгийн газар, хараат бусаар шударга шийдвэр гаргах шүүх, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохоор өөрчлөлт орууллаа. Ингэхдээ Үндсэн хуулийн зарчмаа агштал баримталсныг онцлох байна. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг хийснээр Үндсэн хуульд 2000 онд оруулсан өөрчлөлтийг засч, УИХ-ын хариуцлагыг дээшлүүлж, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдал, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангана. Нутгийн удирдлагыг боловсронгуй болгож, сум, дүүргийн Засаг даргыг иргэд өөрсдөө сонгодог болно. УИХ-ын нэр бүхий 63 гишүүн хамтран боловсруулж, өргөн мэдүүлж байна. УИХ-ын дарга аа, эрхэм гишүүд ээ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн шийдвэрлүүлж өгнө үү” гэлээ.
 
Консул Б.Батхишиг жолооч Эрдэнэбилэг нар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдав

ХБНГУ-ын хил дээр манай улсын хоёр дипломатч 70 кг хар тамхи тээвэрлэж явсан нь илэрч, баригдсан ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, Турк улсын Истанбул дахь Ерөнхий консулын газрын дэд консул Б.Батхишиг жолооч Эрдэнэбилэг гэдэг хоёр хүн Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үедээ 70 кг героин буюу мансууруулах бодис тээвэрлэж явсан нь тогтоогдсон аж. Одоогоор энэ асуудалтай холбоотой Германы Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа тухай албаныхан мэдээлж байна. Энэ асуудал Герман улсын хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ. 

Монголын 3х3 сагсанбөмбөгийн 18 хүртэлх насны шигшээ баг хэсгээсээ хоёроор шалгарав

Монгол Улсад анх удаа зохиогдож буй Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд Монголын 3х3 сагсанбөмбөгийн 18 хүртэлх насны шигшээ баг хэсгээсээ хоёроор шалгарч хасагдах шатанд тоглохоор болсон. Монголын баг Латви улсын багийг 20:16 харьцаагаар, дараа нь Беларусь улсын багийг 21:15-аар хожоод байсан бол өчигдөр Гүржийн багийг 18:16 хожсон билээ.
 Хэсгийн сүүлийн тоглолтыг хэсгээ тэргүүлэн нэгээр гарахын төлөө АНУ-ын багтай хийсэн ч харамсалтай нь 21:10 харьцаагаар ялагдал хүлээсэн юм.
 Улмаар хасагдах шатанд “А” хэсгээс нэгээр шалгарсан Турк улсын багтай дөнгөж сая тоглолоо.  Харамсалтай нь Монголын шигшээ баг  Туркийн багт 21:18 харьцаагаар ялагдал хүлээлээ.
 
Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд иргэдийг бүртгэж байна

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 419 км төмөр замын далан барих ажлыг эхлүүлсэн. Иймээс  инженер, техникийн мэргэжилтэй иргэдийг бүртгэж, ажлын байраар хангахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ чиглэлийн мэргэжилтэй иргэд энэ сарын 14-ны хүртэл харъяа аймаг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд очиж бүртгүүлэх юм. 
Дараах мэргэжлийн чиглэлээр иргэдийг бүртгэж байна
Инженерийн мэргэжлээр
-авто замын инженер
-гүүр хоолойн инженер
-тоо хэмжээний инженер
-геодези, хэмжилтийн инженер
-материал, чанарын инженер
-лаборант/хөрсний/
Техникийн мэргэжлээр
-том оврын автомашины жолооч
-бульдозерчин
-автогрейдерчин
-индүүчин, жолооч
-усны машины жолооч
-шанагат ачигчийн жолооч
-өөрөө буулгагчийн жолооч
-трайллерийн жолооч
-кранчин
-экскаваторчин
 

П.АНИР 
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.